Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үзүүлэх зорилгоор аймаг, дүүргүүдэд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэх ажлыг 2007 оноос хэрэгжүүлсэн. Одоогоор 19 аймаг, зургаан дүүрэгт “Нэг цонх”-оор дамжуулж, иргэд, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байгаа.
Төрөөс зохион байгуулж байгаа үйлчилгээний энэхүү дэвшилтэт хэлбэртэй танилцахаар Бутаны Вант Улсын Соёл, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Дашо Пэндэн Ванчук тэргүүтэй албаны төлөөлөгчид манай улсад иржээ. Тэд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжавтай уулзлаа.
ЗГХЭГ-ын дэд дарга уулзалтын үеэр “Манай улс 330 гаруй сумтай. Эдгээр сумдад “Нэг цонхны үйлчилгээ”-г нээх зорилт тавиад ажиллаж байгаа” гэдгийг хэлээд Монгол Улсын Засгийн газар энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч, төрийн захиргааны үйлчилгээний шат дамжлагыг багасгахад анхаарч байгаа гэдгийг онцоллоо.
Бутаны Вант Улсын Соёл, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Дашо Пэндэн Ванчук “Нэг цонхны үйлчилгээ”-г хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцахаар Монгол Улсыг сонгосондоо сэтгэл өндөр байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа танай ажилтнууд өндөр соёлтой, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгаатай бид газар дээр нь танилцлаа. Үйлчилгээ авч байгаа хүмүүс ч сэтгэл хангалуун байна. Монгол орноос авсан туршлагаа эх орондоо хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.