Эзэн Чингис хааны хөшөө цогцолборын өмнүүр татдаг улаан туузыг Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа хамт 2012 оны 08 дугаар сарын 26-ны энэ өдөр хайчиллаа. Ингэснээр иргэд Чингис хааны хөшөө, наадмаар л барааг нь хардаг байсан Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж дэргэд нь зургаа татуулах боломжтой болж байгаа юм.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тууз хайчлахын өмнө “Өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч болж байна” гэдгийг тодотгоод Засгийн газрын анхны хуралдаан өчигдөр болж 10 гаруй асуудал хээлцсэн. Хамгийн эхнийх нь Төрийн ордныг нээлттэй болгох энэ шийдвэр байлаа. Энэ шийдвэрийн дагуу Төрийн ордон түмэн олондоо хаалгаа нээж байна гэдгийг тэмдэглэлээ.
Мөн Монголын Засгийн газар нээлттэй тунгалаг байхын түүчээ нь энэ арга хэмжээ юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод монголчууд бид төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй, түүхээрээ бахархах, омогших хаалгыг энэ өдөр нээж байна гэлээ. Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ хэлж байгаа үг, санал бодол, шүүмжлэлийг сонсон, мөрдөж ажиллахыг гол бодлогоо болгож ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж ажиллана гэдгээ Сүхбаатарын талбайд цугласан олон түмэнд хандаж хэллээ.
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейг 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс олон нийтэд нээж, байнгын үйл ажиллагаатай болгох тухай тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг уншиж танилцуулсны дараагаар иргэд Төрийн ордны босгоор анх удаагаа алхаж Их эзэн хааныхаа хөшөөнд сүслэж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа мөргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.