Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.22 /

Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

          Хүүхдийн мөнгө олгоно

       Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас  Хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргалаа.    Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-нээс  тооцон,   хүүхдийн мөнгө олгож эхлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж,  энэ  ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа. Хүүхдийн мөнгөнд шаардагдах  хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж  ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгав. Иргэдэд хүүхдийн мөнгө олгох арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд зөвшөөрлөө.

       Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар Монгол улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ.   Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд олгохоор журмын нөхцөлд тусгасан бөгөөд мөн гэрээт банкнаас шууд авахаар  зохицуулалт хийжээ.

   Дэд сайд нарыг томилж, зарим томилгоог хийлээ  

         Өнөөдрийн хуралдаанаас  Засгийн газрын дэд сайд нарыг томиллоо. Байгаль орчин, ногоон хөгжлийн   дэд сайдаар Б.Тулга, Гадаад харилцааны   дэд сайдаар Д.Ганхуяг, Сангийн   дэд сайдаар С.Пүрэв, Хууль зүйн   дэд сайдаар Э.Эрдэнэжамьян, Барилга хот байгуулалтын  дэд сайдаар Г.Байгальмаа, Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөр, Боловсрол,шинжлэх ухааны  дэд сайдаар Б.Ургамалцэцэг, Зам тээврийн   дэд сайдаар Х.Ержан, Соёл, спорт аялал жуулчлалын  дэд сайдаар М. Түмэнжаргал, Уул уурхайн  дэд сайдаар О.Эрдэнэбулган,  Хөдөлмөрийн  дэд сайдаар Ж.Батхуяг, Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын  дэд сайдаар Э.Тамир, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар О.Чулуунбат,  Эрчим хүчний   дэд сайдаар Д.Доржпүрэв, Эрүүл мэндийн   дэд сайдаар Ж.Амарсанаа нарыг тус тус томиллоо  . Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайдтай байх бөгөөд Б.Цогтгэрэл, Ц.Туваан нар энэ албанд томилогдлоо.

            Мөн өдрийн хуралдаанаас зарим томилгоог хийлээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар Д.Баярсайхан, Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр  Ц.Жадамбаа, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр И.Нарантуяа, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдорж, Мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга  Д.Гүнбазар   нарыг тус тус томиллоо. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргын үүрэг ажлаас Р.Содхүү, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас  Д.Мөрөн нарыг чөлөөлөв.

Мөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Түүнчлэн Цөмийн энергийн газрын даргаар Тэгшбаярыг, Газрын харилцаа, зураг зүйн газрын даргаар А.Хүрэлшагайг тус тус томиллоо.

          Хөрөнгө гаргахаар боллоо

        Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас байгалийн гамшигт нэрвэгдсэн зарим аймгуудад  хөрөнгө гаргах тухай тогтоол гаргалаа. Тус тогтоолоор  2012 оны 7дугаар сар хүртэлх хугацаанд гарсан гамшгийн улмаас Архангай, Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудад учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах нийт 816 сая  төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө. Улсын нөөцөөс олгосон гэрийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагвад даалгав. Засгийн газраас  олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, тайланг гарган энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг дээрх аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.

Өнгөрсөн 6-7 дугаар саруудад Архангай, Хөвсгөл  аймгийн нутагт хүчтэй салхи шуурганы улмаас олон айл  өрх орон гэргүй болж, жижиг станцууд гэмтсэн бол , Завхан аймгийн Улиастай, Алдархаан сум болон  Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд  аймгийн  нутгаар  усархаг бороо орж өндөр хүчдлийн баганууд унаж, малчин айл өрхүүд үерт автан орон гэргүй болсон юм.  Энэ  нь  нийтдээ 7 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

   Байгууллагуудын  дотоод ажлын өдрийг хүчингүй болгов

         Зарим  байгууллага дээр мөрдөн  ажиллаж байгаа дотоод ажлын цагийн хуваарь тогтоосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа. Иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон нутгийн захиргааны зарим байгууллагууд ажлын өдрөөр дотоод ажлын цагийн хуваарийг гарган,  иргэдээс ирсэн өргөдөл бичиг баримтыг хянах цэгцэлдэг ажээ.  Энэ асуудлаар иргэдийн  гомдол ирсээр байгаа тул асуудлыг нэг мөр цэгцлэх, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор ийнхүү дотоод ажлын өдрийг хүчингүй болголоо.

   Улсын үйлдвэрийн газар болон академи байгууллаа

        Монгол улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, яам, агентлагийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлөөр хангах, нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий  “ Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагууд, Монгол улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээ үзүүлэх  үүрэг бүхий “ Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийтийн албан хаагчдыг сургах, давтан сургах, нийтийн албаны хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээ   хийх, сургалт зохион байгуулах үүрэг бүхий Удирдлагын акамемийг байгуулах тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хэлэлцээд, тогтоол гаргахаар боллоо. Дээрх байгууллагуудын орон тооны хязгаарыг тогтоохдоо өмнө байсан орон тооноос нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Засгийн газрын авто баазыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгав.

 

Мэдээний бүлэг: ЗГ-ын хуралдаан ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллаж байна
Зөв монгол хүн болж төлөвшихийг Ерөнхий сайд уриаллаа
Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна
ОРХОНЫ ГҮҮР ИРЭХ ОНЫ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
ЖИЛИЙН ТУРШ АЖИЛЛАДАГ НОГООНЫ ЗАХТАЙ БОЛНО
ШААМАРЫН ЗӨГИЙЧИД БАЙРТАЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан