Мөн өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шаамар сумын зөгийчидтэй уулзлаа.
Энэ сумын 120 гаруй өрх нэгдэн “Шаамарын зөгий” хоршоо байгуулж, жилдээ 9,5 тонн зөгийн бал, бусад 5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж, амьжиргаагаа залгуулдаг байна.
Үүнээс гадна Төв, Архангай, Хэнтий, Булган, Өвөрхангайн иргэдэд зөгийгөө нийлүүлж, зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа.
Хэдийгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй ч сард 170 мянган төгрөг төлж байр түрээслэдэг нь хүндрэл учруулдаг. Зээл авч байртай больё гэхээр барьцааны хөрөнгө шаарддаг хамгийн гол бэрхшээлийг шийдээд өгчихвөл төр, засгаас юм нэхээд байхгүй гэж учирлалаа.
Зөгийчдийн байрны асуудлыг ойрын хугацаанд судлан шийдвэрлэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад даалгалаа.
Шинэчлэлийн Засгийн газар ирэх 4 жилд тахиа, гахай, зөгий, загас гээд туслах аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьж, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэлснийг зөгийчид талархан хүлээн авч байлаа.
Зөгийн бүлийг улс даяар нийлүүлж, зөгийн аж ахуйг хөгжүүлэх боломж Шаамар сумынханд байгааг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар зөгийчдөө дэмжих хөрөнгө гаргана гэж амласан байна.