Өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн III чуулган нээлтээ хийлээ. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анх удаа чуулж байсан бүсгүйчүүд энэ удаагийн нэгдсэн чуулганаа “Эмэгтэйчүүд шинэтгэлийн төлөө” уриан дор зохион байгуулж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, үг хэлсэн юм. Тэрээр Монголын нийт эмэгтэйчүүдийг төлөөлж, 21 аймаг, нийслэлээс оролцож байгаа 820 гаруй зочид, төлөөлөгчдөд хандан баяр хүргээд, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого болоод үйл ажиллагаагаа чиглүүлж буй гурван гол зүйлийн талаар хэлсэн үгэндээ дурдлаа.
Иргэдээ ажилтай, орлоготой болгож, иргэнд үйлчилдэг төрийг цогцлоон, бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн зэрэгцээ иргэдээс санал шүүмжлэлийг аваад алга болдог биш, ажил хэрэг болгодог, дутуу хаягдаж, дундаа тасарсан бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн гүйцээнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Тэрээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Тиймээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогын хэмжээнд дэмжиж, хөнгөлттэй зээлэнд хамруулахын зэрэгцээ худалдаа эрхэлж буй орчин, зах худалдааны төвүүдийг тохь тухтай болгоно гэлээ. Засгийн газарт шинэчлэлийг хийх хүсэл, эрмэлзлэл бий. Харин үүнд эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.