“САЙНШАНД” ЦОГЦОЛБОРЫН ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАВ
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж, орлогч даргаар нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажиллах болов. Цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа.
Зөвлөлд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл, ажлын хэсэгт яам, агентлаг, холбогдох аймгийн Засаг дарга, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл багтсан байна. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт зэс хайлуулах, кокс-хими, барилгын материал, нүүрс-химийн зэрэг улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах томоохон үйлдвэр баригдах бөгөөд үүнийг дагасан дэд бүтэц, нисэх онгоцны буудал, терминал, дагалдах жижиг, дунд, хөнгөн үйлдвэр хөгжих боломжтой.
Мөн хүн амын шинэ төвлөрөл бүхий хот, суурин газар үүсч бий болохтой уялдан бүтээн байгуулалтын ажил өрнөж, орчин үеийн үйлдвэрийн хот үүсч хөгжинө. Ойрын жилүүдэд Чойбалсан, Сайншанд, Өмнөговь, Дархан, Сэлэнгийн бүсийг холбосон нэгдсэн төмөр замын сүлжээтэй болж, өөр хоорондоо түүхий эд, бүтээгдэхүүнээр харилцан хангах цогц үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой болох хандлагатай байна.
Үүний зэрэгцээ тухайн бүс нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмөр зам, авто зам байгуулах, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төсөл хэрэгжүүлж эхлэх боломжтой болно. Засгийн газар стратегийн ач холбогдолтой орд газруудаас юуны түрүүнд Оюутолгой, Таван толгой ордыг ашиглалтад оруулахаар төлөвлөж, холбогдох дэд бүтэц түүний дотор Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр зам, Шивээ Овоо, Таван толгойн цахилгаан станц, авто зам, тээврийн сүлжээний дэд бүтцийг байгуулах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр шуурхай зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.
Иймээс говийн бүсийн хөгжлийг нэгдсэн төлөвлөгөө, удирдлага, зохицуулалтаар хангаж, Эрдэнэт, Багануур зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөлтэй эн зэрэгцэхүйц аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, эрдэс баялаг, түүхий эдийг боловсруулан дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд гарахын зэрэгцээ дотоодын хэрэгцээг хангах нь олон талын ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГЫГ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛУУЛНА
“Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компаний үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлагын багийг сонгон шалгаруулах “Уралдаант шалгаруулалтын баримт бичиг”, “Удирдлагын гэрээ”-ний төслийг зүйтэй гэж үзэн эдгээр баримт бичгийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, үр дүнг танилцуулахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгав.
Уралдаант шалгаруулалтад оролцогч нь хуулийн этгээд болон тэдгээрийн консерциум байх бөгөөд тэдгээрээс томилогдсон Удирдлагын багийн гишүүд нь үнэт цаас, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх ёстой. Ялангуяа зах зээлийн эдийн засгийн харилцаа шинээр хөгжиж байгаа орнуудад нэвтрүүлсэн туршлага, чадвар эзэмшсэн байх, үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн талаар тодорхой цэгцтэй мэдлэгтэй байх шаардлагатай.
Уралдаант шалгаруулалтад оролцох этгээд 3 жил хүртэл хугацаанд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулах бөгөөд төлөвлөгөө нь “Хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах”, “Хөрөнгийн зах зээлийн зохистой үйл ажиллагааг хангах”, “Шударга зах зээл бий болгох”, “Хөрөнгө оруулагчдыг хамгаалах талаар” гэсэн бүтэцтэй байна.
Төрийн өмчийн хороо уралдаант шалгаруулалтыг 3 сарын дотор явуулж дуусгана. Ялагч Олон улсын мэргэжлийн баг нь Хөрөнгийн зах зээл болон “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компаний хөгжлийг шинэ шатанд гаргах юм. “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компаний удирдлагыг “Удирдлагын гэрээ”-гээр хэрэгжүүлэхэд төрийн өмчийн аливаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөгчийн эрх бусдад шилжихгүй юм.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт”-ын төсөл боловсруулсан байна. Эрх зүйн орчныг сайжруулах, зохион байгуулалтын арга хэмжээ гэсэн бүтэцтэй энэ жагсаалтад хөрөнгийн зах зээлийн чиглэлээр улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг нэгдсэн удирдлага, уялдаагаар хангах болон цаг хугацааг тусгажээ.
Жагсаалтад заасан арга хэмжээнүүд нь дунд хугацаанд буюу 2012 он хүртэл хэрэгжих байдлаар тооцож гаргасан бөгөөд зарим арга хэмжээний гүйцэтгэл нь цар хүрээ, төсвөөс санхүүжилт шаардлагатай эсэхээс шалтгаалан 2011 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар асуудлыг хэлэлцэн жагсаалтыг хавсралт ёсоор батлаж, гүйцэтгэлийг дурдсан хугацаанд нь багтаан шуурхай хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагад, уг арга хэмжээний хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.
Мөн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай зарим арга хэмжээний санхүүжилтийг 2011 оны улсын төсөвт тусгаж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав.
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
2010 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 2010 онд 282.2 мянга га-д үр тариа, үүнээс 270.0 мянган га-д буудай, 13.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж, 410.0 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөн ажиллаж байна. Зорилтоо биелүүлбэл улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангахын зэрэгцээ 274.3 мянга га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх юм.
“Атрын гуравдахь аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн дагуу чанар сайтай тариалах ажлыг сайтар зохион байгуулж тариалах талбай, боловсруулах уринш, нэг га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэх, өмнөх жилд нөөцөлсөн буудайг худалдан борлуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Т.Бадамжунайд үүрэг болгов.
ТОВЧХОН
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн зүйлд анхаарах шаардлагатай хэмээн хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар болов.
• “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 158 дугаар зарлигт нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дэд дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Дотоодын цэргийн Штабын даргын цэргийн цолны зэрэглэлийг “Бригадын генерал” болгох зорилгоор зарлигийн төсөл боловсруулсан байна.
• “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
• Улаанбаатар хотноо 2010 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болох Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2010 оны хэлэлцээнд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийн төслийг хэлэлцэн дэмжив. 2 жил тутам болдог энэ хэлэлцээгээр “Эдийн засгийн шинэчлэл, зах зээлийн эдийн засгийн хөгжил”, “Байгаль орчны бодлого, байгалийн нөөцийн хамгаалалт түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг” гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагаа болон тухайн жилд хэрэгжүүлж эхлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэнэ. ХБНГУ нь манай улсын тэргүүлэх түншийн нэг бөгөөд 1991-2009 оны хооронд нийт 274,0 сая гаруй еврогийн Хөгжлийн албан ёсны тусламж олгосон нь нэг хүнд ногдож байгаа хэмжээгээрээ хандивлагч орнуудын дотор Япон Улсын дараа хоёрдугаарт ордог юм.
• “Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Төсөл батлагдсанаар эрх зүйн таатай, ойлгомжтой орчин бүрдэнэ. Хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, торгуулийн хэмжээг чангатган, ногдуулах арга хэмжээг учруулсан хор уршиг, хохирлын хэмжээнээс хамааруулан тогтоосноор эрүүл мэндийн чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчил багасах юм. Эрүүл мэндийн салбарт ногдох улсын төсвийн хуваарилалтын хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн сангаас зарцуулах зардлын хэмжээг өсгөх шаардлага гарах юм байна.
• 2006 оны 3 дугаар сарын 13-28-ны хооронд Сингапурт зохиогдсон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Дипломат бага хурлаас баталсан “Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ”-нд Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлуулах тухай асуудлыг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Үндэсний болон бүс нутгийн барааны тэмдгийн бүртгэлийн ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хялбаршуулах замаар түргэн шуурхай, ойлгомжтой болгох, барааны тэмдгийн бүртгэлийн зохион байгуулалтын шинжтэй ажиллагааг уялдуулахад чиглэсэн орчин үеийн уян хатан олон улсын тогтолцоог бий болгох нь Сингапурын гэрээний зорилго юм.
• Тамхины хяналтын суурь конвенцийн итгэмжит санд 2010-2011 оны санхүүгийн жил төлбөл зохих 113.0 ам долларын хандив болон 2006-2007 онд төлөх байсан 124.0 ам долларын, 2008-2009 онд төлөх байсан 113.0 ам долларын хандивыг төсвийн багцаасаа төлөх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрөв.
• Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2010 оны худалдан авах ажиллагааны нэгдүгээр улирлын явц, үр дүнгийн талаар Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хугацаа алдаж байгаа төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2010 оны 6 дугаар сарын 1-ний дотор гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байх, худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан албан хаагчдыг давтан сургаж, мэргэшүүлэх, тэдний үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгов. Яамдын ирүүлсэн тайлангаас үзвэл 572 тендер шалгаруулалт зохион байгуулахаас 414-ийг нь зарлаж, 184 нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байна. 2010 оны 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байх үүрэг, даалгаврын биелэлт яамдынх 32 хувьтай, нийт төсвийн ерөнхийлөн захирагчдын хэмжээнд 31 хувьтай байна.
• Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 2010 оны 3 дугаар сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 120.7 хувийн биелэлттэй, нийт зарлага 83.0 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсвийн нийт алдагдал 58.0 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 177.3 тэрбум төгрөгөөр бага байна.
• “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудлаар Засгийн газрын ээлжит бус хуралдааныг говийн аймагт 2010 оны 6 дугаар сарын сүүлийн хагаст хийх нь зүйтэй гэж үзэв.
• Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын үйл ажиллагааны талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар 4 дүгээр сард 6 удаа хуралдан, 58 асуудал хэлэлцэж, 26 асуудалтай танилцан, Засгийн газрын 23 тогтоол, Ерөнхий сайдын 10 захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
• 2010 оны хаврын тариалалтад зориулан стандартын шаардлага хангасан үрийн буудай, химийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоог нэг удаагийн арга хэмжээ болгон 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаагаар улсын хилийн боомтоор оруулахыг зөвшөөрөв.
• Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын 2010 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болсон “Мал, амьтны болон томуугийн цар тахалтай тэмцэх олон улсын сайд нарын бага хурал”-д оролцсон тухай илтгэх хуудастай танилцав.
• Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Швейцарийн Женев хотноо болох Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 99 дүгээр чуулганд 2010 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд яамны гадаад арга хэмжээний зардлаар оролцохыг зөвшөөрч, ажлын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-д болох Зүүн Азийн уур амьсгалын 2 дугаар чуулга уулзалтад оролцохыг зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.