2010 оны 10 дугаар сарын 8
Төрийн ордон
2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ.
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээллийн цагаар миний бие 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийж байна. Засгийн газраас 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж ирлээ.
2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүч; мал аж ахуй; зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуй болон бусад салбарын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хөрөнгийн болон зохион байгуулалтын хэд хэдэн асуудлыг шийдвэрлэн холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой асуудлуудаар үүрэг даалгаврыг өгч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс базаах талаар Засгийн газар нилээд анхаарал тавьж ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр нүүрсний аюулгүй нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж дулааны цахилгаан станцуудыг нүүрс нөөцлөх эргэлтийн хөрөнгөтэй болгож, улмаар “Багануур”ХК, “Шивээ-Овоо”, “Шарын гол” ХК-иудын өр авлагыг барагдуулах, эдгээр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах, их засварын ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэх, түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 4.9 (дөрвөн тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээний үндсэн дээр ашиглуулж 2010 онд багтаан төрийн өмчит дулааны цахилгаан станцуудаас буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд цахилгаан станцууд нүүрсний төлбөрөө уурхайнуудад төлж чадахгүй байсан гол хүндрэл арилж, цахилгаан станцууд 2010 оны хувьд уурхайнуудад өргүй, харин илүү төлөлттэй байна гэсэн дүн мэдээтэй байна.
2010 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц нүүрсний салбарт 91.9, эрчим хүчний салбарт 86.0, аймаг, нийслэлийн ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын дүнгээр 91.2 хувийн биелэлттэй, уурхайнуудын авахад бэлэн нүүрсний нөөц 965,0 мян. тонн байна. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг өвлийн их ачааллын үед 20 хоногийн нөөцтэй буюу 278,7 мянган тонн байлгахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 237,0 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 57,0 мянган тонноор илүү байна. Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл ажлын явц 10 дугаар сарын 1-ны байдлаар 95,1 хувьтай, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа компанийн орон сууцнууд халаалтаа 100.0 хувь авсан байна.
Засгийн газрын нөөц сангаас Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Дулааны станцийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж 783.0 сая төгрөгийг гаргасан. Харин Сэлэнгэ, Дорноговь аймгийн дулааны станцуудын засварын ажил хөрөнгө, санхүүгийн дутагдлаас шалтгаалан хугацаа алдан оройтож эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн дулааны станцын өвлийн бэлтгэл ажил дунджаар 50.0 хувьтай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулааны станц 65.0 хувьтай, Дорноговь аймгийн дулааны станц хөрөнгийн дутагдлаас шалтгаалан төлөвлөсөн засвараа бүрэн хийж чадаагүй байгаа тул Сэлэнгэ, Дорноговь аймгийн төв болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулаан хангамжийн асуудлыг найдвартай болгох асуудлыг үлдсэн хугацаанд зохицуулж шийдвэрлэхээр ажиллаж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилтөд Засгийн газар анхаарлаа хандуулж, онцын хүндрэл бэрхшээлгүй даван туулах талаар нилээд ажил зохион байгуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ жил улсын хэмжээнд 164,0 мянган малчин өрхөд 35,7 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна. Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд нийт 995,3 мянган тонн хадлан, 58,4 мянган тонн ногоон болон гар тэжээл бэлтгэх, түүний дотор аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт нийт малыг 30-аас доошгүй хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх даалгавар өгсөн. Нийт нутгаар зуншлага, бэлчээрийн ургац сайн байгаа тул хадлан, тэжээл бэлтгэх ажилд 90,2 мянган хүн, 8242 том, жижиг оврын техник ажиллаж байгаа нь өнгөрсөн оныхоос ажиллах хүчний тоо 35,2 хувиар, техник хэрэгсэлийн тоо 40,0 гаруй хувиар илүү байна.
Мөн орон нутагт хадлангийн техник хэрэгсэлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 940,0 сая төгрөгийн хөрөнгөөр хадлангийн 151 иж бүрдэл трактор, техник хэрэгсэлийг худалдан авч малчид, иргэдэд 50 хувийн хөнгөлтэй үнээр нийлүүлсэн байна. Үүнээс гадна гадаад орон, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хадлан, тэжээлийн техник хэрэгсэлийг худалдан авч Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Орхон аймгуудад хөнгөлттэй нөхцлөөр олгосон нь хадлан бэлтгэлийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц боллоо.“Малын тэжээл” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймагт ногоон тэжээл тариалах жил болгон зарлаж нийт 230,0 сая төгрөгийн үнэ бүхий 200,0 тн ногоон тэжээлийн үр олгон тариалалтыг зохион байгуулснаар дээрх аймгуудад таримал тэжээлийн хэмжээ өмнөх оныхоос 1,5 дахин нэмэгдлээ.
Орон нутагтаа хадлан бэлтгэх боломжгүй говийн аймагт Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгаас нөөц хадлангийн 170,0 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон бөгөөд Дундговь, Өмнөговь аймагт төвийн бүсээс худалдан авсан өвсийг сумдад татаж тээвэрлэхэд зориулан 300,0 сая төгрөгийн хөрөнгийг олгосон болно. Дээрх арга хэмжээний үр дүнд улсын хэмжээнд 995,3 мян.тн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс 1 сая 53 мянган тн байгалийн хадланг бэлтгээд байгаа нь өнгөрсөн оныхоос 96,0 мянган тн-оор илүү буюу 105,8 хувьтай байна.
Өнгөрсөн жилийн зудын хүндрэлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгосон 56,8 мянган тн тэжээлийн арвай буудайг орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Засгийн газрын шийдвэрээр хувиарлан олгохоор шийдвэрлэж, аймаг, нийслэлд нийт 31,2 мянган тн-ыг, 25,6 мянган тн-ыг хорголжин тэжээл бэлтгүүлэх зориулалтаар улсын нөөцөд авсан нь тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Өнгөрсөн жил улсын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийн ихэнх хувийг Засгийн газрын шийдвэрээр орон нутагт хувиарлан олгосон тул нөөцийг тогтоосон тоо, хэмжээнд нь нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу улсын төсвийн хөрөнгө болон өвс, тэжээлийг худалдан борлуулсны орлогоор зохион байгуулж байна. 2010 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 2010 оны батлагдсан төсвийн хүрээнд улсын нөөцөд бэлтгэх шаардлагатай малын тэжээлийн 69,0 хувь, өвсний 42,0 хувийг бүрдүүлээд байгаа бөгөөд 11 дүгээр сард багтаан 100 хувь бүрдүүлж аймаг, орон нутгийн цэгүүдэд байршуулахаар бэлтгэж байна.
Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах үндсэн зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд шинэ худаг барьж байгуулахад 3.5 тэрбум, газрын доорхи усны хайгуулын ажилд 500.0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж, 19 аймагт инженерийн хийцтэй 258 худаг шинээр барьж байгуулахаас 193 худгийг ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслөөс нийт 3,1 сая ам.долларын хөрөнгө гарган Уланбаатар, Дархан-уул, Орхон, Өвөрхангай, Дорнод аймагт инженерийн хийцтэй 300 орчим худгийг шинээр гаргах ажлыг энэ оны 10 дугаар сараас зохион байгуулж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай аймагт инженерийн хийцтэй 27 худгийг шинээр барьж, 16 худгийг сэргээн засварлах ажлыг хийж дуусгаад байна. Дээрх арга хэмжээний үр дүнд 2010 онд нийт 301 инженерийн хийцтэй худгийг ашиглалтад хүлээлгэн өгснөөр 1500 гаруй малчин өрх болон 1,3 сая гаруй малыг усаар хангах боломжийг бүрдүүллээ.
Ургац хураалтын ажлын явцын талаар Та бүхэнд сонордуулъя.
Энэ жил улсын хэмжээнд 329.8 мянган тонн буудай, 156.1 мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо, 20.5 мянган тонн тосны ургамал, 19.6 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар ургацын урьдчилсан балансаар тогтоогдсон. Өнөөдөр хийж байгаа мэдээллийн танилцуулгыг Та бүхэнд урьдчилан тараасан тул дэлгэрэнгүй тоо баримтыг дурдалгүйгээр дүгнэж хэлэхэд үр тариа хураалт 89,5 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 95.9 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 7,5 мянган тонноор, төмс хүнсний ногоо 3,8 мянган тонноор илүү байна.
Бусад салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч дурдая. Өвлийн цаг агаарын хүндрэлтэй үед авто, замын байгууламжийг авто тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор авто замын цэгүүдэд ажиллах шуурхай ажлын хэсгийг байгуулж ажиллуулах бэлтгэлийг хангалаа. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу автопаркуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээний засварын ажил хийж дууссан ба өвлийг хүндрэлгүй давах бүрэн боломжтой байна. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 187 барилгад их засвар хийгдсэнээс боловсролын салбарын 150 барилгыг засварласан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хэмжээнд их засварын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай байна. 2010-2011 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд сургууль, цэцэрлэг их засварын ажлаа цаг хугацаанд нь бүрэн дуусгасан байна.
Энэ хавар Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Увс аймгуудын нутагт болсон байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас боловсролын салбарын барилга байгууламжид 219.1 сая төгрөгийн хохирол учирсныг боловсролын салбарын их засварын хөрөнгөөс хуваарилан яаралтай засварлах ажлыг хийж дуусгаад байна. Тухайлбал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сургуулийн уурын зуухны барилгын их засвар, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын цэцэрлэгийн барилгын дээврийн их засвар, Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуулийн дотуур байрны барилгын сантехникийн их засвар, Булган аймгийн Бугат сумын дотуур байр, соёлын төв, цэцэрлэгийн барилгуудын нэгдсэн уурын зууханд их засвар хийлээ.
2010 оны улсын төсөв, төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар нэмэгдсэний дүнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажилд өмнөх оноос бодитой ахиц гарлаа. Эрүүл мэндийн салбарт он дамжсан 10 барилга байгууламжид 7.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлгүүд ашиглалтад орж, Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймгийн спорт цогцолборын барилга, Ховд, Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Энэ онд шинээр эхлэх 26 барилгад 12,3 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд 54 барилга байгууламжид хийх засварын ажлын гүйцэтгэл 81.0 хувьтай, биеийн тамир, спортын салбарын засварын ажил бүрэн хийгдсэн байна.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын парк шинэчлэл амжилттай хийгдэж 131 автомашиныг аймаг, сумын эмнэлгүүдэд олгоод байна. Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг бүхэлд нь авч үзэхэд засвар, үйлчилгээ хийх ажлын төлөвлөгөө үндсэндээ биелэгдэж, шинээр эхлэх томоохон барилгуудын суурь тавигдаж, машин, тоног төхөөрөмж, эм, бараа худалдан авах ажил бүрэн хийгдсан байна. 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд, дутуу, хүндрэлтэй асуудлуудыг үлдсэн хугацаанд шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.