Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны аравдугаар сарын 8-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан дээр 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж байгааг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн түлш эрчим хүч, мал аж ахуй , хадлан тэжээл зэрэг чиглэлээр тодорхой ажлууд хийж байгааг дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд засгийн газрын тэргүүн болон танхимын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Эрхэм гишүүдийг саяхан тойрогтоо ажиллах үеэр иргэд Засгийн газрыг сайн ажиллаж байгааг, ард түмэндээ ойрхон чухал шийдвэрүүдийг гаргаж байгааг сайшаажээ. Энэ тухай ч гишүүд асуултандаа дурдаж байлаа.
Тухайлбал Х.Жекей гишүүн “ Засгийн газар сайн ажиллаж байгааг очсон газар бүрт иргэд ярьж байна. Баруун бүсийн нэмэгдлийн асуудлыг түргэн шийдэж өгөх боломж бий эсэх, махны экспортод ямар саад бэрхшээл учирч байгааг, мөн баруун аймгуудад гурилын үнийг бууруулах талаар Засгийн газар ямар бодлого барин ажиллаж байгааг ” лавлаж байсан бол О.Чулуунбат, А.Тлейхан, Ш.Сайхансамбуу нарын гишүүд ч мөн энэ санааг илэрхийлж байлаа.
Гишүүдийн асуултын хариултаас үзэхэд манай улсад малын шүлхий өвчин гарсан учир салаа туурайтай малын махын экспортыг хориглоод байгаа бөгөөд одоогийн байдлаар зөвхөн адууны махыг л гаргаж байгаа юм байна. Эрүүл малын мах экспортлох хүсэлтээ манай улс хэд хэдэн оронд илэрхийлснээс Иран, Саудын араб, Индонезоос нааштай хариу ирсэн ажээ. Харин баруун бүсийн нэмэгдлийн тухайд Ерөнхий сайдыг баруун аймгуудад ажиллах үеэр ч энэ асуудал маш ихээр хөндөгдөж байсан юм. Орон нутагт ажилласан томилолтын дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газрын тогтоол гарган ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд уг асуудал шийдэгдэх болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар дурдлаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.