Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболдод Канадын олон улсын худалдааны сайд Питер ван Лоун бараалхаж хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар зөвхөн амлах биш харин хэлсэн ярьснаа бодит ажил хэрэг болгоход илүүтэй анхаарч ажиллаж байна гээд, 2010 оныг Монголд бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан.
Энэ ажлын хүрээнд бизнесийн орчинг таатай болгох, үйлчилж буй хууль эрх зүйг нь тогтвортой боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байгаа бөгөөд үр дүн нь эхнээсээ гарч эхэлсэн нь Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан сүүлийн судалгааны дүнгээс харагдаж байгааг дурьдав. Мөн Монгол улс эдийн засгийн хөгжлийн замдаа ороод байгаа энэ үед олон орны хөгжлийн туршлага стандарт нормыг судалсан. Ингээд өөрийн орны онцлог байдлаа ч харгалзсан Канадын загвар илүү ойр санагдсан.
Мөн зэсийн үйлдвэрлэлийн хувьд Чилийн загварыг судалж байна гэдгээ Ерөнхий сайд хэллээ Ингэхдээ уул уурхайн салбарт ч ХАА-н салбарт ч түүхий эдээ гадагш нь гаргах биш харин нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрүүд бий болгоход ач холбогдол өгч байгаагаа онцлов. Ноён Питер ван Лоун Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд зэсийн үйлдвэрлэлийн хөгжлөөр Чилийн туршлага судалж байгаа нь чухал юм гэдгийг онцлоод, Канад нь барилгын материалын технологиор болон уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийн чанар стандартаар дэлхийд дээгүүрт ордог.
Энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж байна гэв. Түүнчлэн хоёр тал “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих,харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг ойрын үед байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа Канадын олон улсын худалдааны сайд илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.