Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар 2000 онд Нью-Йорк хотноо чуулж Мянганы хөгжлийн зорилтуудаа тодорхойлон тэдгээрийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг амлалтыг улс орон бүхэн хүлээсэн билээ. Ядуурлыг дэлхийн хэмжээнд хоёр дахин бууруулах, буурай болон хөгжиж буй орнуудад нэн тулгамдсан асуудал болсон хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч эрс шийдэмгий алхам хийх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах гэх мэт найман чухал асуудлыг дэвшүүлсэн мянганы хөгжлийн зорилтуудын 10 жилийн хэрэгжилт ямар байгааг энэ хуралдаанаар ярилцаж байна. Мөн түүнчлэн үлдсэн таван жилийн хугацаанд улс орнууд юу хийж, юун дээр анхаарах вэ гэдгийг зорилт бүрээр нь нарийвчлан авч хэлэлцэж байгаагаараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой гэж чуулганд оролцож байгаа НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд дүгнэж байна.
Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх гурав дахь илтгэлээ гаргаад байгаа бөгөөд хэрэгжилт нь 66 хувьтай байгаа ажээ. Хамгийн чухал үзүүлэлт болох ядуурлыг бууруулах тал дээр дорвитой ахиц өөрчлөлт гаргаагүй байна. Тиймээс 2015 он хүртэлх үлдсэн таван жилийн хугацаанд ядуурлыг бууруулахын тулд ажлын байр олноор бий болгох ,мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хот, хөдөөнөөс квотоор хүмүүс авч сургах ,тэднийг ажлын байраар хангах улмаар тогтвортой орлоготой болгоход Монгол Улсын Засгийн газар гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд С. Батболд ярьж байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт гарч байгаа ч энэ нь ядуурлыг бууруулахад үр дүн үзүүлэхгүй байгаа тул үүнд анхаарч баялгийн тэгш хуваарилалтыг хангах , нээлттэй сайн засаглалыг хөгжүүлэх ,хөрөнгө оруулалтыг хөдөөд чиглүүлэх,төсвийн тогтвортой байдлын хууль гаргах,иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх ажил урагштай явж байгааг Засгийн газрын тэргүүн НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй чуулганы үер уулзахдаа хэлж байлаа.
Монгол улсын ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 27-ны өдөр болох 65 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож олон улсын тулгамдсан асуудлаарх Монгол улсын байр суурийг илэрхийлэн үг хэлнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 130 гаруй орны төр засгийн тэргүүнүүд оролцохоо мэдэгдээд байна.Ерөнхий сайд С.Батболдын хувьд мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө байнга тулгардаг нийтлэг асуудалд чуулганд оролцогчдын анхаарлыг хандуулах , энэ асуудлаарх засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохиролцож гэрээ байгуулах,уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд улс орнуудтай хамтрах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.