НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож байгаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 20-ны өдөр Их Британы ерөнхий сайд асан Тони Блейртэй уулзлаа. Их Британы түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдаар тодорч, өөрийн орны төдийгүй олон улсын геополитикийн асуудалд тэргүүлэх байр сууринаас оролцдогоороо алдаршсан ноён Тони Блейр өнөөдөр ч гэсэн дэлхийн тавцанд нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн хэвээр байгаа билээ. Тэрбээр одоо Ойрхи Дорнодод энхийг сахиулах тусгай элчийн үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын хүрээнд ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий сайд С.Батболд ноён Тони Блейртэй уулзахдаа хоёр талын болоод олон улсын хамтын ажиллагааны асуудлаар харилцан яриа өрнүүлэв. Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрийн орны хөгжлийн бодлого болон олон улсын асуудлаархи Монгол улсын байр суурийг илэрхийллээ. Ази тивд ардчиллын үлгэр жишээ үзүүлж байгаа Монгол улсын эдийн засаг хурдтай хөгжиж байгааг Ерөнхий сайд асан Тони Блейр тэмдэглээд, Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлэхдээ Монгол улс сайн засаглалыг хөгжүүлэхэд анхаарч, европын стандартыг монголд нутагшуулах, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн тодорхой бодлого явуулж байгааг уулзалтын үеэр тэмдэглэн хэлж байв. Ноён Тони Блейр Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хийж байгаа өөрчлөлт шинэчлэлт, иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар баримталж байгаа бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу туршлагатай улс төрчийн хувьд өөрийн байр сууриа хуваалцлаа.
Тэрээр хэлэхдээ, европын стандартыг нэвтрүүлэх Монгол улсын Засгийн газрын бодлого чухал ач холбогдолтой, гэхдээ европын стандартыг хэрэгжүүлж байна гээд бүгдийг хуулбарлах биш сайныг авахын зэрэгцээ өөрийн орны онцлогийг тусгах арга замыг сонгох нь чухал гэдгийг зөвлөж байлаа. Мөн боловсролын хөгжлийн хурд, чадавхиар брэнд бий болгосон Сингапурын жишээг ноён Тони Блэйр үнэллээ. Ингэхдээ Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын боловсрол, эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого нааштай үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж байв. Тү Энэ уулзалтын хүрээнд улс төрийн намуудын төлөвшил, хөгжлийн тухай яриа ч хөндөгдөж байлаа.
Мөн өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамлейн чуулганы хүрээнд Социнтерний гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар тухайн жилд болсон асуудлаар санал солилцдог уламжлалт уулзалт болж, Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үг хэлсэн юм. Мөн дэлхийн банк санхүүгийн нөлөө бүхий бизнесийн төлөөлөгчидтэй Монгол улсын Засгийн газрын тэргүүн ууулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт нар оролцлоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.