Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Хятадын Коммунист намын (ХКН) Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ууулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНХАУ-ын харилцааны түвшин, хөгжлийн чиг хандлагад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, сүүлийн жилүүдэд хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, өндөр дээд түвшний айлчлалууд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Тэрээр Монгол Улсын хөгжлийн чухал энэ үе дээр хөрөнгө оруулалт, технологи, дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэхэд БНХАУ-ын томоохон компаниудтай хамтарч ажиллах боломж байгааг дурдлаа. Ноён Ван Жаруй Ерөнхий сайдад өндөр түвшинд хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, Хятадын Засгийн газар болон ХКН Монгол Улстай харилцаагаа өргөжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа гэж хэлэв.
Тэрээр 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд шийдсэн асуудлуудын хэрэгжилт, явцын талаар мэдээлэл авах, судлах, хоёр талын эдийн засгийн хөгжлийн томоохон төслүүд хэрхэн хөгжиж байгаа болон хөгжих боломж байгааг судлах зорилгоор Монгол Улсад айлчилж байгаа гэлээ.
Ноён Ван Жаруй цаашид эдийн засгийн хөгжлийн томоохон төслүүдпийг хөдөлгөөнд оруулах, учирч байгаа саад бэрхшээлийг арилгахад хоёр тал анхааран ажиллах нь чухал байна гэдгийг онцоллоо. Тэрээр “Ерөнхий сайд Таны удирдлага доор Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжин дээшилж, өсөн дэвшинэ гэдэгт итгэлтэй байна” гэж энэ дашрамд хэлсэн юм.