Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ТАЙШИРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.07 /
Тайширын усан цахилгаан станцыг 9 дүгээр сард туршилтын журмаар ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнд шаардлагатай 250 мянган ам доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байх Тайширын усан цахилгаан станцын ажилтай танилцсаны дараа ийм шийд гаргалаа. Энэ дагуу Сангийн яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам шаардлагатай хөрөнгөний тооцоогоо гарган ойрын үед Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээж байна.

Ерөнхий сайдыг баруун аймгуудад, ялангуяа Говь-Алтай аймагт иргэдтэй уулзаж, ярилцаж байхад байнгын эрчим хүчтэй болох хүсэлт олон гарч байсан юм. Санц туршилтын журмаар ажиллаж эхэлснээр Говь-Алтай, Завхан аймгийн төв, хэд хэдэн сум байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал дээрх хоёр аймаг бүхэлдээ гэрэл, цахилгаантай болох юм. Тайширын усан цахилгаан станцын усан сан шаардлагын хэмжээнд дүүрэхгүй байгаа учир одоогоор Тайшир, Жаргалан сумыг эрчим хүчээр хангаж байгаа. Хэрвээ дахин 2 метр гаруй нэмэгдвэл станц хэвийн хэмжээнд ажиллах боломжтой. Энэ  жил хур бороо ихтэй байгаа учир энэ жил усан сан дахь усны хэмжээ 10 метрээр нэмэгдсэн, 10 дугаар сар хүртэл хур бороотой байх төлөвтэй байгаа нь   найдлага төрүүлж байна.

Тайширын усан цахилгаан станц барьснаас болж Завхан гол, түүнээс эх авдаг  Хяргас, Айраг нуур ширгэж үгүй болох нь гэсэн шүүмжлэл их байдаг ч үүнийг албаны хүн үгүйсгэлээ. Дэлхийн дулаарал, хур бороо багатай, гандуу байснаас голын урсгал татарснаас бус станц барьсантай ямар ч холбоогүй. Гурван турбиныхаа нэгийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа энэ жил гэхэд л Хяргас нуурын усны түвшин 3-5 см-ээр дээшилсэн. Энэ нь Завхан голын урсац хур бороо элбэг байх эсэхээс хамаарч байгаагийн илрэл. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл голын урсац анх байсан хэмжээнээсээ 3-4 дахин нэмэгдэнэ гэж Тайширын усан цахилгаан станцын төслийн удирдагч Ерөнхий сайдад хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 1997 онд Кувейт Улсын Эмир манай улсад айлчлах үеэр судалгааны 300 мянган кувейт динарын тусламж үзүүлэх болсноор Тайширын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх анхны алхам тавигдсан түүхтэй. Станц баригдсанаар Говь-Алтай, Завхан аймгийг байнгын, найдвартай эрчим хүчээр хангана гэсэн судалгаа, тооцоо гарч ажил эхэлсэн. Энэ дагуу төр, засгаас сүүлийн 3 жилд 50 гаруй тэрбум, сумдын цахилгаан шугам, дэд станцуудыг барихад 40 тэрбум, нийт 90-95 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна. 

Дээрх хоёр аймгийг байнгын эрчим хүчтэй болгож, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станцыг 2011 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Могойн голын дулааны цахилгаан станц ашиглалтад орвол Говь-Алтай, Завхан аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдэл, ядуурал буурахад ч тодорхой хэмжээний хувь нэмэр болох юм.

Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын бүх аймаг, сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, нэгдсэн сүлжээнд холбохыг зорьж байна. Дашрамд дурьдахад Тайширын усан цахилгаан станц 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ажиллаж, үйлдвэрлэсэн цахилгаанаа хэрэглэгчдэд анх хүргэж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд 2 жилийн дараа яг энэ өдөр усан цахилгаан станцын ажилтай танилцаж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр болсонд станцын удирдлага, хамт олон баяртай байгаагаа илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.БАТБОЛД: ӨНГӨРСНИЙГ ШҮҮХЭЭ БОЛЬЁ. МӨРӨӨДӨЛ ЯРИХАА ЦЭГЛЭЕ. УРАГШАА Л ХАРЪЯ
ЕРӨНХИЙ САЙД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
ЗАВХАН АЙМАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ
АЛТАЙЧУУД АВАХ УРГАЦАА 1000 ТОННООР НЭМЭГДҮҮЛНЭ
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХӨГЖИХ БОЛОМЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан