Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.05 /
2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр                Өлгий хот

Хүндэт аксакалууд, настан буурлууд аа!
Манай орны казак иргэд ээ!

Мөнх цаст сүрлэг Алтай, домогт Таван Богд уулс, Толбо, Ачит, Даян, Хотон нуурын өгөөмөр үзэсгэлэн төгөлдөр бүс нутагтаа бүрэн эрхт улсынхаа эрх чөлөөт иргэн болж, эв найрамдал, энхийн бүтээн байгуулалтын 70 жилийн түүхээ дархалсан казак, урианхай, тува, дөрвөд зэрэг олон үндэстэн ястан, зон олны өлгий нутаг Баян-Өлгий аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний бие танай сайхан нутагт анх удаа ирж байгаа хэдий ч Та бүхнийхээ ажил хөдөлмөр, амьдрал ахуй, амжилт бүтээлийн тухай байнга сонсож зохих мэдээлэлтэй байдаг юм. Та бүхэнтэйгээ нүүр тулан уулзаж байгаа энэ завшааныг ашиглан улс орны хөгжлийн болон аймаг, орон нутгийн холбогдолтой цөөн асуудлыг хөндөн ярьж, санал бодлоо солилцохыг хүсэж байна.

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!
Эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол Улсын хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжлийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллаж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрчээ. Миний бие Засгийн газрын тэргүүний амаргүй энэ албыг хүлээн аваад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон жил яригдаад шийдэгдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж, улс  орныхоо хөгжлийг түргэтгэхэд чухал алхам хийж, илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

Стратегийн болон эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 6 дугаар сард байгуулснаар тэнд бүтээн байгуулалтын их ажил өрнөж, 2200 гаруй монгол хүн орчин үеийн техник, техналоги ашиглан гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ Өмнөговь, Ховд, Сэлэнгэ зэрэг аймгуудад нүүрс, төмрийн хүдрийн орд уурхайнуудын олборлолт, ашиглалт шинээр эхэлсэн бөгөөд түүнийг дагалдаж дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн бүтээн байгуулалт эх орны энд тэнд өрнөж байна. Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд томд орох Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчинг бий болгож, үндэсний компаниудыг үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр энэ орд газраас хувь хүртэх, хувьцаа эзэмших эрх нээгдэж, үндэсний компани, аж ахуйн нэгжүүд ажил, үйлчилгээгээрээ давуу эрхтэй оролцон, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, арга замуудыг Засгийн газар эрэлхийлж, асуудлыг цогцоор нь алсын хараа, хэтийн зорилгын үүднээс харж, шийдвэртэй алхамуудыг цаг алдахгүй хийхийг эрмэлзэж байна.
Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Энэхүү бодлогын зорилго нь одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэгдсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг  экспортолж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа юм.

Энэ төслийн хүрээнд ойрын 4 жилд Тавантолгой, Цагаан суврага, Зүүнбаян, Сайншанд, Баруун-Урт, Чойбалсангийн чиглэлийн 1000 гаруй км төмөр зам барьж байгуулна. Алсдаа энэ төмөр зам баруун тийш үргэлжилж, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хил хүрч олон улсын сүлжээнд холбогдох юм. Төмөр замын бүтээн байгуулалтыг дагалдаж олон зуун мянган ажлын шинэ байр нэмэгдэнэ. Хэдэн арван тосгон суурин байгуулагдаж, хөгжлийн үр шим, хүн амьдрах таатай орчин хөдөөд бий болж, зах зээл малчдад ойртоно гэж бид төсөөлж байгаа. Үүний тулд энэ том ажлыг эхлүүлэхээр Засгийн газар зориг гарган шийдвэрлэсэн.

Уул уурхайн олборлолттой зэрэгцээд эрдэс баялгийн түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдуулан уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах төсөл хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Тухайлбал, нүүрс боловсруулан кокс гаргах, хийжүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, үрлэн төмрийн болон бусад үйлдвэрийг багтаасан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлнэ. Арван жилд 70-80 мянган ажлын шинэ байр бий болгох, аж үйлдвэрийн энэ цогцолбор ашиглалтад орсноор Монгол Улс уул уурхайн түүхий эдийг бус бүтээгдэхүүн экспортлогч орон болж, ДНБ-ний хэмжээ одоогийнхоос 2-3 дахин өсөх юм. Бид ойрын ирээдүйгээ ингэж харж байна.

Уул уурхай, аж үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалтын энэ том зорилтыг хэрэгжүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, эх орноо хөгжүүлэх чадварлаг мэргэжилтэн, боловсролтой ажилчид, хөдөлмөрч хичээнгүй хүн өнөөдөр нэн чухал эрдэнэ болоод байна. Ажлыг хүн л хийдэг. Гэхдээ ажил өөрөө өөртөө тохирох хүнийг захиалдаг. Өндөр боловсролтой, эх оронч сэтгэлтэй, ёс суртахуунлаг хүн манай нийгмийн захиалга юм. Нийгмийн энэ захиалгад нийцүүлэн боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн стандартыг ерөнхий боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөжүүлэх, Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, төрөлжүүлэх, нэгтгэх, боловсролын тогтолцооны бүх шатанд сургалтын чанарыг дээшлүүлэх замаар дэлхийн жишигт хүрсэн боловсролыг эх орондоо эзэмших нөхцөлийг бүрдүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.

Аж үйлдвэржүүлэлт техник техналогийн дэвшлийг, тэр нь боловсролын шинэчлэлийг өдөөсөн хүн нийгмийн төр зүй тогтлын дагуу үйл явц хурдацтай өрнөж байна. Орчин үеийн өндөр боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай шинэ үе гарч ирж байна. Өнөөдөр хэн нь ардчилагч ба ардчилагч бус гэсэн шалгуураар биш хэн нь өндөр боловсрол, өрсөлдөх чадвар, ажил хэрэгч, ёс журамтай вэ гэдгээр үнэлж дүгнэх цаг ирсэн. Манай орны эдийн засгийн өнөөгийн голлох салбар хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр Засгийн газар ажиллаж  байна.

Засгийн газар, тариаланч, механикжуулагчид, ард иргэдийн хамтын хүчин зүтгэлээр “Атрын гуравдахь аян”-ы хүрээнд өнгөрөгч 2009 онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгвэл энэ  2010 онд 282,2 мянган га-д үр тариа, үүнээс 270,0 мянган га-д буудай, 13,2 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо, 12,2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж, улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах юм. Үүний зэрэгцээ одоо 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.

Сүүлийн үед дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалж олон оронд усны үер, ган, зуд, хүчтэй салхи гарч, хүний амь нас эрсдэх болон эд материалын нөхөж баршгүй  хохирол учрах боллоо. Манай оронд л гэхэд жилдээ орох хур тундасны хэмжээ багасаж, хэт халж, хуурайших үзэгдэл нэмэгдэж, гол, нууруудын усны түвшин буурах, ширгэх, зарим үед аадар бороо орж үер болох, цас их орох, цасан болон шороогоор хүчтэй шуурах, хэт хүйтрэх зэрэг байгаль, цаг агаарын бэрхшээл тохиолдсоор байгаа нь эдийн засагт дараас болж, иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна.

Өнгөрөгч өвлийн улиралд цочмог хүйтрэн байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл учирч мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдож, нийтдээ 550 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирч 8200 гаруй өрх амьжиргааны үндэс болсон малаасаа саллаа. Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахад цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, нийт 45,7 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс гадаад орон, олон улсын байгууллага, дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдээс 26,6 тэрбум төгрөгийн хандив, тусламж цугларсныг 2 удаагийн цуваагаар 21 аймагт хүргүүлсний гадна ОХУ-ын тусламжийн тэжээлийн буудайг хуваарилан олгосон.

Гадаадын байгууллагуудаас 12,3 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, Засгийн газраас нийт 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан. “Зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан зарим малчин өрхийг малжуулах журам”-ыг батлан гаргаж, энэ арга хэмжээнд зориулан эхний ээлжинд 3,0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулан аймгуудад хуваарилан олголоо. Цаашид мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулан өнгөрөгч 5 дугаар сард Улсын Их Хурлаас батлан гаргасныг бид үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн Засгийн газар 2010 оны 137 дугаар тогтоолоор “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг барагдуулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлан холбогдох яам, газар, гадаад орон, Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орныг хамарсан эдийн засгийн хямрал үргэлжилж, улс, орнуудын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байсан боловч өнгөрсөн оны сүүлчээс тогтворжих хандлагатай болж байна.
“Хүний хөгжил”-ийн төлөө бодлого боловсруулан хэрэгжүүлж, Монгол хүн бүрээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгох нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал зорилтын нэг юм.

Энэ зорилтын хүрээнд “Хүний хөгжил” сангаас эхний ээлжинд иргэн бүрт 70,0 мянган төгрөгийг олголоо. Мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг бий болгох хандлага ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга тогтмол хүртээх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж “Хүний хөгжил” сангаас Монгол Улсын иргэнд 2010 оны 8 дугаар сарын 01-ээс он дуустал 10,0 мянган төгрөг, 2011 оноос 20,0 мянган төгрөгийг сар бүр иргэддээ хишиг, хувийн хэлбэрээр олгож байх шийдвэрийг саяхан гаргасан.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 01-ээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдыг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж эхлээд байна.

Эрхэм хүндэт Өлгийчүүд ээ!
Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө болон бүтээн байгуулах үйлсэд Баян-Өлгийчүүд, нэн ялагуяа ахмад үеийнхэний урсгасан цус, асгаруулсан хөлсийг Монголын төр засаг, ард түмэн ямагт өндөр үнэлж, манай залуу үеийнхэн бахархан дууриаж ирсэн билээ. Тус аймгаас төр, нийгэм, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, хөдөлмөрийн сайчууд, авъяас билэгтнүүд олноор төрж, манай орны материаллаг ба оюун санааны сан нөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, арилшгүй ул мөр үлдээснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Казак түмний хэл, соёл, зан заншил, шашин шүтлэгийн онцлогыг хүндэтгэн хамгаалах, уламжлан хадгалах, аж амьдралыг нь дээшлүүлэх талаар Монголын төр засаг зохих арга хэмжээг авч ирсэн бөгөөд уг асуудал цаашид ч анхаарлын төвд байх болно. Улс орны нийтлэг зорилт, тулгамдсан асуудлуудаас гадна эх орны нийслэлээс алс хол, зах зээлийн төвөөс алслагдсан, бүс нутгийн хөгжил, хүн ам зүйн онцлог, орлогын эх үүсвэр, дэд бүтцийн хомсдол зэргээс шалтгаалан Баян-Өлгийчүүдэд тулгарч байгаа бэрхшээл зовлонг бид бүрэн ойлгож, мэдэрч байгаа.

Аймгийн өмнө тулгарсан зорилт, бэрхшээлийг Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого болон Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэн, хэтийн хараатай, чиглэсэн зорилго, цогц төлөвлөгөөтэйгээр, иж бүрнээр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Үүний тулд дараах хэдэн зангилаа асуудалд төр засаг, орон нутгийн удирдлага, иргэд хамтын хүчээ төвлөрүүлэн ажиллах нь зүйтэй.

Үүнд:

1.Манай орны хөгжил, хүн ардын амьжиргааны үндсэн тулгуур болсон уламжлалт мал аж ахуйг эрхлэх аргыг үндсээр нь өөрчлөх цаг болсныг өнгөрсөн өвлийн байгаль, цаг уурын хүнд сорилт бидэнд харууллаа. Малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, үндэсний фермерүүдийг бий болгон дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, малчдын шинэ үеийг бэлтгэн сургах, орон нутгийн тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, баг, сум бүрт усалгаатай талбайг олшруулан хашиж хамгаалах, малын даатгалын системийг нэвтрүүлэх зэргээр мал сүргийг байгалийн эрхшээлээс сэргийлэн хамгаалах цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байна.
 
2.Танай аймагт малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, загас олборлох зэргээр орон нутгийн түүхий эд, байгалийн нөөцөд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх төсөл, хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нөхцөл бий. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг Засгийн газраас зориуд дэмжиж хөрөнгө санхүү, зохион байгуулалтын арга хэмжээ авч бие даасан агентлаг байгуулсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн 2 жилд тус бүр 30,0 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилаад байгаа. Энэ бүхнийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй.
 
3.Баян-Өлгий аймгийн хувьд уул уурхайн салбарыг хөгжлийн хоёр дахь гол тулгуур болгох өргөн боломж тун ойрхон байна. Хэд хэдэн газарт нөөц бүхий гянт болд, алт, Асгатын мөнгө, Толбо сумын нутаг дахь холимог металлын, Булган сумын нутаг дахь төмөрийн баян орд газруудын хайгуул, судалгааны урьдчилсан үр дүн ихээхэн найдвар төрүүлж байна. Одоо эдгээр орд газруудыг эргэлтэд оруулах талаар лиценз эзэмшигч холбогдох компаниуд болон аймгийн удирдлагууд идэвхтэй, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар уг асуудлыг бүх талаар дэмжих болно.
 
4.Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэд бүтэц шийдвэрлэгч ач холбогдолтой нь ойлгомжтой. Нэг үеийг бодоход энэ талаар бодит боломж өргөжсөөр байна. Танай аймгийн бүх сумд үндсэндээ өндөр хүчдэлийн эрчим хүчний сүлжээнд холбогдоод байгаа. Улаан байшинт-Өлгий-Ховдын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж, Улаанбаатарыг баруун бүстэй холбох хугацаа наашилсаар байна. Одоо БНХАУ-ын Алтай аймгийг манай Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Уулын Алтайтай холбох 200 гаруй км хатуу хучилттай зам тавих тухай яриа хэлэлцээ эхлээд байгааг Монгол Улсын Засгийн газар дэмжих болно. Энэ бүхэн нь Баян-Өлгий аймаг төдийгүй Баруун бүсийн дэд бүтцийг цогцолбороор хөгжүүлэх сайхан төлөвийг нээж байгаа юм.
 
5.Аялал жуулчлал танай аймгийн хөгжлийн бас нэгэн тулгуур болох учиртай. Баян-Өлгий аймгийн онгон байгаль, энд байгаа дэлхийд ховордсон ан амьман, ургамал, эртний түүхэн дурсгалууд, олон үндэстэн ястны өвөрмөгц соёл, зан заншил, аж төрөх ёс зэрэг давтагдашгүй боломжууд бол гадаадын аялагч, жуулчдын анхаарлыг татаж, сонорыг мялаах увьдис мөн. Гагцхүү гадаадын жуулчдыг хүлээн авах соёлч үйлчилгээ, тохилог цэвэр орчинг бий болгоход бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хүн бүр анхаарч ажиллах нь зүйтэй.
 
Эрхэм хүндэт иргэдээ!

Улс орны нийгэм, эдийн засгийн нийт хүчин чадал нь аймаг, орон нутгийн чадавхи, идэвх санаачлагаас ихээхэн хамаардгийг Та бүхэн илхнээ мэднэ. 2009-2010 онд аймгийн хэмжээнд дэд бүтэц, зам, гүүр барилгын салбарт 12,0 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдэж, Өлгий-Цагааннуурын хатуу хучилттай 30 км замыг үргэлжлүүлэн барих 13,0 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, баруун бүсийн автозамыг хөгжүүлэх төслийн хүрээнд Өлгий-Хашаатын чиглэлийн хатуу хучилттай автозамыг БНХАУ-ын 50,0 сая ам долларын хөнгөлттэй зээлээр энэ оны 3 дугаар улирлаас эхлэх, Өлгий хотын Нисэх буудлын 11,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хатуу хучилттай зурвас, 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэй Спорт цогцолборын барилгын ажил идэвхтэй явагдаж ашиглалтанд оруулах хугацаа ойрхон болсон зэрэг ажлын эхлэл, амжилт бүтээл их байна. Танай аймгийн ажил байдалтай танилцаж явахад нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд ололт, амжилтын зэрэгцээ цаашид анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлууд цөөнгүй байна.

-Орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа чандлан сахиж, нэгнийхээ ажлыг дэмжиж, үг хэлээ ойлголцож, үйл ажиллагаагаа уялдуулж, хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед хурцаар тавигдаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж зөрчил дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх ёстой.

-Хүний боловсрол, мэргэжлийн чадавхиас эцсийн эцэст ажил хэргийн хувь заяа шалтгаалдаг. Дунд ба дээд боловсролын тогтолцоог дэлхийн хишиг, стандартад ойртуулах, зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэх нь чухал болж байгааг би өмнө хэлсэн. Өнгөрсөн онд танай аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааг судлан үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайлангаас үзэхэд аймгийн төв, сумдын дунд сургуулиуд, Өлгий хотын соёлын коллежийн сургалтын чанар, сурагчдын сурлагын түвшин, багш нарын мэргэжил, мэдлэг, заах аргад ихээхэн дутагдал илэрч ерөнхий дунд боловсролын сургуулийн үнэлгээгээр сүүлийн 3 жил аймгуудаас сүүлийн байранд байсан байна.

Уг шалгалтын дүнг үндэслэн Засгийн газраас танай аймгийн боловсролын салбарын ажлыг сайжруулах талаар тогтоол гарган, зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан МУБИС ба Дорнод Казахстаны Их сургуулийн Өлгий хот дахь салбар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн чиглэлийг уул уурхай, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг аймгийн эдийн засгийн салбар, зах зээлийн бүтэц, бодит шаардлагатай нягт уялдуулан оновчтой сонгох, Соёлын коллежийн багш нарыг чадваржуулах, дунд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй байна.

-Иргэдийн оюун санааны хөгжил, хүмүүжил, ёс суртахууны төлөвшил нь үндэсний соёл урлагын хөгжилтэй салшгүй холбоотой. Баян-Өлгийчүүд олон үндэстэн, ястны соёлын баялаг өвтэй, дэлхийн сонгодог соёл урлагаас суралцаж ирсэн уламжлалтай, хэл, соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой ард түмэн. Өлгийчүүдийн хэл, соёл, ёс заншлын баялаг уламжлалыг хүндэтгэн хамгаалах, цэврээр хадгалах, шинэ нөхцөлд хөгжүүлэх явдал төр засгийн бүх шатны байгууллагуудын байнгын үүрэг мөн. Орчин үеийн барилгын цогцолбортой танай аймгийн хөгжимт драмын театрын техник тоноглолыг шинэчлэх, мэргэжлийн бүрэлдэхүүний тоог театрын стандарт шаардлагын хэмжээнд хүргэх, тэднийг шинээр бэлтгэх, давтан сургах, Домборын үндэсний найрал хөгжмийн оркестрыг сэргээн бэхжүүлэх талаар танай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлага, иргэдээс тавьж буй удаа дараагийн санал хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүй ёсны асуудал гэж үзэж байна.

-Аймгийн эрүүл мэндийн салбарт хүнд суртал, хариуцлагагүй байдал ихээхэн газар авсан тухай, эмч, эмнэлгийн ажилтнуудын дотор ажилдаа хайнга хандах, үүрэгт ажлаа оромдож, хувийн эмнэлэг, бизнесээ илүү бөөцийлэх, өвчтөн үйлчлүүлэгчдийг үл тоомсорлох, гар харж, шан харамж авах, архидан согтуурах зэрэг ёс зүйгүй, өргөсөн тангарагтаа үнэнч бус явдал гаргадаг гэсэн иргэдийн гомдол, шүүмжлэл нэмэгдсээр байдаг.
Ганцхан жишээ авахад, эхийн болон 0-1, 1-5 насны нялхсын эндэгдлээр улсад тэргүүлж, өнгөрсөн жилд 5 эх, 0-1 насны 68, 1-5 насны нялхсын эндэгдэл 25 гарсан ба энэ оны эхний хагас жилд дээрх дутагдал давтагдах шинжтэй байгаа нь иргэдийн иргэдийн шүүмжлэл үндэслэлтэйг харуулж байна. Эдгээр дутагдлуудыг шийдвэртэй засах арга хэмжээг аймгийн удирдлага холбогдох яам, мэргэжлийн хяналтын улсын албатай хамтарч авахын зэрэгцээ эмнэлгийн байгууллагуудын материаллаг бааз, оношлогоо, эмчилгээний техникийн боломж, эм хангамж, эмч сувилагч нарыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тал бүрийн арга хэмжээг боловсруулан дэс дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Баян-Өлгий аймгийн онгон байгаль, цэвэр агаар, цэнгэг ус, газар зүйн хувьд ашигтай байрлалын давуу тал нь хөгжлийн зангилаа асуудлуудыг шийдвэрлэхэд нэгэн таатай нөхцөл юм. ОХУ, БНХАУ-тай хил залгадаг, Казахстантай шууд харилцаатай, Исламын ертөнцтэй илүү ойр холбогдох сэтгэл зүй, шашин шүтлэгийн хүчин зүйлийн энэхүү боломжийг аймгийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд ухаалгаар ашиглан, зээл тусламж авах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг бүхий л талын арга замыг хайж, санаачлага, овсгоотой ажиллах нь чухал юм.

-Эдийн засаг, нийгмийн зорилтыг шийдвэрлэхэд хүний хүчин зүйл туйлын чухал. Танай аймгийн хувьд ажиллах хүч, хүний нөөц ихтэй, ард иргэд нь хөдөлмөрч хичээнгүй чанартай, ахмад үеэ хүндэтгэн, үндэснийхээ зан заншилаа дээдлэн, эвтэй найрсаг аж төрж ирсэн уламжлалтай, Алтайн уул шиг нөмөр нөөлөгтэй аксакалуудын амьдралын хат суусан баялаг туршлага, алтан сургаал, залуу үеийнхэний сурч боловсрох, ажиллах чин эрмэлзлэл зэрэг нь юу юунаас эрхэм зүйл билээ.

Танай аймгийн удирдлага, байгууллага, иргэдийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан баруун бүсийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх зорилт, чиглэл Монгол Улсын төр засгийн анхаарлын төвд байнга байсаар байх болно. Анхаараад зогсохгүй шийдвэрлэх арга замыг Та бүхэнтэй хамтран эрэлхийлэн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээ болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын ололт амжилт, алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар товч дурдахад ийм байна. Хэдэн үеэрээ аж төрөн суугаа, ээлтэй Өлгий болсон энэ л сайхан нутагтаа эдийн засаг, аж ахуйгаа хөгжүүлж, эрх чөлөөтэй, баян чинээлэг амьдарч 70 жилйин зузаан түүх, баялаг туршлагаа улам бататгаж, тулгамдсан шинэ зорилтуудыг шийдвэрлэх үйлстээ их амжилт олохыг Баян-Өлгийчүүд Та бүхнээсээ хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Казак малчин айлд зочиллоо
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
УЛААНГОМ ХОТОД 7,6 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан