Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.04 /
/Төр иргэний харилцааг бэхжүүлж, Төвлөрөлийг сааруулж орон нутагт эрх мэдлийг олгоно./
2010.08.02

Эрхэм хүндэт Увсчуудаа,
Тавтай сайхан зусаж байна уу? Та бүхнийхээ  амар амгаланг айлтган мэндчилье.
Орон нутагт ажиллах, олон хоногийн томилолтын урт аяны ид дунд Увсчууд Та бүхэнтэйгээ уулзаж, улс орон, бүс нутаг, аймаг, сумын хөгжлийн асуудлаар илэн далангүй ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Цагийн цагт засаг төрийнхөө бодлогыг дэмжиж, улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн олон ястны өлгий Увс нутгийн зон олон та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархлаа илэрхийлье.

Увсчууд уул усандаа бишрэлтэй, уламжлал соёлдоо хүндэтгэлтэй, төр засагтаа түшигтэй, хатуужил тэвчээртэй, хөдөлмөрч хичээнгүй, үзэл бодол үйлс зорилгодоо тууштай, эвсэг элгэмсэг, шулуун шударга зантай гэж би боддог. Энэ ч чанараараа Увс нутгийнхан өрлөг түүхэнд ч, өнгөрсөн зуунд ч, өнөөгийн цаг үед ч улс төр, үйлдвэрлэл бизнес, урлаг соёл, спорт гээд нийгмийн бүхий л салбарт нэр алдраа дуурсгасан олон олон алдартныг төрүүлсэн бахархалтай.

Өнөө жил Увс нутгийн хүү улсынхаа их баяр наадмын түрүү бөхөөр тодорч уул ус, зон олноо баярлуулж, алдарт аваргынхаа амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Тэгэхлээр Увсчууд энэ жилдээ ч, ирэх ондоо ч аз хийморьтой, амжилт бүтээл арвинтай байна гэдэгт итгэл төгс байна.

Засгийн газрыг тэргүүлж зовлон жаргалыг нь үүрч байгаагийн хувьд би энэ нутгаас төрсөн 20 дугаар зууны Монгол төрийн хоёр том зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх нарын төрийн ухаан, түвшин бодлогоос суралцахын хамт тэдний тэргүүлж удирдаж байсан Монгол Ардын Хувьсгалт Намыг энэ зууны улс төрийн манлай хүчин, Их бүтээн байгуулалтын санаачлагч, хошуучлагч хүчин байлгахыг чармайж, иргэдийнхээ ажил амьдрал, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахын төлөө Хамтарсан засгийн газрын хүчин чармайлтыг дайчлан ажиллахыг хичээж байна. Энд Увсчууд Та бүхний итгэл сэтгэл, дэмжлэг түшиг бас хэрэгтэй.

Иргэдийн дэмжлэг оролцоогүйгээр Засгийн газрын бүтээн байгуулалтын том том зорилтууд хэрэгжихгүй. Засгийн газрын удирдлага, бодлого зохицуулалтгүйгээр иргэдийн амьдралд эрс нааштай өөрчлөлт гарахгүй. Иймээс төр иргэдийн харилцаанд харилцан итгэлцэл, хамтын чармайлт нэн чухал нь тодорхой.

Эрхэм хүндэт иргэдээ,

Хамтарсан Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа  болон ойрын жилүүдэд эхлүүлхээр төлөвлөж буй ажлаасаа тоймлон хэлье.
Юуны өмнө Монгол орны эдийн засгийн бүтэц, өсөлтөд эргэлт, сэргэлт авч ирэх уул уурхайн салбарын хөгжлийн шинэ үе эхэлж байгааг хэлэхэд таатай байна. Стратегийн болон эдийн засгийн ач холбогдолтой ордуудыг эргэлтэд оруулах, үр ашигтай ашиглах эхний алхам хийгдсэн. Тухайлбал,  Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 4 сард байгуулагдсанаар одоо бүтээн байгуулалт ид явагдаж байгаа. Тэнд 3000 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байгаагаас 2200 гаруй Монгол залуус өндөр цалинтай ажлын байраар хангагдаад байна. Цаашдаа нийтдээ 5700 гаруй ажлын байр бий болох юм.
 
Орд газрын бүтээн байгуулалтад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, харилцаа холбоо, тээвэр, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж байгаа олон арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ашиг орлого нэмэгдэж байна. Иргэд та бид ч энэ орд газрын ирээдүйн ашгаас хувь хишиг хүртээд эхэлчихсэн байгаа.

Оюутолгойгоос гадна нөөц баялагаараа дэлхийд дээгүүр орох Таван толгойн ордыг ашиглах бодлого, үзэл баримтлалаа саяхан бид Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр манай иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших, байгалийн баялагтаа эзэн байх, өөрийн гэсэн өмчтэй болох боломж нөхцөл нээгдэж байгаа юм. 

Оюу толгой, Таван толгойгоос гадна Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн  хүдрийн орд зэрэг олон газарт олборлолт хийгдэж байна. Дагалдаад дэд бүтэц, үйлдвэрлэлийн барилга байгууламжын бүтээн байгуулалтууд эх орны маань өнцөг булан бүрт өрнөж байна. Оны эхний хагаст гадаадад гаргаж буй нүүрс төмрийн хүдрийн хэмжээ 2-2,3 дахин, газрын тосны хэмжээ 68 хувиар өссөн үр дүн гарсан.

Цаашдаа баялагаа түүхийгээр нь гадаадад гаргах биш, боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэд хүргэх эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох зорилтыг Засгийн газар тавьж байгаа. Үүнтэй уялдаад уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, бүтээгдэхүүнийг тээвэрлэх асуудлыг шийдэх шаардлага аяндаа гарч байгаа юм. Энэ чиглэлд бас эхлэл тавигдсан. "Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого"-ыг боловсруулж УИХ-аар батлуулсан. Энэ бодлогын хүрээнд ойрын 4 жилд 1000 гаруй километр төмөр зам барих томоохон төсөл хэрэгжиж, алсдаа үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ бий болох юм. Төмөр замын бүтээн байгуулалт эхэлбэл олон зуун, мянган хүн ажлын байраар хангагдаж, олон арван суурин, тосгон босч, зам даган хөгжил ундарна.

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан үйлдвэржүүлэлтийн зорилтын хүрээнд "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах асуудлыг хуралдаанаар хэлэлцээд, тооцоо судалгаа, төсөл төлөвлөгөөгөө хийж байна. Нүүрс угаах, хийжүүлэх, кокс гаргах, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр, төмрийн болон бусад үйлдвэрээс бүрдэх энэхүү цогцолборыг барьж байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлнэ.

Ийнхүү шинээр хэрэгжүүлж байгаа стратегийн томоохон орд газрууд, аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар 2015 оноос Монгол улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, тодорхой хэсгийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортлодог орон болох юм.  Тэр үед манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилд дундажаар 18-20 хувьд хүрч, нэг хүнд ноогдох хэмжээ нь багаар  бодоход 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн төсөөлөл байна. Ингэвэл хүн амын амжиргаанд мэдэгдэм өөрчлөлт гарах болно.

  Засгийн газраас зөвхөн уул уурхайн салбарыг хөгжүүлэх зорилт тавиагүй бөгөөд нэг талаар,  эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нөгөө талаар ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ч ихээхэн анхаарал тавьж  2011-2016 онуудад хэрэгжих  "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг саяхан УИХ-аар батлууллаа. 
 
Энэ хөтөлбөр нь улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлэн хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэж, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах замаар нийтлэг тулгараад байгаа нийгэм эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэж, хөгжлийг жигд хангаж, хүн амынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэгдэж байгаа юм.

"Шинэ бүтээн байгуулалт " хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотын асуудлаар хязгаарлагдахгүй, бүхэлдээ барилгын үйлдвэрлэлийг сэргээснээр бүс нутгийн хөгжлийн бодлоготой нягт уялдаатайгаар, хөдөө орон нутаг, томоохон хот суурингийн хөгжилд болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц хөшүүрэг болох юм. Энэ утгаараа Увс  аймаг, Улаангомын хөгжлийн ирээдүйтэй шууд холбогдоно.

Ийнхүү уул уурхайд суурилсан үндэсний аж үйлдвэржүүлэлт, суурь бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлж байна. Энэ бол эдийн засгийн өсөлтийн шинэ үе юм. Засгийн газар ингэж асуудлыг сууриар нь,  цогцоор нь харж шийдэхийг эрмэлзэж байна.  Гэхдээ энэ их бүтээн байгуулалтыг ард түмэн хийнэ. Ард түмэн бүтээж, Засгийн газар залж чиглүүлж удирддаг нь аль ч цаг үеийн жам билээ. Та бид энэ бүгдийг хамтдаа хийж чадна гэдэгт итгэлтэй байна. 
 
Манай улсын эдийн засгийн уламжлалт бөгөөд голлох салбар бол Хөдөө аж ахуй билээ. Энэ салбарт ч Засгийн газар анхаарал хандуулж, дэс дараалсан арга хэмжээ авч,  газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж байна. Өнгөрөгч онд "Атрын III аяны" хүрээнд тариаланч, механикжуулагчдынхаа хичээл зүтгэлийн үр дүнд хэрэгцээт үр тарианы 97,0 хувь, төмсний 100,0 хувь, хүнсний ногооны 50,0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан бол энэ онд төмс болон үр тарианы хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах зорилготой ажиллаж байна. Энэ нь зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилго төдий бус үндэсний үйлдвэрлэл, үндэснийхээ үйлдвэр, аж ахуй нэгжээ дэмжих , хүн амаа эх орны эрүүл хүнсээр хангах хүнсний аюулгүй байдлын утга агуулгатай чухал зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Увсчуудын хувь оролцоо нэн чухал байна.
 
Увс аймаг газар тариалан хөгжүүлэх таатай нутагтай. Увсчууд энэ талын дадлага туршлага, мэдлэг чадвар, уламжлалт соёл,  арга барилтай. Үүнийгээ орчин үеийн техник, технологи, арга менежменттэй хослуулан, орон нутгийн үр ашигтай үндсэн салбарын нэг болговол зохино. Цагтаа Баруунтурууны Сангийн аж ахуй үр тариагаар өөрийн аймгийн төдийгүй баруун аймгийн хэрэгцээг хангаж байсан гэдэг. Энэ уламжлалаа сэргээж цаашид усалгаатай газар тариаланг хөгжүүлж, үр тарианы болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, чанар сайтай гурил, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр аймгийнхаа хүн амын хэрэгцээг бүрэн хангаж, мал аж ахуйгаа тэтгэж, улмаар зэргэлдээ аймгууддаа нийлүүлэх боломж байна. Энэ бол танай аймгийн эдийн засгийн хөгжлийн бэлээхэн нэг нөөц юм. Энэ нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж орлоготой, мөнгөтэй болох нь зөвхөн Увсчууд та бүхнээс л шалтгаална.

Танай аймаг мөн чулуун давс, байгалийн болон таримал чацарганаар Монголдоо тэргүүлдэг. Энэ давуу тал, нөөцөө ашиглан "Чацаргана"  хөтөлбөр боловсруулан өөрий брэнд бүтээгдэхүүн болгон санаачлагатай ажиллаж буй нь сайшаалтай. Энэ уулзалтын өмнө "Увс Хүнс" ХХК болон чацарганы талбай, үрийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Сайн эхлэл, сайхан ирээдүй байна. Энэ жишгээр санаж сэдэж, үнэхээр үр ашигтай, бодит ажлыг хийвэл бид техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтаар дэмжих болно.  Засгийн газар үр ашиггүй төсөл, ам яриаг бус өгөөжөө өгөх бодит ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийг л дэмжин санхүүжүүлнэ.

Мал аж ахуй бол манай улсын онцгой анхаарлын төвд байдаг салбар мөн. Өнгөрсөн жил баталсан "Малчдын талаар төрөөс баримтлах бодлого",  энэ жилийн "Монгол мал" хөтөлбөрүүд нь үүний илрэл мөн. Эдгээр хөтөлбөрүүд нь  мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, малчдынхаа аж амьдралыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгал, хамгааллыг сайжруулах зорилгод чиглэгдэж байгаа юм. 

Өнгөрсөн өвөл,  хавар энэ салбарт манай эдийн засаг, малчид ихээхэн хохирол амслаа. Оны эхний нийт малын 20 хувь буюу 8,8 сая мал хорогдож, 550.0 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирч 8700 гаруй малчин өрх огт малгүй болсон. Танай аймагт л гэхэд нийт малын 26,6 хувь буюу 616 мянга гаруй мал хорогдож хагас мянга гаруй өрх огт малгүй болжээ. Зудын хохиролыг арилгахын тулд Засгийн газраас 6,8 тэрбум, олон улсын ба гадаад, дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн хандив тусламжын 26,6 тэрбум, мөн гадаадын төсөл хөтөлбөрийн 12,3 тэрбум, нийтдээ 45,7 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа. Мөн өнгөрсөн 6 дугаар сард Засгийн газар 137 дугаар тогтоол гаргаж, зудын хохирлыг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө боловсруулж баталсан. Энэ хүрээнд төсвийн тодотголд  3,0 тэрбум төгрөг тусган батлуулж, малгүй болсон малчдыг малжуулах арга хэмжээ авч байна. Танай аймагт энэ чиглэлээр 180 сая төгрөг хувиарлагдаад байгаа.

Мал аж ахуйн үйлдвэрлэл орон нутгийн хөгжлийн нэг тулгуур үндэс болсоор ирсэн, байх ч болно. Иймд цаашдаа малын тоо толгойг өсгөх төдийгүй малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жинхэнэ утгаар нь үйлдвэрлэл болгох шаардлагатай байна. Үүний тулд мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир зэрэг малын бүх төрлийн ашиг шим, түүхий эдийг хагас болон бүрэн боловсруулж бүтээгдэхүүн болгох, энэ чиглэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь орон нутгийн хөгжлийн бодлогын нэг чиглэл байх ёстой. Ийм бодлого, иргэдийн санаачлагыг Засгийн газар хөрөнгө оруулалтаар дэмжих болно.
 
Мөн малыг эрүүлжүүлэх чанаржуулах, үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг чанартай болгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ бүхэн орон нутагт малчин, мэргэжилтний хамтын хүчээр хийгдэх ажил. Өнөө цагийн малчид бол мал дагадаг хүн биш малаа өсгөн үйлдвэрлэл явуулдаг бизнесмэн байх учиртай. Иймээс малчид мал маллах уламжлалт  арга ухаанаас гадна бизнес арга ухаанд суралцаж, бүхнийг орчин үеийн мэдлэгтэйгээр хийх цаг болжээ.

Танай аймгийн түүхэнд нэрээ үлдээсэн Иргэл баян, "Фронт" Бадам нар бол өнөө цагийнхаар бол шилдэг менежмэнт бүхий сайн бизнесмэнүүд, нийгэм, хүмүүнлэгийн сайн үйлстнүүд байжээ. Ийм арга ухаантай улсын аварга болон мянгат малчид Увс аймаг цөөнгүй бий.  Мал сүрэг бол үндэсний өвөрмөц,  нөхөн сэргээгдэх нийгмийн баялаг учраас эзэн хүн овсгоо ухаан гаргаж, ажилч хичээнгүй байвал өрхийн амжиргааг өлхөн хангах, дагалдаад олон хүнийг ажилтай орлоготой болгох, орон нутаг,  улмаар улсын хөгжилд хувь нэмэр оруулах өгөөж буянтай билээ.

Өнөөдөр олон хүн байгалийн баялаг, алт гээд нүдээ өгөхөөс буцахгүй байна. Гэтэл үндэсний баялаг болсон малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж , алт болгож чадахгүй үнэгүйдүүлж байгаа нь хатуухан хэлэхэд бидний эмгэнэл бөгөөд гутамшиг юм. 30 гаруй сая малтай, 3 хүрэхгүй сая хүн  амтай улсад ядуурал өндөр хувьтай байгаа нь боломж нөөцөө ашигладаггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуучууд болгож биднийг муухай харагдуулж байна. Хаа сайгүй байгаа энэ байдлыг халахгүй бол хөгжил манайд ирэхгүй. Тэгэхлээр хөгжил хүнээс хамаарах нь тодорхой байна. Хөгжлөөс чангаадаг биш хөгжлийг дэмждэг, хийдэг бүтээдэг, чухам хөгжлийн төлөө хүн болох цаг үе иржээ. Иймээс Монгол хүн өөрөө хурдан хөгжих хэрэгтэй байна.

Чухам энэ утга агуулгаар нь Хүний хөгжлийг хангах зорилтыг Засгийн газар үйл ажиллагааныхаа тэргүүлэгч, үндсэн зорилт болгон ажиллаж байгаа юм. Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нийгэм, эдийн засаг,  эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар хичээж байгаа. Хүн амын эрүүл мэнд сэтгэл зовоосон асуудлын нэг хэвээр байна. Эрүүл мэндийн салбарын удирдлага, ажил үйлчилгээний чанар, өгөөжийг дээшлүүлэх, даатгалын тогтолцоог бүхэлд нь боловсронгуй болгохоор зорьж байна. Төр засгаас анхаарлаач иргэн хүн өөрөө эс хичээвэл үр дүн бас гарахгүй ээ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс эхлээд элдэв буруу зуршилд автах, орчноо бохирдуулах, хөдөлгөөний дутагдалд орох гээд хүний хамгийн үнэт эрхэм баялаг эрүүл мэнддээ дэндүү хайхрамжгүй хандаж байгааг сэрэмжлүүлэн хэлье.

Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх замаар хүүхэд, өсвөр үеийнхэнд багаас нь амьдралын зөв хэвшил, зуршил суулгах, эрүүл мэндээ хамгаалж сурах, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гэгээрэл сурталчилгааны ажлыг иргэдийн дунд өрнүүлж, эрүүл орчныг бүрдүүлэхэд орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэнд, боловсрол соёлын газар, иргэний нийгмийн байгууллагууд санаачлага гаргавал зохино. Тус аймагт эх, нялхсын эндэгдэл буурсан үзүүлэлттэй хэдий ч улсын дундажаас өндөр байгаа  нь цаашид тодорхой арга хэмжээ авч анхаарал хандуулах шаардлагатай  Мөн халдварт өвчний гаралт нэмэгдсэн байна. Иймд цаашид эмч, эмнэлэгийн ажилтныг давтан сургах ялангуяа хүүхдийн болон нярайн эмчийг бэлтгэх сургалтын тогтолцоонд салбарын байгууллага анхаарах хэрэгтэй.  

Боловсрол бол хүний хөгжлийн нэг үзүүлэлт төдийгүй орчин үеийн бүтээлч хүний нэг гол шинж мөн. Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх”, төрөлжүүлэн нэгтгэх, хүүхдүүд эх нутагтаа олон улсын түвшиний ерөнхий боловсрол эзэмших нөхцөл бүрдүүлэх  зэрэг томоохон зорилтыг Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Уул уурхайн томоохон ордуудыг ашиглаж эхлэхтэй холбогдон өндөр боловсролтой инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ нэн их байна. Иргэд, ялангуяа хүүхэд залуучууд боловсролд хандах, мэргэжил сонгох хандлага өөрчлөх ёстой.

“Ямарч байсан яахав” гэдэг чиг зорилгогүй хандлагаар биш, нийгэм, цаг үе, эрэлт хэрэгцээнд тулгуурлаж зөв сонголт хийх нь ирээдүйд баталгаатай ажлын байртай болохын эхлэл болно. Өнөө үед мэргэжлийн боловсрол маш чухалчлагдаж байна. Мал маллах, ногоо тарих хүртэл чухамдаа олон талын мэргэжил мэдлэг шаарддаг маш нарийн  чимхлүүр ажил.   ХААИС-ийн малчны мэргэжлийн ангид элсэлт ховор байхад хуулийн ангид нэг хуваарь дээр хэдэн зуугаар өрсөлдөж байгаа өрөөсгөл ойлголт хандлагаа өөрчлөх цаг болсон.

Сургуулийн өмнөх болон суурь боловсролын чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Чанартай боловсрол чанартай амьдралын баталгаа болдог. Увс аймагт ерөнхий боловсролын 27 сургуульд 20 орчим мянган хүүхэд суралцаж, тэдний сургалтын орчин багшлах боловсон хүчний хангалт зохих түвшинд байгаа юм байна. Тариалан сумын цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэг болсон, төгсөгчдийн элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнгээр улсад 3 дугаар байрт орсон зэрэг өсөлт амжилт байна.  Цаашид бүх шатны сурлагын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчинг эрс шинэчлэх, сурагчдын дотуур байрын хүрэлцээ хангамж, тав тухыг хангах зэрэг анхаарах асуудал олон бий.

Иргэдээ ажлын байр бий болгох нь хамтарсан Засгийн газрын бас нэг чухал зорилго. Их бүтээн байгуулалтын том том зорилтууд эцсийн  дүндээ үүнд чиглэгдэж байгаа юм. Ажлын байрны хэрэгцээ ойрын жилүүдээс маш их нэмэгдэнэ. Манай хүмүүс гадагшаа ажил хайж явах нь багасна. Зөвхөн Сайншанд цогцолборыг барьж байгуулснаар 70-80 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Үүний цаана Оюутолгой, Тавантолгой, Төмөрзам, Мянганы зам, их барилга зэрэг ажлын байрын багтаамж ихтэй хөдөлмөрийн зах зээлд борлогдох хүн, шаардлагатай ажлын байранд тохирох чадварлаг мэргэжилтэн, ажилтан чухал болоод байна. Ажил хүнийг голох цаг ирж байна. Ажилд гологдсоноо ажил олдохгүй байна гэвэл эндүүрэл болно.

Увс аймагт 2000 шахам бүртгэлтэй ажилгүйчүүд  байгаа ба ажилгүйчүүдийн түвшин буурахгүй байна гэсэн мэдээ бий. Ажилгүй гээд аймагтаа, гэртээ бүгэх хэрэггүй. Их бүтээн байгуулалтын фронтруу яв. Тэдгээр хүмүүс юу хийж чаддаг, ямар мэргэжил чадвартай байна. Тийм ажлын байр хаа нэгтээ байгаа. Бүртгэлгүй ажилгүйчүүдээ бүртгэ, сурга, дадлагажуул, хөдөлмөрийн зах зээлд зуучлахад орон нутаг анхаар. Иргэн өөрөө хичээ. Орон нутагт ч ажлын байрын хэрэгцээ мундахгүй их байгаа. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлтэй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэйг би дээр дурдсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд улсаас жил бүр 30.0 тэрбум төгрөг баталж өгч байна. Өнөө жил аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилж олгосон. Энэ бүхэн ажлын байр шинээр бий болгоход чиглэгдсэн арга хэмжээ, үр дүнг бид нэхэх болно.

Зах зээлийн хямралтай, зудын хохиролтой, төсөв хязгаарлагдмал байгаа нөхцөлд иргэдийнхээ амжиргааг дэмжих, орлогын эх үүсвэртэй байлгах нь манай Засгийн газрын нэн тулгамдсан зорилт байсаар ирлээ. Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ" гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг бүрдүүллээ. "Хүний хөгжил"  сангаас эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөгийн хувь хишиг хүртээлээ.

Мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт  сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч,  зарим бараа,   бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг бий болгох хандлага  ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх үүднээс  8 дугаар сарын 01-нээс  он дуустал иргэн бүрт 10,0 мянган төгрөгийн  хишиг хувийг сар бүр тогтмол хүртээх,  2011 оноос энэ хэмжээг 20,0 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ийм байдлаар 500 мянган төгрөгийг бэлнээр үе шаттайгаар олгох шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан билээ.  "Чамлахаар чанга атга" гэгчээр иргэд маань үүнийг зөв хэрэглэвэл амжиргаанд нэмэр болно. Үлдсэн 1 сая төгрөгийг мөнгөн бус хэлбэрээр буюу  тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол,   эрүүл  мэнд, орон сууцны эрхийн бичиг зэргийн аль хэлбэрээр нь   хүртэх талаар иргэдээсээ санал авах ажлыг зохион  байгуулсан.

Хүн хүний хэрэгцээ өөр өөр байна. Увсчуудын хувьд гэвэл 26 орчим хувь нь тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт, 30 орчим хувь нь боловсролын үйлчилгээнд, 41 хувь нь орон сууц, малчны болон бусад зээлийн төлбөрт зарцуулах санал өгсөн. Энэ бүхнийг бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөх шийдвэр гаргаж, 4 мянга гаруй албан хаагчийг орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамруулах болсон нь мөн л иргэдийн орлогыг шууд ба шууд бус хэлбэрээр нэмэгдүүлхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ юм.

Монгол Улсын Засгийн газар хүндээ зориулсан хөрөнгө оруулалтыг цаашид ч нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана. Эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг хангах 2 том зорилтод хүрэхийн тулд төрийн оновчтой удирдлага, төсвийн шинэ бодлого, төр иргэний харилцааны зохистой арга механизм хэрэгтэй. Энэ чиглэлээр бид тодорхой алхам хийж байгаа. Төвлөрөлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.

Орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг төвлөрсөн   байдлаар зохицуулж санхүүжилтийг хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн xөгжил, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгаа байдлыг анхаарч, түүнийг засч сайжруулах, орон  нутгийг   хөгжүүлэх,   орон  нутгийн  эрх  мэдлийг  нэмэгдүүлэх талаар  тодорхой арга  хэмжээнүүдийг  авч хэрэгжүүлэхээр Засгийн газраас саяхан "Төсвийн тухай" хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан.

Энэ  нь орон нутагт төсөв санхүүгийн эрх мэдлийг олгох, сум, багийн төсвийн зардлын төлөвлөлтийг боловсронгуй болгох түүнийг  оновчтой, зөв хэрэгжүүлэх, олон нийтэд ил тод ажиллахад нөлөөлнө гэж үзэж байна.  Шийдвэр гаргах процесст иргэдийн оролцоог хангах талаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагааг чиглүүлэх  хэрэгтэй.

Хүндэт иргэдээ,
Ийнхүү Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, боловсруулж буй бодлого, тулгамдсан асуудлууд олон байна. Увс аймагт ч олон асуудал шийдлээ хүлээж байгааг Засгийн газрын тэргүүний хувьд сайн ойлгож байгаа. Тулгарч буй бүхий л саад бэрхшээлийг даван туулахад хүн бүрийн идэвх санаачлага, үүрэг хариуцлага нэн чухал юм. Улс орныхоо эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын  амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч Увсчууд Та бүхэн орон нутгаа хөгжүүлэхэд санаачлагатай хандаж, аймгийнхаа нөөц баялаг, боломж бололцоог зохистой ашиглаж, мал аж ахуй,  газар тариалангийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Засгийн газрын зүгээс Увс аймгийн Боршоогийн хилийн боомтыг "Хилийн боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөө"-ний дагуу тохижуулан, шаардагдах барилга байгууламжыг барих, мөн Улаангом хотод дулааны 2 дахь эх үүсвэр шинээр барих асуудлыг 2011 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт болон зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг холбогдох яам, албан тушаалтанд үүрэг болгосон байгаа. Аймгийн төсөв  2010 оны эхний хагас жилийн байдлаар 3.2 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөгөө 656.7 сая төгрөгөөр буюу 25.8 хувиар давуулан биелүүлжээ.

Цаашид  ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж аймаг суманд ажиллуулах зэрэг асуудлуудад орон нутгийн Иргэдийн төлөөллийн болон  нутгийн захиргааны байгууллага  онцгой анхаарал хандуулж, аймгийн хөгжлийн давуу тал, нөөц боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин,  ажлын байрыг олноор бий болгох, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага байсаар байна.

Үүнд мөн иргэний өөрийн хүлээх үүрэг, хариуцлага ч чухал юм. Иргэн хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх, сурч боловсрохыг хичээх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах ёстой. Аливаа дэвшил, хөгжил, хүчин чармайлт хоёр талаасаа байх учиртай. Төр,  засгийн бодлого, зохицуулалт байх ёстой газраа дээд зэргээр байх, нөгөө талаас иргэд, нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагууд ч хүлээсэн үүргээ биелүүлж санал, санаачлагатай ажиллах нь чухал. Эдийн засаг, нийгмийн том зорилтууд, их бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээ цаг үеийн тулгамдсан асуудлуудад ч анхаарах учиртай. Одоо зуны сар шувтарч намрын улирал хаяанд ирлээ. Налайж сууж намрыг өнгөрөөлгүй өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаахыг энд сануулж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангуулахад салбарын яам болон орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчдын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Засгийн газар саяхан гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутаг малчдын түвшинд цаг алдахгүй зохион байгуулах тодорхой ажлууд байна. Юуны өмнө малын угаалга, тарилга зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь гүйцэтгүүлэх, өвөлжөө бууц, хашаа хорооны ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанартай хийж гүйцэтгэх нь чухал.

Хадлан тэжээл бэлтгэх техникийн засвар үйлчилгээний ажил өдийд дууссан байх учиртай. Хадлангийн техникээр үйлчлэх дундын үйлчилгээний нэгжийг орон нутагт зохион байгуулан малчид, иргэд, аж ахуйн нэгж хоорондын уялдаа холбоог хангаж ажиллан аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг тогтоосон хэмжээнд заавал бүрдүүлсэн байвал зохино. Увс аймаг 1500 тн өвс, 750 тн тэжээл, сум бүр 150 тн өвс, 100 тн тэжээлийн аюулгүйн нөөцтэй байх даалгаврыг дээрх тогтоолоор өгсөн байгаа.

Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай зохион байгуулахтай холбогдсон шатахуун болон бусад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний зэргэцээ төв суурин газрын дулааны станцын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалт, нүүрс татах, нөөцлөх ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг даалгавар тогтоолоор өгөгдсөн байгаа. Бидний ажилд хурд, хугацаа, чанар, үр ашиг гэсэн 4 гол шалгуур үзүүлэлт байх учиртай. Энэ бол зах зээлийн алтан дүрмүүд, бизнесийн үндсэн зарчмууд. Эдгээр нь хувь хүний ажил амьдралд ч, төр захиргааны ажилд нэгэн адил хамаатай. Аль нэг нь доголдвол хүчин зүтгэл талаар болдгийг хэн хүнгүй бодууштай.

Увс нутгийн ард иргэдээ,

Увс аймаг бол төрийн тахилгат Ханхөхий, мөнх цаст Хархираа, Түргэний сүрлэг уулс, жигүүртэн шувуу, мал амьтан, жуулчин гийчин цугласан Увс, Хяргас, Үүрэгийн ус ихт нууруудаараа гоёсон, элсэн манхан, хөвч тайга, өргөн тал хосолсон үзэсгэлэнт сайхан байгальтай, арвин их ашигт малтмал, эрдэс баялагийн нөөцтэй. Хүннү Сүннүгийн үеэс эхтэй төр ёс, түүх соёлын арвин баялаг өв дурсгал, үеийн үед уламжилж ирсэн олон ястны язгуур урлаг, соёлын биет ба биет бус өвийг өнөөг хүртэл хадгалан хөгжүүлж ирсэн Монгол иргэншил соёлын голомтын нэгэн билээ. Энэ сайхан нутагтаа эзэн болж, эрх жаргалтай аж төрж, их бүтээн байгуулалт өрнүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулж, урьд урьдаас илүү амжилт ололтод хүрэхийг Увс нутгийн нийт иргэддээ хүсэн ерөөе.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
Казак малчин айлд зочиллоо
УЛААНГОМ ХОТОД 7,6 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
ЕРӨНХИЙ САЙД “УВС ХҮНС” КОМПАНИЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан