Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар тэрбээр Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагт ажиллаад байна. Хөвсгөл аймагт ажиллаж байхдаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Ерөнхий сайдаа та нийслэлээс гараад гурван аймагт ажиллалаа. Эдгээр аймгууд таны бодож байснаас ямархуу байна вэ? Тухайлбал Архангай аймагт онцлох юу байсныг хэлнэ үү?
- Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, хийж байгаа ажлаа ард түмэндээ очиж танилцуулъя хэмээн Улаанбаатар хотоос гарахдаа бодож байлаа. Мөн гаргасан түүхэн томоохон шийдвэрүүдээ, хэрхэн хийх арга хэлбэрүүдээ бүгдийг нь ярья гэжбодсон. Хоёрдугаарт ард түмэн эдгээр шийдвэр, алхмуудыг хэрхэн хүлээж авч байна. Ямар санал байна, бодит амьдрал дээр орон нутаг ямархуу байна. Төр, засгийн удирдлагууд ирж байгаа дээр нь хэлэх юмсан гэсэн бодол иргэдэд маань байгаа. Ийм ажлын зорилготой нийслэлээс гарсан.
Түүнчлэн Монгол орныхоо байгаль, нутгийг үзэх далимдаа зуншлага ямархуу байгааг нүдээрээ харъя гэж бодсон. Өнгөрсөн өвөл хахир хатуу болж малчид маань багагүй зовлон амссаныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэдний сэтгэгдэл, өвөлжилтийн бэлтгэл орон нутагт ямар байгаа, зуднаас ямар сургамж авсан, орон нутгийн удирдлагууд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврыг яаж биелүүлж байгааг газар дээр нь шалгах зорилгыг ч бас агуулсан. Мөн орон нутагт гарч байгаа санал санаачлагууд юу байна, бүтээлч ажлын хүрээнд орон нутгаа хөгжүүлье гэсэн саналыг бүхэлд нь сонсоё гэсэн юм. Бас нэг зорилго нь ард иргэдийнхээ ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ эх нутгаараа явж, монголчууд өөрсдөө эх оронтойгоо илүү танилцах ёстой. Ийм сайхан байгаль, нутгийг илүү мэдэрч бахархах бахархлыг бий болгох ёстой юм. Хэвлэл мэдээллийн олон байгууллага надтай хамт явж байна. Та бүхний оролцоо их шүү гэдгийг хэлмээр байна.
Аялал жуулчлалын маршрутыг давхар бодож, хангай, баруун бүс нутагт аялж байгаа том аяллыг өргөн бүрэлдэхүүнтэй явахын зэрэгцээ өөрийн гэргий, хүүхдүүдтэйгээ цуг нутаг орноо үзүүлж, эх орноороо бахархах бахархлыг үлдээе гэсэн юм.
-Засгийн газрын зүгээс орон нутагт гарсан бүтээлч санаачлагыг дэмжинэ гэж та хэллээ. Таны орсон эхний аймгуудын хувьд дэд бүтцийн хөгжилд санал, санаачлагыг гаргаж байх юм уу ?
- Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Архангай, Хөвсгөлийн иргэд маань төр засгийн зүгээс бодлого шийдвэр гарахыг нь хүлээхээс илүүтэй өөрсдийнхөө боломж, бололцоог дайчлан аймаг, орон нутгаа хөгжүүлье гэсэн сэтгэлгээгээр амьдарч байгаа нь их сайхан санагдлаа. Тэдэнд бодитой ажил байна. Архангай аймгийн нутгийн зөвлөл нутаг орноо гэсэн иргэдийн сайхан сэтгэл, төр, захиргааны байгууллагатайгаа хамтран орон нутгийн хөгжлийн форум байгуулжээ.
Монголчууд бидний хэлдэгчлэн ажил үйлс нь өөдрөг байхын бэлгэдэл болсон усан оргилуурыг энэ үеэр нээж, олон сайхан ажил хийснийг бид сая харлаа. Дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ, жижиг дунд үйлддэрлэлийг хөгжүүлэх бодитой тодорхой төсөл, хөтөлбөр, санал санаачлагууд гаргасныг сонслоо. Төр ба хувийн хэвшил, орон нутгийн түвшинд Засгийн газар тэднийг хэрхэн дэмжих талаар бодитой санал боловсруулж бидэнд танилцуулахаар бэлтгэсэн байна. Энэ бол их зөв зүйтэй. Бидний санаачлага хоёр талаасаа явах ёстой юм. Ер нь орон нутгаас санал гарах ёстой гэсэн шаардлага, боломж байна гэдгийг харууллаа.
Харин Хөвсгөлчүүдийн маань сайхан ажиллаж байна. Сайхан баяр, арга хэмжээг зохион байгууллаа. Үүнийхээ зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Бас жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн урагшлуулах вэ гэдэгт их анхаарч байгаа нь ажиглагдлаа. Энэ бүгдээс харахад тэдэнд хийх ажлын санал, санаачлага байна. Төр, засгаас бодлогын хүрээнд , тухайлбал Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын болон аймгийн төвийн зам , Архангайгаас Хөвсгөл явах чиглэлд аялал жуулчлалын маршрут гаргах боломжтой нь надад харагдлаа. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Зам, дэд бүтцийн хөгжлийг төр, засаг бодлогоор түлхүү дэмжиж өгөөч гэсэн тодорхой саналыг их зөв гэж харсан.
Төр, засгаас орон нутагт тодорхой үүрэг хариуцлага өгөхийн зэрэгцээ тэдэнд төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг давхар өгөх нь зөв юм. Өөрөөр хэлбэл төвлөрлийг саармагжуулах, тэнцвэрт байдал, эрх үүргийг бий болговол хариуцлага ярих боломжтой болно. Тодорхой биеэ даасан санаачилгатай ажиллах боломжийг зохих ёсонд бүрдүүлж өгөөч гэсэн саналыг тавьж байгаа нь бүтээлч, нөгөө талаас ажил хэрэгч ажил хийе гэсэн сэтгэлийг харуулж байгаа нь надад сайхан санагдлаа. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа хуулиудтай нийцэж байгаа нь нэн таатай байна.
Өөрөөр хэлбэл Монгол улс маань бүхэлдээ хөгжих боломж байна. Эх орны үзэсгэлэнт сайхан байгалиа зөв хэлбэрээр хадгалах эдийн засгийн боломж байна. Түүнийг хөдөлгөх хүч болсон монголчууд маань өөрсдөө, ялангуяа орон нутагт ийм өөдрөг бүтээлч хандлагатай хандаж байгаа нь их сайн. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар үзэсгэлэнт байгаль эрсдэлд орж байна. Туул гол бохирдсон, Хөвсгөлийн тайга 10 жилийн дараа үгүй болох нь.
Үүнд төр, засгийн бодлого үгүйлэгдэж байна гэдэг тэдний саналтай би нийлж байгаа.
- Хөвсгөлийн хувьд ямар сонинтой байна вэ?
-Хөвсгөлчүүдтэй уулзахдаа би хоёр зүйлийг ярьсан. Сайхан эх орон, үзэсгэлэнт сайхан байгалиа хайрлаж, хамгаалах ёстой. Хайрлаж хамгаалах бодлогыг төр, засгийн зүгээс тавих ёстой. Үүнийг зохицуулдаг эрх зүйн зохицуулалт, уул уурхайг хөгжүүлэх том бодлого гарч байна. Байгалийнхаа сайхан харьцааг зөв зохистой хадгалах, нөхөн сэргээх бодлогыг ойлгомжтойгоор хэлж чаддаг эрх зүйн зохицуулалтаа тодорхой болгох ёстой.
Шадар ван Чингүнжавын ойн арга хэмжээнд оролцлоо.
Монголчууд бидний хувьд үнэлж баршгүй зүйл гэвэл үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол. Бид эрх чөлөө, тусгаар тогтнол, үзэсгэлэнт сайхан байгалиа зөв зохистой, урт удаан хугацаанд мөнхөд хадгалах бодлогыг төр, засаг байнга хийх ёстой юм. Бидний өмнөх үе ч хийж ирсэн. Бид ч хийх болно. Хойч үе ч хийнэ. Залгамж чанар, эдийн засаг, ирээдүйн хөгжилтэй уялдуулсан бодлогыг хэрэгжүүлэх асуудал тавигдаж байна. Үүнийг бид илүү хариуцлагатай бодох ёстой юм.
Байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар олон асуудлыг ард иргэд хөндлөө. Хөвсгөл далайг яаж хамгаалах, Орхон голыг бохирдуулахгүй байх, Туул голоо хэрхэн цэвэрхэн, тунгалаг байлгах гээд бүхнийг анхаараасай гэж ард иргэд санаа зовж байна. Суурь асуудал нь ч энэ байна. Миний амьдрал, манай ах болохгүй байна гэхээсээ өмнө байгаль, эх орноо гэсэн сэтгэл тэдэнд илүү байна. Төр, засгийн хувьд бодлогоо зөв явуулах зүг чиг өгч, хуваалцаж байна гэсэн сайхан сэтгэгдэл төрлөө.
- Таныг орон нутагт ажиллаж байх энэ үеэр иргэд эдийн засгийн хөгжил гэдгийг онцгойлон хөндөж байсан. Энэ жил Засгийн газар 2010 оныг Бизнесийн орчны шинэтгэлийн жил болгоод байгаа. Бичиг цаасны хүнд суртлыг арилгана, багасгана гэж ярьж байна. Энэ ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байна ? Та тодорхой үүрэг, даалгавар өгсөн үү?
-Засгийн газрын зүгээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ойлгомжтой, тодорхой, ил тод байх ёстой гэсэн шаардлагыг бүх шатанд тавьж байна. Харамсалтай нь зарим үед бидний хүссэнээр явахгүй байна. Үйл ажиллагаа нь ард иргэддээ хүрэхгүй, хэрэгжилт нь удаан байгаа. Үүнд үнэлэлт, дүгнэлт хийхийн зэрэгцээ цаашид авах арга хэмжээгээ илүү тодорхой болгох ёстой юм байна. Ийм сэтгэгдэл төрсөн. Засгийн газраас зарласан эдийн засгийн шинэтгэлийн арга хэмжээ төдийлөн санаанд хүрэхгүй байна. Нөгөө талаас энэ арга хэмжээ төвдөө буюу УИХ, Засгийн газарт ч эцэслэж шийдвэрлэгдээгүй зүйл бий.
Стандартчиллын асуудал нь үйлдвэрлэл үйлчилгээ, эрчим хүч, хувийн хэвшил бүх үйл ажиллагаанд тавигдах ёстой. Энэ бүхнийг тодорхой болгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг төр, засгаас нэхэж байна. Иймд бид илүү хурдтай, шуурхай, амьдралд бодитоор хэрэгждэг, мэргэжлийн хяналттай, иргэний нийгмээс, иргэдээс хяналт тавих боломжийг гаргасан тогтолцоог бид бүрдүүлэх шаардлага байна. Иргэд хамгийн гол нь сэтгэл зовж, энэ бүхэн ажил хэрэг болоосой, үүнд оролцох юм сан гэсэн сэтгэл байгаа нь хамгийн чухал санагдлаа. Энэ эрч хүч, зөв сэтгэл, хандлагыг зөв хариулах ёстой гэж бодож байна.
- Цаг үеийн асуудлаар санал байна. Та ажилласан аймаг бүртээ өвлийн бэлтгэлээ сайтар хангаарай гэсэн үүрэг өгч байгаа. Өнгөрсөн жилийн зуднаас сургамж авч энэ жил бэлтгэлээ сайтар хангах талаар Засгийн газар ямар бодлоготой байна?
- Ар, Өвөрхангайгаар явлаа. Зуншлага сайхан байна. Иргэдийн сэтгэл тэнэгэр байна. Гэхдээ наадмын маргааш намар шүү дээ. Намар гэдэг өвлийн дохио, өвлийн бэлтгэл. Бид өнгөрсөн өвөл сургамж авсан. Зөвхөн төр, засгаас өгсөн улсын нөөцийг харж суух биш, аймаг, сум, баг, малчин ямар үүрэг, хариуцлага үүрэх, үүнийг идэвхжүүлэхийн тулд төр, засгаас ямар дэмжлэг үзүүлэхээ тодорхой болгоно гэж бодож байгаа. Явах замд манай зарим аймгийн баг, сумын удирдлагууд уулзсан.
Тэд хагас механикжсан хадлангийн салаатай болъё, хадуур зэргээ бэлдэж, зээл авч хадлан, тэжээлээ бэлдэе гэж ярьж байна . Бид үүнийг нь үе шаттайгаар шийдэж өгөх болно. Засгийн газар наадмын дараах хурлаараа өвлийн бэлтгэлийн талаар хэлэлцсэн. Аймаг, орон нутагт өгөх үүрэг, дэмжлэгээ шийдсэн. Ирэх өвлийн бэлтгэлээ дорвитой хангаж болно гэсэн сэтгэл зүйн болон үйл ажиллагааны бэлтгэл хангагдаж байна гэж дүгнэж байгаа. Орон нутгийн удирдлагатай хийсэн уулзалт, бэлтгэл ажилтай танилцахад дэмжмээр зүйл ч байна. Зуны сайхан улирал гарч байгаад тайвшрах ёсгүй.
Тйим учраас би орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Үүнийхээ хэрэгжилтийг намар шалгана.
-Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглахад байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нөлөөгүй гэсэн зүйл яригддаг. Засгийн газар ордыг ашиглах эдийн засгийн тооцоог хийсэн гэнэ. Ашиглаад эхэлбэл үр ашиг нь ямар байх бол? Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ? Хөвсгөл далайд сөрөг нөлөө үзүүлэхгүй техник, технологи орж ирэх боломж байна уу?
-Энэ асуудлаар Засгийн газар эцэслэн байр суурь гаргаагүй, техник эдийн засгийн үндэслэлийг ч гаргаагүй байна. Бүрэнхааны орд стратегийн ач холбогдолтой. Гэвч бидэнд үнэлж болохгүй үнэт зүйл гэж бий. Түүний нэг нь энэ сайхан байгаль дэлхий. Энэ бүхэнд ямар нэг хэмжээгээр хохирол учруулна гэсэн техник, шинжлэх ухааны үндэслэл гараад ирвэл бид энэ ордыг ашиглалтад оруулахгүй. Өндөр техник, технологи өндөр хөгжсөн энэ үед техник эдийн засгийн үндэслэл нь зөв гараад байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөхгүй, эдийн засагт хэрэгтэй болохыг үгүй гэх газаргүй. Хиймэл сэтгэлгээний хандлагаар биш, эдийн засгийн, шинжлэх ухааны, технологийн талаас нь харж байж Засгийн газар шийдвэрээ гаргана. Шийдвэр гарсан тохиолдолд стратегийн орд төрийн мэдэлд үйл ажиллагаа нь бүрэн хяналтад байна гэдэг нь тодорхой.
-Засгийн газрын ойрын төлөвлөгөөнд Бүрэнхааны ордыг ашиглах асуудал байгаа юу?
-Засгийн газрын ойрын төлөвлөгөөнд байхгүй. Гэхдээ судалгаа хийнэ. Салбарын яамны хэмжээнд судалгаа хийсэн ч Засгийн газарт танилцуулагдаагүй байна.
-Таныг дагалдан яам, агентлагийн дарга нар явж байгаа. Та орон нутагт бодитой ямар шийдвэр гаргав?
- Асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ гэдэг нь өнөөдрийн эрх зүйт төрд бага. Монгол Улсын төсвийн хуулиар 2010 онд хийгдэх ажил хуулиндаа тодорхой тусгагдсан. 2011 онд ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг Засгийн газар гарцаагүй анхаарах ёстой. Шийдэх хэрэгтэй гэсэн асуудлын жагсаалтад оруулах бодол байна. Иймээс газар дээр нь шийдсэн асуудал алга. 2011 он болоод цаашид шийдэх асуудлаа тодорхой ярьсан. Архангай аймгийн төвийн зам, Тамирын голын гүүрийн асуудал, эрчим хүчний үйлдвэрлэл, Орхон голын бохирдол зэргийн асуудлыг Засгийн газарт тавьж байна. Бид үүнийг төсвийн хөрөнгөөр шийдэх, мөн төр,хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийднэ.
Түүнчлэн эргэн төлөгдөх нөхцлөөр шийдэх бодол байна. Иймэрхүү авч үзэх шаардлагатай асуудлууд олон гарч байгааг нухацтай анхаарна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг илүү хүртээмжтэй болгоход анхаарна. Байгаль орчноо хамгаалахад ч анхаарна. Бидний шийдэх ёстой асуудлын жагсаалт уртаас урт болж байна. Энэ бүхнээс алийг нь ирэх онд шийдэх, цаашид бодлогын хувьд юуг нь шийдэх зэргийг эргэж очоод шийднэ. Гэхдээ дарга явлаа, асуудал ярилаа гээд алга болох биш буцаад ард түмэндээ тухайн орон нутагт нь төрийн шийдвэрийг яаж гаргасан, болоогүй бол яагаад гэдгийг нь холбогдох бүх бүрэлдэхүүнд тодорхой хугацаанд хариулт өгөөрэй гэсэн үүргийг өгсөн байгаа.гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.