Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Алтаргана-2010 наадамд оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү, Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас ирсэн буриад зоны төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Хил залгаа бүс нутгийн ард түмнүүдын харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөл, түншлэлийг өргөжүүлэхэд Алтаргана наадам чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.
Улаанбаатар хотноо анх удаа болж байгаа энэ наадмын хүрээнд буриад түмний түүх, зан заншил, соёлыг монголын ард түмэнд, нийслэлчүүдэд таниулж, урлаг, спортоор өрсөлдөж байна. Хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд ч хувь нэмрээ оруулах энэ наадмыг зохион байгуулахад Улсын Их хурал, Засгийн газар, орон нутаг бүх түвшинд анхаарсан гэж Ерөнхий сайд хэлээд наадамд оролцож байгаа буриад зонд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэв.
Алтаргана наадмын үеэр соёл урлаг, зан заншлаа таниулахаас гадна талууд боловсрол, худалдаа, эдийн засаг зэрэг салбарт цаашид хамтран ажиллах талаар хэлэлцсэн тухай төлөөлөгчид хэллээ. Монголын тал Алтаргана-2010 наадамд онцгой ач холбогдол өгч, сайн зохион байгуулж байгаад тэд талархлаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.