Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны нэгдүгээр сарын 18-нд УМХЕГ-ын албан хаагчидтай уулзахдаа Европын орнууд шинэ стандартыг нутагшуулж амжилтад хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх хэрэгтэйг дурдаад эдгээр орноос туршлага судлах чиглэлээр ГХЯ, Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг үүрэг болгосон юм. Энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсад стандартыг хөгжүүлэх талаар 2010 оны 2-р сарын 23-ны өдөр зөвлөлдөх уулзалт хийв.
Уулзалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Стандартчилал, хэмжилзүйн газар, УМХЕГ, МҮХАҮТ-ын удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн болон холбогдох байгууллага, бизнесийн салбарын төлөөллийг хамарсан өргөн бүрэлдэхүүн оролцлоо. Ерөнхий сайд уулзалтад оролцож байгаа бүрэлдэхүүнд хандаж “Монгол Улсад одоогоор нэн тэргүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай олон салбар байгаагийн нэг нь стандартын шинэчлэл юм хэмээн би үзэж байна. Ийм учраас Европын стандартыг эх орондоо нутагшуулж, Монгол Улсад стандартыг хөгжүүлэх, олон улсын шинэ стандартын жишгээр сэтгэж, ажиллаж амьдрах арга замын талаар зөвлөлдөн санал бодлоо солилцохоор Та бүхнийг урьсан юм.
Та бүхэн стандартын өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага, арга замын талаар тун тодорхой ярьж, бас оновчтой санал санаачлага гаргаж байгаа нь энэ асуудал анхаарал татсан, тулгамдсан асуудал болжээ гэдэгт бидний санал нэгдэж буйг харуулж байна. Аливаа ажил хэрэг, үйл ажиллагаа нь хэм хэмжээтэй, тоглоомын дүрэм нь ойлгомжтой болж байж л тоглолт хийгдэх нь мэдээж. Стандарт бол чухамдаа хөгжлийн тулгуур, хөшүүрэг нь юм хэмээн хэлж болно. Бас өрсөлдөх чадварын том үзүүлэлт, үндэсний аюулгүй байдлын асуудал мөн.
Манай үндэсний стандартууд үйлдвэрлэгч, хэрэглэгч, олон улсын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа нь шинэчлэл хийхийг шаардаж байгаа гол шаардлага юм. Стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянах ажил хоцрогдсон нь үйл ажиллагааг тодорхойгүй болгож, сөрөг үр дагаврыг үүсгээд байна. Стандартыг шинэчлэх үйл явцыг Засгийн газар дангаараа шийдвэрлэж амжихгүй. Үүнд мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаас эхлээд үйлдвэрлэгчид, бизнесийн салбарынхан, иргэдийн хамтын хүчин чармайлт, бүх нийтийн оролцоо хэрэгтэй юм.
Бүгдээрээ хамтран одоогийн стандартаас авах, гээхийн ухааныг хослуулан шинэчлэл хийх нь гол зорилт боллоо. Стандарт зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээдэг тогтолцоо алдагдсан нь олон үйл явдлаар батлагдлаа. Хүмүүс архинд, хүүхэд хоолонд хордож байхад стандартынхан ямар ч хариуцлага хуваалцсангүй өнгөрлөө. Түүнчлэн стандартуудаар дарамталдаг, Стандартчилал хэмжилзүйн газрынхан стандартуудаар бизнес хийж мөнгө олох хэрэгсэл болгодог гэсэн шүүмжлэл их байгаагаас гадна авилгад өртөх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бол хамгийн хариуцлагагүй үйлдэл учраас цогцоор нь авч үзэн шийдвэрлэх шаардлагатай байна.
Цаашид хүний хөгжил, өрсөлдөх чадвар, амьдрах орчныг сайжруулах, төрийн алба, үйлчилгээний стандартыг боловсронгуй болгох, Европын холбоо, Болгар зэрэг орны стандартыг судлан нэвтрүүлэх чиглэлээр ажиллах стандартуудад хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоодын санал хүсэлтийг тусгадаг тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм. Иймээс Монгол Улсад стандартыг хөгжүүлэх талаар бодлого боловсруулах чиглэлээр Ажлын хэсэг байгуулах үүрэг өгч байна гэлээ. Уулзалтад оролцогчид санал бодлоо ярилаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.