Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.27 /
С.Батболд: Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиуд, бизнестэй хамтрах хэрэгтэй

Эрхэм хүндэт академичид, эрдэмтэд мэргэд ээ!

Өнөөдөр туулай жилийн босгон дээр Монголын шинжлэх ухааны академийн Их чуулганд оролцож, улс орныхоо шинжлэх ухаан технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаархи бодлоо Та бүхэнтэйгээ хуваалцах боломж олдсонд баяртай байна. Шинжлэх ухааны академийн Их чуулган гэдэг бол зөвхөн эрдэмтдийн  төдийгүй, улс орны хэмжээний томоохон арга хэмжээнд тооцогддог.

Өнөөдөр шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хувилбай хаан”-ы одонг авч байгаадаа баяртай байна. Энэ нь шинжлэх ухааны байгууллагуудтайгаа хамтран ажиллаж олон асуудлыг шийдвэрлэх ёстойн илрэл боллоо. Бас сая эрдэмтдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг үзэж, нааштай олон эхлэл байгаатай танилцлаа. Дэлхийн хөгжилтэй болон хөгжиж буй орнууд мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Тиймээс бид шинжлэх ухааны салбараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх замаар эдийн засаг дахь шинжлэх ухааны өгөөж, нийгэм дэх шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах хэрэгтэй.

Монгол улсад шинжлэх ухааны салбар үүсч хөгжиж, үндэсний чадавх бий болсноос хойш олон арван жил өнгөрчээ. Анх ОХУ-ын Шинжлэх ухааны академийн загвараар байгуулагдсан манай шинжлэх ухааны байгууллагууд олон жилийн турш хуучин социалист орнуудын академиудтай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Харин сүүлийн 20 жилд дэлхийн бусад улс орны шинжлэх ухааны байгууллагуудтай харилцах олон боломж нээгдлээ. Гэсэн хэдий ч ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн шинжлэх ухааны салбарт шийдлээ хүлээсэн тодорхой асуудлууд хуримтлагдсан гэдэгтэй манай эрдэмтэд санал нийлэх байх аа.

Хамгийн түрүүнд санхүүжилт муудаж, салбарын боловсон хүчин сарнилд орсон зэрэг олон бэрхшээлийг шинжлэх ухааны салбар даван тууллаа.

Шинжлэх ухаан, технологийн салбарын мастер төлөвлөгөө батлагдаж, бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэж, эрдэм шинжилгээний 72 байгууллага нэгжийг 22 хүрээлэн төв болгон Шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, зарим яамны харьяалалд шилжүүлж, эрдэм шинжилгээний 17 байгууллагыг “Судалгаа-туршилт-үйлдвэрлэл-бизнес”-ийн 8 корпораци болгон зохион байгууллаа. Салбарын эрх зүйн үндсэн баримт бичгийг боловсруулан гаргаж, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиудыг түшиглэн технологийн инкубатор байгуулж, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологиудыг шинэчлэн тогтоосон.

Мөн шинжлэх ухаан, технологийн салбарыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай холбох, санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх чиглэлээр тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасган бүтцийг зохистой болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, өндөр технологийг нутагшуулж, хөгжүүлэхэд чиглэсэн “2010-2014 онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг Засгийн газар баталснаар шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж байгаа төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, салбарын нөөцийг төвлөрүүлэхэд чухал алхам болсон.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас шинжлэх ухааны салбарын санхүүжилтэд чамгүй анхаарч ирлээ. Тухайлбал Одон орон геофизикийн судалгааны төвийн олон жилийн судалгааны үр дүнг Засгийн газар хэлэлцээд “Газар хөдлөлтийн гамшгийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг судлах, газар хөдлөлийн аюул, эрсдэлийн үнэлгээг нарийвчлан тогтоох, геофизикийн ажиглалтын байнгын цэг байгуулахад зориулж нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

Шинжлэх ухааны корпорациудын ихэнх нь өнөө маргаашаа аргацаах хэлбэрээр явж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ санхүүжилт бага байгаагаас чадавх сул, чадавх сулаас итгэлгүй, мухар эргүүлэгт орчихсон байна гэж шүүмжилдэг. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн өмнө салбарын бүтэц, зохион байгуулалт, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа нь хүлээгдэж буй хэмжээнд байна уу гэдгийг эргэцүүлмээр байна. Шинжлэх ухааны академийн Их, Бага чуулганаар санхүүжүүлэхээр гаргаж буй судалгааны сэдэвт ажлууд өнөөгийн бидний өмнө тавигдаж буй хөгжлийн зорилтууд, тэргүүлэх чиглэл, цөм технологи зэрэгтэй хэр уялдаж байна вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдах ёстой. Энэ чиглэлээр үнэлгээ хийж үзэхийг Шинжлэх ухааны академи, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж байна.

Угаасаа хангалттай байж чадахгүй санхүүжилтийг хуваарилахдаа ”эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг зарчим баримталснаар аль алинд нь дорвитой судалгаа хийхэд хүрэлцэхгүй байдал шинжлэх ухааныг хагас өлсгөлөн байлгах нэг үндэс болж байна гэдгийг эрдэмтэн мэргэд та бүхэнтэйгээ ярилцах ёстой. Шинжлэх ухааны салбарт хувийн хэвшлийн санхүүжилттэй хамтарсан судалгааны тоо хэд байна вэ? Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний байгууллагууд, академи хүрээлэнгүүдийн хоорондын хамтарсан судалгааны тоо хэмжээ өнөөдөр яагаад өсөхгүй байна вэ?, Академийн одоогийн бүтэц маань тэргүүлэх чиглэл, цөм технологитой хэрхэн уялдаж байна вэ? гээд олон асуултыг бид ярилцан шийдэж, хариулт өгөх цаг болжээ.

Монгол улс жижиг эдийн засагтай, хүн ам цөөтэй, шинжлэх ухаан технологийн салбарын хүний нөөцийн чадамж боломж хязгаарлагдмал зэргийг эргэцүүлэн бодож, шинжлэх ухаан технологийн салбарт байгаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх шаардлагатай. Ялангуяа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ойрын үеийн чиг хандлагыг харгалзан, шинжлэх ухаан, технологийн салбарын гүйцэтгэх үүрэгт онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

Өнөөдөр мэдээлэл, харилцаа холбооны салбарт 400 компани үйл ажиллагаа явуулж, 21 оронд манай компаниуд аутсорсинг хийж байна. Манай шинжлэх ухаан энэ процесст хэрхэн оролцож байгаа нь төдийлөн харагдахгүй байна. Монголын эрдэмтэд шинэ сортын үр гаргах, шинэ үүлдрийн хонь гаргах гээд чамгүй судалгаа хийжээ. Гэтэл Дарханы 144 шинэ сортын үрийн нөөц хэдэн арван тонноор хэмжигдэж, Орхон үүлдрийн хонины тоо хэдхэн зуугаар тоологдож байгаа өнөө үед үйлдвэрлэлд нэвтрүүлэх тухай ярихад амаргүй гэдэг нь ойлгомжтой.

Хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар багагүй хүч хөрөнгө зарцуулж буй өнөө үед шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц бололцоог үүнд чиглүүлж, чадвар чадавхыг нь ашиглаж, хөрөнгө зардлаа хэмнэмээр байна. Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн мониторингийн судалгаанаас үзэхэд 1000 хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор бид дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч шинжлэх ухааны тодорхой судалгааны чиглэлд ногдох судлаачийн тоо, чадавх сул гэсэн дүгнэлт гарч байна.

Монгол улсад үйлдвэрлэж буй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 95 хувь технологийн багтаамж доогууртай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдрыг эмчлэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж, дотоодын эмийн үйлдвэрлэлийн хувь хэмжээг  өсгөх, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг нааштай сайн эхлэл харагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ ийм нааштай эхлэл харьцангуй цөөн, үр дүн нь гарт баригдахаар их биш байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Манай шинжлэх ухаанд тулгамдаж буй эдгээр асуудлыг бидэнтэй адил тогтолцооноос шилжихдээ хамгийн зөв шийдлийг олсон бусад орны олон жишээ, загварыг судалж, манайд илүү зохицох туршлагуудыг санаачилгатай, зоригтой хэрэглэмээр байна. Энэ чиглэлд Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Шинжлэх ухаан, технологийн салбарын идэвх санаачилгыг өрнүүлэхэд тус болох эрх зүй, эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэхэд шаардагдаад байгаа бодлогын алхмуудыг санал болгож шийдвэрлэх ёстой.

Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиудтай уялдуулах, бизнестэй хамтрах бололцоотой болгох, батлагдсан тэргүүлэх чиглэл, цөм технологитойгоо уялдуулмаар байна. Ингэхдээ өөрийн орны эдийн засаг, санхүү, хүний нөөцийн боломжоо харгалзан прагматик хандлагыг урьтал болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны санхүүжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, санхүүжилт, судалгааны үр дүн, өгөөжийг нотлох, захиалагч нь үйлдвэрлэгч байх зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага та бидний өмнө тавигдаж байна. Судалгааны академик эрх чөлөөг хүндэтгэн үзэж, судалгааны ерөнхий чиглэлээ зөв тогтоож, улсын ерөнхий хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатайг анхаарах ёстой. Шинжлэх ухааны ололтыг олон түмэнд, нийгэмд ойлгуулан түгээн дэлгэрүүлэх ажлыг ч орхигдуулах ёсгүй. Иргэд, олон нийтийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэг дулимагаас үүдэн салбарын олон нийтийн дэмжлэг сул, зарим үед эрдэмтэн судлаачдын дуу хоолойг улс төржсөн дуу хоолой орлоод байгааг ч анхаарах ёстой.

Тэргүүлэх чиглэлүүдэд эрдэмтэд судлаачдын идэвхийг өрнүүлэн Та бүхний нааштай санал, санаачилгыг дэмжиж, салбарын үр өгөөж, үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн чин эрмэлзлийг минь дэмжинэ гэж итгэж байна. Өнөөгийн бидний шүүмжлээд байгаа мухар эргүүлгээс шинжлэх ухааныг татаж гаргахад эрдэмтэн мэргэд, академич бүрийн идэвх, санаачилга юу юунаас чухал гэдгийг зориуд хэлэхийг хүсч байна. Хэрэв бодлого ойлгомжтой, үр дүн тодорхой, үйл ажиллагаа ил тод, оролцоо хангагдсан, олон түмэн дэмжсэн байвал шинжлэх ухааны салбар төр, засгийн дэмжлэгтэйгээр улс орны хөгжлийн чухал хүчин зүйлийн нэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

Манай улсын хувьд асар том боломж, шинэ зорилт, сорилтууд тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахад эрдэмтэн мэргэд та бүхнээс олон зүйл шалтгаалах учраас Засгийн газрын тэргүүний хувьд шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж ажиллах болно гэдгээ хэлье. Манай экспортын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд өртөг шингээж чадахгүйгээр түүхий эд чигээр нь гаргаж байгаад Засгийн газар дорвитой өөрчлөлт хийхээр аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахаар зорьж байна.

Манай эрдэмтэд өөрийн орны нүүрсний нийт 50 гаруй ордын 43-ынх нь нүүрсийг судлан техникийн бүрэн шинжилгээ хийж, нэмүү өртөг шингэсэн кокс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх ирээдүй бүхий санал боловсруулсан нь улс орны хөгжлийн бодлоготой нийцэж байна. Түүнчлэн үнэт, өнгөт, ховор металл, нефть, уран, барилгын материал зэрэг эрдсийн түүхий эдийн байршлын зүй тогтлыг илрүүлэх “Ашигт малтмалын зураг” зохиосон нь төр, засгийн бодлогод илүү үр өгөөжтэй ашиглагдах ёстой.

Байгалийн баялгаа улс орныхоо, хүнийхээ хөгжилд зарцуулах, шавхагдашгүй баялаг бүтээх зайлшгүй шаардлага бий. Энэ бодлогын нэг зорилт болгож Монголын геологи, эрдэс баялгийн үндэсний төв байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих кокс, химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд Шинжлэх ухааны академи, үндэсний эрдэмтэн мэргэд бодитойгоор оролцох ёстой гэж бодож байна. Сайншандын цогцолбор, Ховор металл, Атомын станц, Эрчим хүч хэмнэх, Экспортын хөтөлбөр гэх мэт эдийн засгийн тулгамдаж буй зорилтууд, тэргүүлэх чиглэлүүдэд шинжлэх ухааныг чиглүүлэх ёстой.   

Манай орны уул уурхай, металлургийн үйлдвэрлэлийн өнөөгийн хөгжилтэй уялдан бусад үйлдвэр, үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажил эрс нэмэгдэж анализын өндөр хүчин чадлын лаборатори байгуулах шаардлагатай боллоо. Тиймээс Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийг орчин үеийн зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр ханган нефть, нефтийн бүтээгдэхүүн, геологи, эрдэс төмрийн орчны бохирдол, усны чанарын болон хөдөө аж ахуйн, хүнс, биологийн дээжийн шинжилгээ хийх үндэсний чадамжтай болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн эрдэм судлалын ажилтай уялдуулах талаар тодорхой ажил хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн боломжийг их, дээд сургуулийн багш нарын судалгаатай уялдуулах ёстой гэсэн үг юм. Дэлхийн нийтийн хандлагаас харахад их, дээд сургуульд суурилсан шинжлэх ухааны хүрээлэнгийн салбар илүү өгөөжтэй нь нотлогдсон гэж ярьж байгааг нийт эрдэмтдээрээ, салбараараа хэлэлцэн шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна.

Өнгөрсөн онд Засгийн газрын хурлыг монголын говьд хийлгэх үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн боловсруулсан бэлчээрийн доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт бэлчээрийг нөхөн сэргээх технологийг нэвтрүүлэх саналтай танилцаж, дэмжин хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. “Бэлчээр сайжруулах экологийн туршилт судалгааны төв”-ийг цаг алдалгүй байгуулах хэрэгтэйг дурдъя.

Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн маш сайн хөгжсөн гадаадын технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Энэ талаар гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Шинжлэх ухааны академийн өмнө тулгамдсан, бас миний хөндсөн асуудлуудыг энэ оны эхний хагаст Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарт үүрэг болгож байна.

Эцэст нь хэлэхэд, 2011 онд Монголд анхны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажилд амжилт хүсч, эрдэмтэн мэргэд та бүхнийхээ эрдэм судлал, оюуны нөр их хөдөлмөр тань улам өргөн дэлгэр байхыг ерөөе.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

2011.01.27.       Хүүхдийн номын ордон



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД : ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ ХУВЬД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТАА ИХЭЭХЭН АНХААРАЛ ТАВЬЖ БАЙНА
Ж.Батмөнх агсны тухай кино гарна
Ерөнхий сайд С.Батболдын “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” Үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үг
Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ
ЕРӨНХИЙ САЙД АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан