Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.25 /
ӨМНӨГОВИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

“0” зогсолт хийсэн Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэв. Станцад гарсан аваарийг арилгах, тоног, төхөөрөмж, дулааны шугам сүлжээг сэргээн засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахад 1,4 тэрбум шаардлагатай гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яам, харъяа газрын удирдлагууд танилцууллаа.

Станцын газардуулгын хүрээний зэс голтой кабель утсыг хулгайлснаас гэмтэл гарч станц зогссон байна. Үүний улмаас станц доод тал нь 1 сарын хугацаанд өөрийн бүрэн хүчин чадлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг газар дээр нь ажиллаж байгаа Ажлын хэсэг гаргажээ. Эвдэрсэн турбогенераторын статорын ороомгийг манайд засварлах боломжгүй учир БНХАУ-д тээвэрлэн аваачиж засуулахад 260 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.

Шаардагдах 260 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэснээс гадна 14 хоног дизель станц ажиллуулах, цагийн байдал, хийж байгаа ажил, авах арга хэмжээний талаархи саналаа Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болголоо. Станцын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд жил бүр төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө гаргаж засвар, үйлчилгээ хийдэг байсан зэргийг шалгаж, тодруулах ёстой. Мөн эрчим хүчний аюулгүй ажиллагааны чанарыг шалгах Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд хэлж байлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧДАД ХУДАЛДАНА

Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаа учир орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалж байгаа өвс, тэжээлийг улсын нөөцөд бэлтгэсэн үнээр нь худалдахыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Мөн Улсын нөөцөөс Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2 ширхэг дизель станц олгож, энэ оны 2 дугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. Өвөрхангай аймаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах шаардлагатай 600 тн өвсийг тээвэрлэн хүргэхэд зориулж 56 сая, Улсын нөөцөөс олгох дизель станцыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 60 сая, нийт 116 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт  олгохоор тогтлоо.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвийг өдөрт 4 цаг цахилгаанаар хангаж байсан дизель станц 2011 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр эвдэрсэн байна. Үүнээс болж байдал хүндэрсэн учир сумын удирдлага дизель станц олгох хүсэлтээ Улсын Онцгой комисст гаргажээ. Манай улсын нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байгаа бөгөөд нягтарч хатуурсан цаснаас болж 14 аймгийн 87 сумын нутагт мал бэлчихэд хүндрэл үүсээд байна. Ялангуяа Увс, Завхан, Өвөрхангай аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цасны зузаан 20 см-ээс их болж, нягтарч хатуурснаас малаа байнга тэжээхэд хүрчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

1949 ОНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам. доллараар нэмэгдүүлэх зорилгоор тус нийгэмлэгийг үүсгэн байгуулсан 1949 оны Хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад олгов. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, техник, техонлогийг шинэчлэх зорилгоор дүрмийн санг нь хоёр талын ижил хувийн оролцоотойгоор 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр хувь нийлүүлэгчид тохиролцсон юм. 

Хэдийгээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ нэмэгдсэн ч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай техникийн шинэчлэлээ хийх боломжгүй байгаа. Нийгэмлэг сүүлийн 25 жилд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй. Үүнээс болж хөдлөх бүрэлдэхүүний паркийн 65 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашиглаж байгаагаас гадна 400 км гаруй замд их засвар хийх шаардлагатай байгаа юм.  

ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг өөрчлөн тогтоолоо. Энэ дагуу 1500 хүртэл хүн амтай суманд 9, 1501-3000 хүртэл хүнтэй суманд 11, 3001-5000 хүртэл бол 12, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 14, 10 000-20 000 бол 17, 20 000 мянгаас дээш бол 19 байхаар болов.  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхыг 40 хүртэл, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 43 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 40 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 32, Багахангайд 23 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтсон байна. Тогтоол гарсантай холбогдуулан сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжид шилжүүлэх боллоо.

ТОВЧХОН

·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Ж.Сүхбаатар нарын боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн үндсэнд нь дэмжив. Гэвч төслийг илүү боловсронгуй болгоход чиглэсэн хохирлын хэмжээ, гэмт хэрэгтний гэм буруу, үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэр, давтан үйлдсэн зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд ангилалыг хуульчлах, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулж болох зохицуулалт бий болгох нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.

·         “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө” болон  “Цөмийн энергийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх материалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Хөтөлбөрийг 2009-2012, 2013-2021 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бүх талын нөхцөлийг хангах бол  хоёрдугаар шатанд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хөтөлбөрт шаардагдах 4 их наяд 394 тэрбум төгрөгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө, зээл, тусламжаар бүрдүүлэх юм.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг
ЕРӨНХИЙ САЙД ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Хятадын харилцаа шинэ шатанд гарна
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан