Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд БСШУ-ны сайдад үүрэг өглөө
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.19 /
Засгийн газрын тэргүүний  орон нутагт ажиллах үеэр иргэдийн хамгийн их асууж, санаа зовоож байсан асуудал нь их дээд сургуулиудын сургалтын төлбөр асуудал байсан билээ. Түүний  томилолтын үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж, үүний дотор уг  асуудлын талаар тодорхой шийдвэр гаргасныг өнөөдөр  Ерөнхий сайд  мэдээлэв. Тухайлбал, 2010-2011 оны хичээлийн жилийн бүтэн жилийн сургалтын төлбөрийг эхний хагас жилийн төлбөрөөр авах, өөрөөр хэлбэл есдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн аж. Үүнтэй уялдуулан сургалтын төрийн сангийн зээл төлбөрийг энэ хугацаагаар тооцож үзэх юм байна. Энэ арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг  БСШУ-ны сайдад өглөө.  Харин үүнээс хойших хугацааны төлбөрийн тодорхой хэсгийг Хүний хөгжил сангаас олох боломжийг ирэх оны төсөвт суулгаж өгөх ажлыг зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэхийг   БСШУ-ны  сайд Ё.Отгонбаяр  болон Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгалаа.  Сургалтын төлбөртэй холбоотой бас нэг зүйл нь хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн асуудал байгаа аж. Валютын ханш доогуур байгаа хэдий ч гэсэн энэ богинохон цаг хугацааг ашиглан, бизнес эрхлэгчид хичээлийн хэрэгслийн үнийг үндэслэлгүй  нэмж байгаа нь зохисгүй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, энэ асуудалд БСШУ-ны сайдыг анхаарч ажиллахыг  үүрэг болгов.

Мөн түүнчлэн их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг  инфляцын дундаж төвшингөөс  дээш гаргахгүй байх, ялангуяа энэ зарчим төрийн өмчит их дээд сургуулиудад илүү үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулж байв. Иргэдэд хамгийн гол нь дарамт учруулахгүйгээр  зохион байгуулахыг үүрэг болгож байлаа. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр яригдсан бас нэг том асуудал нь ажлын байрны хүсэлт байсан. Тэднийг ажлын байраар хангах боломжийн талаар  Засгийн газрын тэргүүн мөн  хөндлөө. Эхний ээлжинд Оюутолгой төсөлд 3200 хүнийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд монгол ажилчдаа бэлдэх боломжийг цаг алдалгүй зохион байгуулах үүрэг ч энэ үеэр өгөгдлөө. 

Харин БСШУ-ны сайдын хэлснээр  их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар бодох тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж их дээд сургуулиудад мэдэгдлээ хүргүүлээд байгаа юм байна. Зарим их дээд сургууль төлбөрөө авчихсан байгаа учир буцаан олголт хийх үүргийг өгчээ. Төлбөрийнхөө талаар   их дээд сургуулиуд мэдээгээ бүрэн гүйцэт ирүүлээгүй байгааг Ё.Отгонбаяр сайд хэлж байв.  Инфляцын дундаж түвшнээс нэмэхгүй байх, нэмсэн тохиолдолд үндэслэлтэй тайлбар авахаа БСШУ-ны сайд мэдэгдэж байсан. Үндэслэлгүй нэмсэн тохиолдолд  Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хариуцлага тооцох болно гэдгээ ч дурдлаа. Харин хичээлийн хэрэгслийн хувьд эцэг, эхчүүдэд хүрэх сурах бичиг өнгөрсөн оны үнээр хүрэх юм байна.

Оюутолгой төсөлд ажиллуулах  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэх 3200 ажилтны  тухайд энэ компанитай ярилцан, эргэж мэдээлэх тухайгаа дурдаад тухайн хүний чадварыг илүү харж үзэх учраас иргэд бүгд орчихно гэж бодож болохгүйг анхааруулж байв. Өөрөөр хэлбэл тэднээс шалгалт авах аж. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлийн уул уурхайн салбар зөвлөлийн шугамаар бэлтгэгдэж буй иргэдийг бусад компанид ажилд оруулах асуудлыг ч зохион байгуулж байгаа юм байна. Ажилчдыг бэлтгэхдээ аймаг орон нутаг, нийслэл дүүргээс тодорхой квотоор авах ажээ. Эцэст нь Ерөнхий сайд С.Батболд энэ бүх ажил иргэдэд нээлттэй,  ил тод, мэдээлэл нь зөв хүрсэн байх ёстойг анхаарууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд АНУ-ын БХЯ-ны газрын даргыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайдад Германы парламентын төлөөлөгч бараалхав
Ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудад ажиллаж байна
С.БАТБОЛД : БАЯЛГАА ЗӨВ ЗҮЙТЭЙ АШИГЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО
С.Батболд: Европын холбооны гишүүн орнуудын туршлагыг судлах хэрэгтэй байна
Ерөнхий сайд Хятадын жанжин штабын дэд даргыг хүлээн авч уулзав
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан