Монгол Улсын дэд бүтцийн тэргүүлэх чиглэлүүдийг хариуцан ажиллаж буй Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын хөгжлийн хурд энэ салбарын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байж ирсэн. Тиймээс та бүхэнтэй уулзаж салбарын өнөөгийн байдал, бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудлаар санал бодлоо хуваалцъя гэж бодлоо. Юуны өмнө хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, авто зам, төмөр зам, агаарын болон авто тээврийн асуудлаар онцгойлон ярилцах ёстой.
I.Хот байгуулалт:
Монгол Улсын иргэд суурьшиж төвлөрөх хотууд, түүний дэд бүтцийн хамаарал ямар байх, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаарх нэгдсэн бодлого өнөө хүртэл тодорхойгүй байна. Тиймээс “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” бодлогын баримт бичгийг та бид яаралтай боловсруулж батлуулах хэрэгтэй.
Нэг сая хүн амтай метрополитан хотын шаардлагад хүрсэн дэд бүтцийг барьж байгуулах, газрын болон хот байгуулалтын оновчтой төлөвлөлт хийхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутмаг, шилжин сууршилт буурахгүй байгаатай холбогдон ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил одоо болтол цэгцэрээгүй байна. Говийн бүсийн Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрүүд, Төвийн бүсийн хойд хэсгийн Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдийг түшиглэсэн хот, суурин тэдгээрийн инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад анхаарлаа хандуулцгаая.
Хот байгуулалт, барилга угсралтын зураг төслийн ажлыг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэдэг. Тэдэнд мэргэжлийн инженер техникийн ажилтнууд дутагдалтай, техник, программ хангамжийн шинэчлэл нь өнөөгийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх бүс нутаг, хот суурингийн хөгжлийн төлөвлөгөө, зураг төслийг боловсруулах чиг үүрэг бүхий “Хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэн”-г байгуулах нь зүйтэй юм. Мөн хот байгуулалтын асуудлаар нийслэлийн холбогдох байгууллагуудтай ажлаа уялдуулах хэрэгтэй байна.
II.Газрын харилцаа
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи долоон жилийн туршид 213107 иргэн 23792 га газрыг өмчилж авчээ. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрыг дахин төлөвлөх харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх хэрэгтэй байна. Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын бүртгэл, газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийг оруулж, шинэчлэн хөтөлж байх шаардлагатай тул “Үндэсний газрын мэдээллийн систем”-ийг байгуулах нь зүйтэй. Энэ систем бүрэн ажиллагаанд орсноор төрийн, хувийн өмчийн газар, ашиглалттай холбоотой бүх мэдээлэл нэгтгэгдэж, газар олголтын маргаан цэгцэрч, хот төлөвлөлт улам боловсронгуй болж, мэдээллийн ил тод байдал хангагдана.
III.Орон сууц
Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улс “Хотууд”, “Орон сууц”, хөтөлбөртэй байхаар заасан. Эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар байна вэ? Бид зөвхөн мөрөөдлөө цаасан дээр буулгаж үлдээмээргүй байна. Хэрэгжүүлдэг болох ёстой. Хот, суурины хүн амын өсөлтөөс шалтгаалан орон сууцны хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж буй бөгөөд залуу гэр бүл, бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах асуудал тэргүүн ээлжинд тавигдсан хэвээрээ. Бид энэ асуудлыг олон жил ярьж буй боловч бодит үр дүн нь бага байна.
Нэг үе эрчимтэй хөгжсөн барилга, дэд бүтцийн салбарын хөгжил дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас үүдэн зогсонги байдалд орсныг бид бүгдээрээ мэднэ. Энэ хүнд байдлаас яаж гарах талаар нэгдсэн бодлого өнөө болтол алга байгаад бид хамтдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Юуны өмнө төр, хувийн хэвшил, салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, бодлого, шийдэл чухал. Барилга, дэд бүтцийн зогсонги байдал, хямрал бусад салбарт ч гэсэн сүлжээ хэлбэрээр нөлөөлөл үзүүлсээр байна. Бид үүнээс гарах гарцаа хамтаараа олж шийдэлд хүрэх ёстой.
УИХ-аас “Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого”, Засгийн газраас “Орон сууцны үндэсний хөтөлбөр”, “40000 орон сууц” хөтөлбөр, “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөрүүдийг тус тус батлан хэрэгжүүлж ирсэн. Нэгдсэн бодлого, урт хугацааны тууштай стратегитэй ажиллахын тулд эдгээр бодлогын баримт бичгүүдийг нэгтгэсэн “Орон сууц” үндэсний хөтөлбөрийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгож байна.
Засгийн газар “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Үүний хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн барилгажилтын ажлыг эрчимжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй, оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хуучин орон сууцнуудыг буулган шинээр орон сууц барих ажлыг эхлүүлмээр байна. Мөн илт эрэлт хэрэгцээтэй байгаа түрээсийн орон сууцуудыг барих ажлыг ярих биш хийж хэрэгжүүлцгээе.
Орон сууцыг хороололоор нь иж бүрэн шийдэлтэйгээр барих төслүүдийг илүүтэйгээр дэмжиж, дэд бүтцийг нь барьж байгуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд гадны зээл тусламжийн зохих хэсгийг барилгын салбарт зарцуулах, орчин үеийн санхүүгийн арга хэлбэрүүдийг ч гэсэн нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүнтэй зэрэгцэн барилгын материалын үйлдвэрүүдийг барихад хөрөнгө оруулах, дэд бүтэц, орон сууц, барилга байгууламжид шаардлагатай материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, тээврийн зардлыг багасгаж, өртгийг бууруулах боломжийг бүрдүүлэх ёстой.
Мөн барилгын материалын үйлдвэрүүдийг дэлхийн стандартад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Барилгын чанар муу гэсэн иргэд, оршин суугчдын гомдол үүний нэгэн илэрхийлэл болно. Тиймээс барилгын материал үйлдвэрлэлийн иж бүрэн лабарторыг барьж байгуулахад ч гэсэн анхаарах шаардлага байна. Энэ талаар тодорхой ажил хийж байгаатай сая танилцлаа. Чухал асуудлыг шийдэх эхлэл тавьж буй нь сайн хэрэг.
IV.Авто зам
Манай орны олон улс, улсын чанартай 11230 км авто замаас 20-иодхон хувь нь хатуу хучилтай авто зам байна. Хэдийгээр авто замын салбарын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, байгаа боловч дотоодын зорчигч, ачаа тээврийн 90 хувь нь авто замаар хийгддэгийн хувьд шаардлага хангахгүй хэвээр байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан авто замуудыг барих, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой, цаашлаад хилийн боомтуудтай холбох зорилтыг одоогийн байдлаар ажилласан тохиолдолд 30 орчим жилийн дараа л биелүүлэхээр байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Мөн Улаанбаатарын замын ачааллыг бууруулах хурдны болон давхар зам барих асуудлуудыг ч гэсэн судалж, эхлүүлэх цаг болсон гэж бодож байна.
Засгийн газраас тэргүүн ээлжинд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 26 төслийн жагсаалтад орсон “Улаанбаатар хотын авто замын шинэчлэл”, “Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто зам барих”, “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн хурдны зам” зэрэг төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх боломж бололцоог судлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Мөн хүнд даацын машин зорчих авто замыг төр болоод уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч байгууллагуудын оролцоотойгоор барих асуудлыг яаралтай судлан хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Зам, барилгын ажлын зураг төсөл, техникийн шаардлагыг нэг хэв загвараар хийдэг дутагдалаа арилгах хэрэгтэй. Тухайн замын цаг уурын бүс, хөдөлгөөний эрчмийн нөхцөл, геологийн байдалд тохирсон зам барилгын ажлын техникийн шаардлагыг бий болгож, орон нутгийн материалын олдоц зэргээс хамаарсан хучилтын норм дүрмийг боловсронгуй болгож хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Цаг агаарын хувьд ижил төстэй Канадын замын стандартыг нутагшуулах талаар судалгаа хийж ажил хэрэг болгох талаар танай яам арга хэмжээ авах ёстой.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 400 автобусыг худалдан авснаар автобусны паркийн 57 хувь нь шинэчлэгдсэн. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийхдээ Монгол инженерүүд, машин үйлдвэрлэгчид, өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан томоохон төслүүд хэрэгжүүлэх боломжтой байгааг судлан үзэхийг зөвлөмж болгьё.
V.Тээвэр
Манай улс зах зээлийн асар их багтаамжтай хоёр том гүрний хооронд оршиж байна. Газар зүйн энэ давуу байрлалаа ашиглаад Европ-Азийн орнуудыг хамгийн дөт хуурай замаар холбох боломжтой. Бас дамжин өнгөрөх тээврийн томоохон түшиц газар болох ирээдүйтэй талаар олон жил ярилаа. Энэ зорилтын хүрээнд “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж өөрийн нутаг дэвсгэрээр бараа, бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тээврийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа авах чиглэлд дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Одоо үүнийг ажил хэрэг болгоцгооё.
Ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтцийн салбарын чадавхийг бэхжүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд төмөр замын тээвэр голлох үүрэгтэй болно. Өнөөгийн төмөр зам маань дан ганц гол замтай нь нэвтрүүлэх хүчин чадлыг хязгаарлаж шинээр ашигт малтмалын орд газрыг ашиглах, уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахааргүй байна.
Эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжил, ирээдүйн ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээнд нийцүүлэн төмөр замын сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи, бүтэц зохион байгуулалтын оновчтой хувилбарыг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар улс орны хөгжилд онцгой ач холбогдол бүхий төмөр замын тээврийг хөгжүүлэх шаардлага бий боллоо. Иймд нэн тэргүүн ээлжинд төмөр замын сүлжээг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, цогц бодлогыг тодорхой болгож УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх нь зөв юм.
Манай орны хувьд төмөр замын сүлжээний талаар баримтлах бодлого нь нэг зах зээлээс хамаарахгүй, бүс нутгуудыг холбосон, далайд гарах боломжийг бүрдүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн байх зэрэг олон чухал нөхцлүүдийг тал бүрээс нь нарийн судалсан, Үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байвал зохино.
Манай ашигт малтмалын гол худалдан авагч нь ОХУ, БНХАУ-аас гадна Япон, Солонгос зэрэг орнууд гэж үзэж болно. Цаашид бид уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр зөвхөн экспортод гарах бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон бусад зах зээлд нийлүүлэх нь ач холбогдолтой. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолборуудыг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх, тухайлбал Сайншандад байгуулах төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Далайд гарцгүй манай улсын хувьд агаарын тээвэр маш чухал салбар юм. Монгол бол агаарын тээврийн бүх чухал цэгүүдийн яг дунд нь оршдог онцлогтой. Австралийн Алтан эрэгийг Лондонтой, Сингапурыг Нью-Йорктой, Токиог Дубайтай холбосон хамгийн богино замууд Монголоор дайран өнгөрдөг. Монгол нефтээр баялаг Оросын Сибирь, Агаарын ачаагаар баялаг Хятад, Зүүн өмнөд азийн бүстэй ойрхон байрладаг. Энэ нь агаарын тээврийн бизнесийг хөгжүүлэх боломжуудыг бий болгож байгаа юм. Ийм зорилгоор Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг товлосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.
Түүнийг түшиглэн босох "Airport City" хотхон болон олон улсын сүлжээний “НUB” байгуулах, бэлтгэл ажлыг сайтар хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Бид иргэний нисэхийн салбартаа шинэчлэл хийж өөрийн орны агаарын орон зайг улам олон орнуудад нээх, олон улсын тээвэрлэлтэд оролцох журамаа улам бүр нээлтэй болгохоор зорьж ажиллах ёстой. Тус яамны дэргэдэх Далайн захиргааны үйл ажиллагааг идэвхжүүлж, түүний эрх зүйн байдлыг анхаарч, далайн тээврийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналаа иж бүрнээр нь яаралтай Засгийн газраар хэлэлцүүлэхийг даалгаж байна.
Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа ачааны хэмжээ жил дараалан өслөө. Тухайлбал, 1999 онд 1.3 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2008 онд 9.2 сая тонн болж 7 дахин нэмэгдлээ. Ийнхүү ачаа тээвэрлэлт өссөөр байхад тээвэрчдийн ажилгүйдэл арилах нь бүү хэл улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь манай улсад ачааны төрөлжсөн терминал аж ахуй, ложистикийн төвийг Улаанбаатар болон хилийн боомтуудад нэн яаралтай байгуулах асуудлын нэг болсныг харуулж байна. Иймээс олон улсын тээврийн гэрээ, конвенцид нэгдэн орох, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, авто замын гол сүлжээний дагуу үйлчилгээний дэд бүтэц байгуулах, хийн болон цахилгаан тэжээлт 2000 таксины үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулах шаардлагатай.
Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон томоохон салбарт ажиллаж байгаа та бүхний хичээл зүтгэлээр монгол хүн эрүүл, аюулгүй амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх таатай нөхцөл бололцоо бүрдэнэ. Бас улс орон ч эрчимтэй хөгжинө. Шийдэх асуудал олон байна. Энэ бүхний төлөө бид хамтран ажиллаж амжилтанд хүрч чадна.
Анхаарал тавьсанд баярлалаа