Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.09
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.09 /
Татварын алдангийн хэмжээг тогтоов

Татварын ерөнхий хуулийг үндэслэн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү ногдуулсан татварт тооцох алдангийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
Уг тогтоолд:
• Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.06 хувиар тооцох,
• Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан алдангийн хэмжээг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх тухай заалаа.

Нөөцийн буудайн талаар шийдвэр гаргав

Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр хүнсний буудай худалдан авч нэмж байршуулах тухай асуудлыг хэлэлцэн тогтоол гаргав.
Тогтоолд:
• УИХ-ын 2008 оны 42 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн хөрөнгийн үлдэгдэл 5.5 / таван тэрбум, таван зуун сая / тэрбум төгрөгт багтаан дотоодын ургацаас 1 тн хүнсний буудайг 290.0 / хоёр зуун ер / мянган төгрөгөөр худалдан авч Монгол Улсыг хөгжүүлэх санд буудайн нөөц хэлбэрээр байршуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварын талаар тогтоол гаргалаа

“Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнийг 12 дугаар сард дизелийн түлшийг тн тутамд 66.0 ам. доллараар нэмэгдүүлээд байна. Харин АИ-92 автобензиний үнийг тн тутамд 15 ам. доллар, А-80 автобензиний үнийг 10 ам. доллараар бууруулсан байна.

УИХ-аас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 65.0 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 35.0 мянган төгрөгөөр бууруулж, 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар “0” байсныг хэвээр үлдээж, 90 ба түүнээс дээш октантай автобензинд 60.0 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

Уурхай, цахилгаан станцын цогцолборын талаар шийдвэр гаргав

Хуралдаанаар Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн барих “Уурхай, цахилгаан станцын цогцолбор” төслийн явц, Ажлын хэсгийн ажлын тайлантай танилцаж, ерөнхий мэдээллийг сонсон цаашид хийх ажлын талаар чиглэл өглөө.
Үүнд:
• Ажлын хэсгийг шинээр байгуулж, төслийн ажлын явцыг эрчимжүүлэх,
• Төслийн асуудлаар Хятадын талтай Ерөнхий гэрээ байгуулах бэлтгэлийг хангах,
• Цогцолборын хамтын ажиллагааны хэлбэрийг Хятадын талтай боломжит хувилбаруудаар хэлэлцэж холбогдох эдийн засгийн өгөөж, үр ашгийн тооцоо, харьцуулсан судалгааг Засгийн газарт танилцуулах, ингэхдээ цогцолборын Монголын талын оролцоо нь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд 51%-иас доошгүй байхаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийх,
• Цогцолборын нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг түргэвчлэх талаар Хятадын талтай тохирох,
• Цогцолборт шаардлагатай нүүрсний нөөцийг Шивээ-Овоогийн орд газарт нэмэгдүүлэх улмаар баталгаажуулах арга хэмжээ авах, төслийн усны хангамж, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зэрэг үүргийг холбогдох яам, агентлаг, албан тушаалтнуудад өглөө.

Гадаад харилцааны сайд Японд айлчилна

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2009 оны 12 дугаар сарын 16-19-нд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэ айлчлал нь хоёр талд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараахан хийгдэж буй анхны өндөр хэмжээний уулзалт, арга хэмжээ юм. Айлчлалын хүрээнд Токио хотноо зохиогдох Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан гуравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцоно. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ю.Хатоямад бараалхан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос илгээсэн захидлыг гардуулж, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга К.Окада, Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Х.Наошима нартай уулзахаар төлөвлөж байна. Айлчлалын үеэр баримтлах ажлын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар болов.

Товчхон:
• Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин, төрийн байгууллагуудад ногдох орон сууцны тооны хязгаарыг тогтоолоо.
• Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 97.3-ыг “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан бараа нь УИХ, Засгийн газраас баталсан улсын чанартай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай бол түүний гаалийн нутаг дэвсгэрт байх хугацааг энэ хуулийн 97.2-т зааснаас хойш 2 хүртэл жилээр нэг удаа сунгах асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. Барааг түр хугацаагаар оруулах горимд байршуулах нийт хугацаа нь 3.6 жилээс хэтрэхгүй байна” хэмээн тусгалаа.
• Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэл бэлтгэх журмын төслийг хэлэлцээд уг журмыг батлах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
• Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
• Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
• 2009 оны 9 дүгээр сард Брюссель хотноо болсон Монгол Улс, Еворпын Холбооны хамтарсан хорооны XII хуралдааны дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайдад үүрэг болгов.
• Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг БНСУ-д 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах “Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээр”-ийн Сайд нарын зөвлөлийн 3-р хуралдаанд оролцуулах тухай хэлэлцээд баримтлах удирдамжийг Ерөнхий сайд батлахаар тогтов.
• Ерөнхий сайд С.Батболд Дундговь, Төв аймагт ажилласан дүнгийн тухай танилцаад, томилолтоор ажиллах явцад иргэд, байгууллагаас гарсан санал, хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
• Боловсролын салбарын бодлогын түвшинд 2009-2012 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаад, төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгуур үзүүлэлтүүдийг цаг хугацаанд нь үр дүнтэй ханган биелүүлж ажиллахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИ 188 САЯ АМ ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТАЛЛАА
АНУ-ЫН МСК-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 12 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙН ТУХАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАГА ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ
Зээлийн гэрээний үр дүнгийн талаар хэлэлцэв
Ерөнхий сайд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙСЭН “БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан