ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД АЖИЛЛАХ МОНГОЛ АЖИЛЧДЫГ СИСТЕМТЭЙГЭЭР БЭЛТГЭНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баруун есөн аймагт албан томилолтоор ажиллан иргэдтэй уулзах үед ажлын байр хүссэн, тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүн олон байсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар онцгойлон ярьж, асуудлыг системтэйгээр шийдэх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус өглөө. Ингэснээр орон нутгийн залуус Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч мэргэжил эзэмшиж, улмаар Оюутолгой төсөлд ажиллах боломж нээгдэж байна. Оюутолгой ХХК манай иргэдийг ажлын байртай болгоход зориулж гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн 3300 хүнд мэргэжил эзэмшүүлэх юм.
2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг бүрдүүлэх, сургалтын болон дотуур байрны зардал, суралцагчдад тэтгэлэг олгоход дээрх мөнгөнөөс зарцуулна.
Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа уул уурхай, зам, төмөр зам, аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах талаар Оюутолгой ХХК-тай ярьж тохирохыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Түүнчлэн ажилгүй иргэдийг нэмж сургах боломжийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүрээр тооцож, аймаг, нийслэлээс суралцах ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гарган, суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоох болж байна.
Ажилгүй иргэдийг сургалтад хамруулахдаа урьдчилан нарийн судалгаа гаргаж, бэлтгэлээ бүрэн хангасны дараа өндөр хэмжээнд зохион байгуулан, сургалтад хамрагдах иргэдийг “Илгээлтийн эзэд”-ийн нэгэн адил тооцож дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм.
Оюутолгой төсөлд ажиллах гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр тогтоохдоо Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог тус компаний монгол ажилтны тоонд оруулан тооцож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Одоогийн байдлаар Оюутолгой төсөлд 4366 хүн ажиллаж байгаагийн 1618 нь гадаадын, 2748 нь монголчууд юм. Оюутолгой төсөл нь дотроо барилга, ган хийц, механик, цахилгаан, дамжуулах хоолой зэрэг бүх салбарыг багтаасан дэд төсөлд хуваагдсан. 2012 он гэхэд ил уурхай ажиллаж жилийн дараа баяжмал үйлдвэрлэж эхлэхээр тооцоолж байна. Энэ жилдээ багтан суурийг нь тавьж, ирэх хавар ган хийцийг босгож, механик, цахилгаан, дамжуулах хоолойн хэрэгслийг суурилуулахаар төлөвлөжээ.
Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг Хүний хөгжил сангаас олгох боломжтой
Инфляцын өсөлтөөс үүдэн их дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн нь сүүлийн үед иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа юм. Тиймээс ард иргэддээ энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхэд нь туслах зорилгоор Засгийн газрын хуралдаанаас сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний талаар тогтоол гаргахаар боллоо.
Үүнд 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцан, үлдэгдэл төлбөрийг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангийн хишиг, хувиас тооцуулж төлүүлэх зохицуулалт хийхээр болж байна. Үүнтэй холбогдуулан сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2010 оны 9-12 дугаар сараар тооцох, 2011 оны нэгдүгээр сараас Хүний хөгжил сангаас хишиг хувиа сургалтын төлбөр хэлбэрээр авахтай холбогдуулан санал боловсруулах, сургалтын төрийн сангийн шалгуур үзүүлэлт, журам холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгалаа.
Дашрамд дурдахад 2010- 2011 оны хичээлийн жилд их,дээд сургууль, коллежийн дундаж төлбөрийг 726 мянган төгрөг байхаар тооцож байгаа юм байна. 2011 онд Хүний хөгжил сангаас нэг хүнд 500 мянган төгрөг олгогдохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд зөрүүг оюутан өөрөө төлөхөөр байна. Энэ зөрүү нь ойролцоогоор эхний дөрвөн сард ногдох сургалтын төлбөртэй тэнцэхүйц болохоор байна.
Том төслүүдийг хэрэгжүүлэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг эхний ээлжинд хангахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо
Засгийн газраас хэрэгжүүлэхээр баталсан бүтээн байгуулалтын төслүүдийн явцын талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, 2008-2012 оны Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас баталсан хөтөлбөр төслүүдийн хүрээнд ЗТБХЯ-наас дараах төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.
Тухайлбал барилгын салбарт 100 мянган айлын орон сууц, 96 сум дундын төв загвар төслийг хийхээр төлөвлөж байгаа бол, Авто замын салбарт 5572 км улсын чанартай автоа зам, 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 350 км автозамын шинэчлэлт, мөн Улаанбаатар хотод 212 км авто зам, долоон цэгт гүүрэн гарц барих юм байна. Харин төмөр замын салбарт төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын шинэ төмөр замын суурь бүтэц барих нэгдүгээр үе шатыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг эхлүүлэх юм байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлэхэд шаардлагатай байгаа холбогдох тооцоо, судалгааны ажлуудыг ч хийж дуусгажээ.
Засгийн газрын хуралдаанаас дээрх төслүүдийг яаралтай хэрэгжүүлж эхлэх, үүний тулд төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилтын эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх баталгаа гаргах замаар бий болгох талаар шийдвэрийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтооолыг хэрэгжүүлэх тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээллээс үзвэл олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшний уурхай байгуулах, бүс нутгийн зах зээлд нүүрс нийлүүлэх, борлуулах нэгэн гол тоглогч болох зорилгоо хангахын тулд Тавантолгой ордыг ашиглах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч төрийн өмчит компани олборлолтын үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүүлэх талаар нэлээд ажил хийгдээд эхэлжээ. Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын үзэл санааг дэлгэрүүлж, нарийвчлан зохицуулсан тодорхой шийдвэрийг Засгийн газрын түвшинд гаргах шаардлагатай гэж Д.Зоригт сайд хэллээ. Ерөнхий сайд мэдээллийг сонссоны дараа энэ ажил нь нэгдүгээрт нээлттэй ил тод байх, чадварлаг баг ажиллуулах, мөн монгол улс өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой гэдгийг сануулаад, бүтээн байгуулалтын томоохон ажлыг эрчимжүүлэх үүргийг өглөө.
Хамтарсан Засгийн газарт итгэх итгэлийг улам батжуулсан томилолт боллоо
Монгол улсын ерөнхий сайд С.Батболд хөдөөгийн иргэдийн аж амьдралтай газар дээр нь танилцахаар баруун болон төвийн бүсийн есөн аймгаар яваад ирсэн билээ. УИХ болоод Засгийн газрын зарим гишүүд, яам агентлаг, хэвлэл мэдээллийн ажилтнууд бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр 5600 орчим км газрыг хорь гаруй хоногийн хугацаанд туулж, нийт ард иргэдтэй 21 удаа уулзалт хийжээ. Төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын ажил байдалтай танилцан, давхардсан тоогоор 6300 орчим иргэд албан хаагчидтай уулзах явцад 200 гаруй санал шүүмжлэл, хүсэлт гарсан байна. Энэ хугацаанд орон нутгийн хэмжээнд тулгамдаад байгаа 16 асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтыг хэлэлцэж, хамтарсан Засгийн газрын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн танхимын гишүүд дүгнэлээ. Иргэдийн засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж, хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд хуралдааны үеэр тэмдэглэлээ. Засгийн газар сайн ажиллавал бид ч бас ажлаа сайн хийх болно гэдэг эрмэлзэл их байгаагаа иргэд Ерөнхий сайдаас нуугаагүй аж. Малчдын зээлийн асуудал, сургалтын төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажлын байрны хүсэлт зэрэг иргэдийн зүгээс тавьж байсан эдгээр асуудлыг цаг алдалгүй, системтэй шийдэхийг холбогдох сайд нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.
Тухайлбал, оюутны сургалтын төлбөрийг “Эх орны хишиг”-ээс шийдэх боломжийг судлах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахад шаардагдах улсын нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсвийн төсөлд тусгах зэрэг болон бусад зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг аймаг бүрээр нь нэг бүрчлэн гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт хугацаа заан үүрэг болголоо.Мөн хэрэгжилтэнд нь хяналт тавих ажлыг зохион байгуулалтайгаар хийхээр Засгийн газрын хуралдаанаас тохирлоо.
Ерөнхий сайдын энэ удаагийн томилолт өндөр ач холбогдолтой болсны хэрээр мөн хүлээлт бий болгож байгааг танхимын гишүүд тэмдэглэлээ.
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Харин АИ-92 автобензин болон дизелийн түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр үлдээж 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ногдуулахаар болов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар ЭБЭХЯ-наас оруулсан “Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 8 дугаар сард 7 дугаар сартай харьцуулахад А-80 автобензин тонн тутамд 68 ам доллар, АИ-92 автобензин 3 ам доллараар өссөн учир 8 дугаар сарын хилийн үнэ дээр татвар хураамжуудыг тооцож, агуулахын өртөг үнээр худалдах нь зүйтэй гэж үзжээ. Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 2010 оны 1 дүгээр сард тонн нь 690 орчим ам.доллар байсан бол 8 сард 848 ам.доллар болж өсчээ. Цаашид хилийн үнэ буурах магадлалтай байгаа тул Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тохиромжтой үе гэж ЭБЭХЯ-наас үзэж байна. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Дизель түлшний импортын үнэ 40 мянган төгрөгөөр буурсан хэдий ч өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалтын ажил эхэлж байгаа учир татварыг нэмэхгүй байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.
ИРГЭД ЗАСГИЙН ГАЗАРТАА ХАНДСААР БАЙНА
Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 2 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 14877 өргөдөл гомдол ирсний 96.6 хувийг барагдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.0 хувиар нэмэгджээ. Нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.6 хувьтай байна.
Иргэд төрийн захиргааны төв байгууллагад хандан ихэвчлэн гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсчээ. Харин нутгийн захиргааны байгууллагууд малгүй болсон малчдын нийгмийн асуудал, банкны зээлийг хөнгөлөх, ажлын байр, мөнгөн тусламж, газар эзэмших, гэр, орон сууцтай болоход хөнгөлөлттэй зээл үзүүлэхийг хүссэн өргөдөл хүлээн авсан байна.
УСАН САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ТОГТООЛОО
Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн эргэлтүүдийн цэгүүд, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон цэг, ойн сан бүхий газрын хилийн газарзүйн солбицолыг тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл нь цуцлагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох нөхөн олговрын тухай журам боловсруулж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо.
Энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан байна. Улсын хэмжээнд 2007 онд гадаргын усны тоо бүртгэлээр устай бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71,6 хувийг хамруулж, энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ.
Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд авч нэгтгэсэн байна. Хамгаалалтын бүсийг байршил, геологийн тогтоц зэргээс нь хамаарч хангайн уулархаг нутагт 200-500 м хүртэл, тал хээр, говьд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулжээ.
Хамгаалалтын бүс тогтоох ажилд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн 483 албан хаагч, иргэн оролцон, ажлын 54 хэсэг гарч 2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн 60 гаруй хоног ажилласан байна.
ТОВЧХОН
• УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Батбаяр, Д.Арвин нарын санаачлан боловсруулсан “Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагч нарт уламжлахаар болов. Төсөл санаачлагчид Богдхан уулын болон Дорнод монголын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг чөлөөлөхөөр тогтоолын төсөл санаачилжээ. Дээрх газрууд нь Дэлхийн Хүн ба Шим мандалын дархан газрын сүлжээнд хамрагдсан, түүнчлэн хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолд нийцүүлэн дархан цаазат газрын зарим хэсгийг чөлөөлөх нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж Засгийн газар үзлээ.
• Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар оны эхний хагаст цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд түлхэц болох томоохон арга хэмжээг бодит ажил хэрэг болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дэмжих чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Байгалийн гамшиг, зудыг хохирол багатай даван туулах, малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх, хаврын тариалалт, уринш бэлтгэхэд онцгой анхаарсан байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан зэргийг хэлж болох юм.
• Засгийн газар оны эхний 7 сард 43 удаа хуралдан 553 асуудал хэлэлцэн шийд гаргасан байна. 18 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар, 4 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, 60 асуудлыг Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлэхээр, 8 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 34 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 33 асуудлыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хойшлуулахаар, 61 асуудлаар Ерөнхий сайдын захирамж, 198 асуудлаар Засгийн газрын тогтоол гаргажээ.
• Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 217 заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 59 заалт буюу 27.1 хувь нь биелж, 145 заалт буюу 67.3 хувь нь хэрэгжих шатанд, 12 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 1 арга хэмжээ тасарсан байна.
• “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний болон Сангийн сайдад даалгалаа. 2008 оны 8,9 дүгээр сард нөөцөд авсан 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнээс одоо 24.09 мянган тонн үлдээд байна.
• Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааныг 2010 оны 8 дугаар сарын 26-30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.
• Өмнөговь аймаг дахь Гашуун сухайтын боомтыг “Химийн хорт болон аюултай бодис улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт”-д нэмж оруулав.
• МИ-8 нисдэг тэрэгний осолд орж бэртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайн эмчилгээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээд түрүүч Ж.Бадамжунай нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах үүргээ гүйцэтгэж яваад осолд өртсөн онцгой байдал үүссэн, хөлнийх нь дунд чөмөгний бэхэлгээ төмрийг авах боломж манай улсад байдаггүй учир Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийдсэн байна.
• Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50 000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хэрэгжүүлэх зорилгоор талбайг нөөцөд авлаа. 2010 онд шинээр нийт 24455,45 кв.км талбайд геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийхээр тусгасан бөгөөд үүний 30 хувь буюу 13385.6 кв.км талбайд геологийн судалгааны ажил хийхээр тооцжээ.
• Монголын Хүүхдийн спортын 4 дүгээр их наадмыг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 2011 оны 8 дугаар сарын 20-ныг дуустал орон даяар зохион байгуулах болов. Наадам нь өсвөр насныхныг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, спортоор хичээллэх сонирхлыг нь өрнүүлэх, тамирчдын залгамж халааг илрүүлэх, өсвөр үеийнхний өвлийн болон зуны олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.
• “Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмыг 2011 оны 2 дугаар сард, “Монгол-2011” олон улсын хийн бууны аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, “Чингис хаан-2011” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 7 дугаар сард Орхон аймагт, Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.