Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
УВС АЙМГИЙН ДУЛААНЫ СТАНЦ АВААРИЙН БАЙДЛААС ГАРЧЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.14 /
“Увс дулааны станц” аваарийн байдлаас гарч одоо сэргээн босгох ажил хийгдэж байна гэж Улсын Онцгой комиссын хурлаас үзлээ. Ингэхдээ Эрчим хүчний газрын өгсөн мэдээлэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтийг үндэс болгосон байна. Цаашид хоёрдугаар зуухны ул ширэм, явах ангийн суурь, сэнс, үнс татах ковшийн замын засварыг богино хугацаанд иж бүрнээр нь сольж, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангах ажлыг улам эрчимжүүлэх, гуравдугаар зуухыг 2 дугаар сарын 19-ний өдөр гэхэд ажилд оруулахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгов.

“Увс дулааны станц“-ыг эзэмшигч хувийн байгууллагын үйл ажиллагааг түр түдгэлзүүлж төрийн байгууллага өөрийн хүчээр засварыг иж бүрнээр нь хийж дуусгах нь зүйтэй гэсэн санал хуралдааны үеэр гарч байлаа. Цаашид хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэ мэтээр хохироохгүй байх, тэдний эрх ашгийг хамгаалахын тулд станцыг төр мэдэлдээ эргүүлж авч болох хуулийн заалт байгаа тухай гэж Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд хэлэв.  

Аваар гарч хөлдөлтийн байдалд хүрсэн нь эзэмшигч хувийн байгууллага өвөлжилтийн бэлтгэлээ горимын дагуу хийгээгүй, хариуцлага нь ч сул байсантай холбоотой гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын урьдчилсан дүгнэлт гарчээ. Станцын үйл ажиллагаа доголдсоноос аймгийн төвийн 48 аж ахуйн нэгж, байгууллага дулаанаа авч чадалгүй хохироод байна. Цаашид байдлыг хэвийн болгоход шаардагдах 371 сая төгрөгийн асуудлыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр Онцгой комиссын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхэд зарцуулсан хөрөнгө, зориудаар устгасан малын нөхөн төлбөрийн талаар хэлэлцлээ. Шүлхий өвчнөөр Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр  аймагт 25 976 мал өвчилсөн юм. Өвчинтэй тэмцэх болон зориудаар устгасан малын нөхөн төлбөрт Засгийн газрын нөөц сангаас 2 тэрбум 663 сая төгрөг зарцуулсан. Одоо 1,7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсныг Сангийн яамаар хянуулж ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэхдээ Сүхбаатар, Төв аймгаас ирүүлсэн зардлын тооцоог хянахад баримт материал дутуу, удаа дараа ирүүлж байсан хөрөнгийн тооцоо хоорондоо зөрүүтэй байгаа нь тогтоогдсон байна. Тухайлбал Сүхбаатар аймаг өмнө нь Засгийн газрын тогтоолуудаар авсан 200 сая төгрөгийн зардлаа хасч тооцоогүй, Төв аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн гамшгийн нөөцөөс гаргасан хөрөнгийг дахин Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар ирүүлсэнд Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Шүлхий өвчин гарсан аймгуудын малд тарьсан вакцинжуулалтын дархлааны хугацаа 7 дугаар сар гэхэд дуусна. Үүнээс өмнө дараагийн ээлжийн вакциныг тарих, өвчлөмтгий малын тоог гаргах, дархлаа суларсан мал болон өвчлөмтгий малыг вакцинжуулахад шаардагдах вакцин, зүү, тариур бусад хэрэгсэл, үйл ажиллагааны зардлын тооцоо хийх, салбарын бэлтгэл, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө хийж хэрэгжүүлэхийг Онцгой комиссын хуралдаанаас холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болголоо. Дашрамд дурьдахад, Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч 3 сарын дотор  шүлхий өвчний голомтыг устган, тархалтыг зогсоосон гэж НҮБ-ын шинжээчид үнэлсэн юм хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад албан ёсны айлчлал хийж байна
Сингапур туршлагаасаа хуваалцахад бэлэн
Монгол Улс, АНЭУ-ын Засгийн газар хоорондын комисс байгуулах саналтай байгаагаа Шадар сайд илэрхийллээ
Засгийн газар Иргэний нийгмийнхэнтэй хамтарч ажиллахад бэлэн
С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан