Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдрөөс олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны гүнзгий агуулгатай яриа хэлэлцээрүүд явагдаж байна. Өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд Австралийн Төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудал яригдсаны доторвизийг хөнгөвчлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөндлөө.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд тус улсад хийж байгаа айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Сиднейд болсон Монгол Австралийн бизнес форум ажил хэрэгч уур амьсгалд болсныг, Австралийн хөрөнгө оруулагчид уулзалтад өргөнөөр оролцож, Монгол Улсыг ихээхэн сонирхож байгаа нь харагдлаа гэдгийг дурдаад, энэ нь харилцан сонирхол өндөр байгааг илтгэж буй хэрэг юм гэлээ. Түүнчлэн хоёр орны хоорондох боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Австралийн үндэсний их сургуулиар зочилж, тэнд монгол хэл сурч байгаа Австрали оюутнуудыг хараад сайхан сэтгэгдэл төрснөө эрхэм спикерт сонирхуулав. Хоёр улсын харилцааг улам идэвхжүүлэхэд бизнесийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй, тиймээс Австралийн томоохон хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд дэмжинэ гэдгээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Уулзалтын үер Ерөнхий сайд С.Батболд тус улсад сурч байгаа оюутнуудын тоог нэмэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан зорчих болон бизнес, хөрөнгө оруулалт өргөжиж буй энэ үед виз олгох журмаа хөнгөвчлөхийг санал болгосон юм.
Өнөөдөр Австрали улсаас монголчуудад олгож байгаа виз нь хүнд нөхцөлийн ангилалд ордог ажээ. Тиймээс визийн энэ ангиллыг өөрчлөх нь Монгол иргэдийн хувьд нэн чухал асуудал гэж Ерөнхий сайд ноён спикерт хандан онцлон хэлж байлаа. Мөн Австрали улс Монгол Улсад ЭСЯ-ыг нээхийн чухлыг ч тэрбээр мөн онцлоод, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Кьюстэн, Виктория мужид байгалийн гамшиг буюу үерээс болж олон хүний амь нас эрсдсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс харамсал илэрхийллээ.
|
Харин Австралийн эрхэм спикер Харри Женкинсийн хувьд Ази номхон далайн орнуудын их хурал Улаанбаатар хотноо зохиогдох үед өөрийн орны төлөөлөгчдөө ахалж явснаа сонирхуулаад, тус хурлыг маш сайн зохион байгуулсныг, бас Монголын талаар их сайхан сэтгэгдэл төрснөө тэмдэглэж байсан. Хэцүү цаг үед бие биенээ дэмжиж байгаа нь нийтлэг үнэт зүйлстэй байгааг харуулж байгаа хэрэг хэмээлээ. Монгол Улсаас ч бас суралцах зүйл их байна, тухайлбал улс орны чухал асуудлыг шийдэхэд нөлөөлөх Хамтарсан Засгийн газар байгуулсан туршлагыг бид ч бас судалж байгаа.
Эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний уламжлалт соёл, зан заншил, амьдралын хэв маягаа XXI зуунд ч хадгалж ирсэн нь Монголын ард түмний гайхамшиг хэмээн тодорхойллоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хөндөж тавьсан визний асуудлыг шийдэх боломжтой, анхаарч ажиллах болно гэдгээ амаллаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Австралид хийж буй анхны айлчлалд гүнзгий ач холбогдол өгч байгаагаа, энэхүү айлчлал хоёр улсын түншлэлийн харилцааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.