Монгол, Австралийн хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, Монгол Улс 1990 онд ардчилсан шинэчлэл өөрчлөлт хийснээс хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Австралид хийж буй анхны айлчлалаар зочилж буй Ерөнхий сайд С.Батболдыг тус улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард халуун дотноор хүлээн авав.
Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа эрдэс баялаг, эрчим хүчний салбарт өргөжин тэлж байгааг хоёр улсын Ерөнхий сайд нар сайшаан талархав. Монголын уул уурхайн гол төслүүд, түүний дотор Оюу толгойн зэс, алтны уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэх нь Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын сацуу Монгол, Австралийн худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болохыг хоёр улсын Ерөнхий сайд нар тэмдэглэв.
Австралийн уул уурхайн салбарынхан мэргэжлийн туршлага мэдлэгээсээ монголын талтай хуваалцах сонирхол өсөн нэмэгдэж байгааг болон Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц геологи, өрөмдлөг, уул уурхайн програм хангамж, байгаль орчны менежмент, санхүү, эрх зүй, хүний нөөцийн хөгжлийн салбар дахь Австралийн бизнесийн чадавхийг талархан хүлээн авав.
Талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид өсгөн нэмэгдүүлэхэд нээлттэй, ил тод зах зээл, эрх зүйт төр чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ хүрээнд Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах тэргүүн туршлага бүхий эрх зүй, зохицуулалтын тогтолцоог бий болгоход чиглэсэн Австралийн дэмжлэг туслалцааг талархан хүлээн авав.
Ерөнхий сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон олон чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд нарын уулзалтын хүрээнд дараахь дөрвөн баримт бичигт гарын үсэг зурав:
- Монголын уул уурхайн салбарын ажилчдын чадавхийг нэмэгдүүлэхэд туслах, мэргэжлийн боловсролын салбарт оюутан, багш нарын солилцоог дэмжих, боловсролын тогтолцооны талаар мэдээлэл солилцох, хоёр орны мэргэжлийн боловсролын болон их дээд сургуулийн хооронд мэргэшил, хүлээн зөвшөөрөх үйл явцыг дэмжихэд чиглэсэн Мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг.
- Монголын мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн хөгжил, хөдөө аж ахуйн технологи, мэдээлэл солилцоог дэмжих тухай Харилцан ойлголцлын санамж бичиг.
- Хоёр улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны тухай мэдээлэл солилцоог өргөжүүлэх, мэдээллийн ил тод байдал, түүнийг нийтэд болгох явдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг.
- Геологи, усны нөөц, хөдөө аж ахуй зэрэг харилцан сонирхсон шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааны боломжийг судалж, санаа бодлоо солилцохыг дэмжих зорилгоор Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Австрали Улсын Шинжлэх Ухааны Академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг.
Австралийн Ерөнхий сайд Ж.Гиллард Монгол Улстай худалдаа, боловсрол, хөгжлийн салбарт харилцаагаа бэхжүүлэх үүднээс дараахь алхмуудыг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв:
- Монгол Улсад бизнес эрхлэх сонирхол бүхий Австралийн компанийн тоо өсч байгааг харгалзан Австралийн Худалдааны газар 2011 онд Улаанбаатар хотноо өөрийн төлөөлөгчийн газраа нээнэ.
- Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлж, 2012 оноос эхлэн жил тутам хүлээн авч суралцуулах монгол оюутны тоог 28-аас 38 болгож нэмэгдүүлнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 140 гаруй монгол хүн энэ хөтөлбөрт хамрагдаж, Австралид суралцсан.
- Ус, эрүүл ахуй, уул уурхайн зарим ордын үр ашиг, өртөгийн тооцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлэхэд зориулж Австрали 2010-2011 онд 1.5 сая доллар зарцуулна. Эдгээр төслийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар хэрэгжүүлнэ. Энэ жилийн хувьд 7.4 сая доллар, 1995 оноос хойш нийтдээ 50 гаруй сая долларт хүрээд буй хоёр талын хөгжлийн түншлэл нь өнөөг хүртэл Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс төрийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлэхэд голлон чиглэгдсэн.
Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Австралийн хооронд иргэд хоорондын хэлхээ холбоо өргөжиж байгааг, түүнд Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж байгааг сайшаав. Тэд хоёр орны хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэдд Монгол, Австралийн нийгэмлэгийн зүгээс явуулж ирсэн идэвхтэй ажиллагааг тэмдэглэв. Нийт 300 гаруй монгол оюутан Австралид суралцсанаас өнөөгийн Засгийн газрын нэг сайд, Улсын Их Хурлын гурван гишүүн байгааг мөн тэмдэглэв. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад Австралийн Хөгжлийн сайн дурын залуу элчин сайд нар үйл ажиллагаа явуулж байгааг талархаж байгаагаа илэрхийлэв. Өнөөг хүртэл 120 гаруй Австрали залуус Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Ерөнхий сайд нар хоёр орны парламентын төлөөлөгчдийн харилцан айлчлалын чухлыг онцлов.
Хоёр орны хувьд байгалийн гамшиг, цаг уурын онцгой үзэгдлүүд ноцтой сорилт болж байна. Саяхан Күинслэнд, Викториа, Баруун Австралид болсон үер, хуй салхи, түймрийн улмаас хүний амь нас үрэгдэж, хохирол учирсантай холбогдуулан Монголын талаас эмгэнэл илэрхийлсэнд Ерөнхий сайд Ж.Гиллард Австралийн ард түмний талархлыг уламжлав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд гамшгийн хохирлыг бууруулахад чиглэсэн Австралийн хүч чармайлтыг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд Ж.Гиллард талархав. 2010 оны зудаар Монголд мал ихээр хорогдож, малчдын амьжиргаа эрсдэлд оруулсан гамшгийг даван туулахад Австралийн талаас тусламж үзүүлсэнд Ерөнхий сайд С.Батболд мөн талархал илэрхийлэв.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний болон олон улсын хүч чармайлт чухал болохыг Ерөнхий сайд нар онцлов. Тэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын Суурь конвенцийн талуудын 2010 оны Канкуны бага хурлын дүнг сайшаан Канкуны тохиролцоог шургуу хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.
Монгол, Австрали хоёр улс Ази, Номхон далайн бүс нутагт стратегийн нийтлэг ашиг сонирхол, зорилт, түүний дотор тус бүс нутгийн энх тунх хөгжлийг эрхэмлэдгээ илэрхийлэв. АСЕАН-ы Бүсийн чуулга зэрэг бүс нутгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол, Австралийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг Ерөнхий сайд нар тэмдэглэв. Ази, Номхон далайн бүс нутагт оролцоогоо бэхжүүлэхэд чиглэсэн Ерөнхий сайд С.Батболдын хүсэл эрмэлзлэлийг Ерөнхий сайд Ж.Гиллард сайшаав. Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнц, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын дэгийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэд нотлов. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс ураны салбараа хөгжүүлэх сонирхолтой байгааг дурдаад ураны нөөцөөр баялаг Монгол, Австрали хоёр улс аюулгүй баталгаа, аюулгүй байдал, экспортын хяналтын чиглэлээрх тэргүүн туршлагыг түгээх талаар ижил сонирхолтой байгааг илэрхийлэв.
Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд үргэлжлүүлэн оролцохын төлөө байгаагаа Ерөнхий сайд нар дахин нотлов. Австралийн удирдлага дор ажиллаж буй Кабулын Артиллерийн сургуульд Афганистаны Үндэсний Армийг сургахад Монгол, Австрали хоёр улс хамтран ажиллаж байгааг тэд сайшаан тэмдэглэв. Бүрэн эрхт, тогтвортой, аюулгүй, терроризмыг үл орогнуулагч Афганистаныг бий болгох нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг Ерөнхий сайд нар цохон тэмдэглэв.