Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
СИНГАПУР УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.28 /

Эрхэм хүндэт профессор, багш нараа, оюутан залуучууд аа,

Та бүхний амрыг эрэн мэндчилэхийн хамт та нартай уулзаж, Монгол орныхоо хөгжлийн тухай товч боловч ярих завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлье. Монгол, Сингапур хоёр хэдийгээр Ази хэмээх нэг тивд байдаг ч бие биенээсээ яггүй хол зайд оршдог, байгаль орчин, цаг агаарын хувьд  эрс тэс ялгаатай юм. Бид өчигдөр Монголоос гарахад шөнөдөө -30 хэм, өдөртөө -20 орчим хэм байлаа. Гэтэл энд одоо Монголын зун шиг дулаахан байна.

Та бүхэн олон зуун жилийн түүхтэй Монгол орны тухай, ялангуяа одоогоос 800 гаруй жилийн тэртээ Их эзэн Чингис хаан Монгол овог, аймгуудыг нэгтгэж, дэлхийд хүчирхэг гүрэн байгуулж байсан тухай уншиж, дуулсан байх. Харин би өнөөдөр Монгол Улс хөгжлийн ямар зорилт тавьж, хэрэгжүүлж байгаа тухай товч ярья гэж бодсон юм. Монгол Улс 1990 он хүртэл 70-аад жил социалист гэгдэх системийн хүрээнд хамрагдаж, улсын өмч бараг дангаараа ноёрхсон, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг намын удирдлага бүхий улс төрийн тогтолцоотой орон байв.

1990 оноос ардчилал, шинэчлэлийн үйл явц өрнөж эхэлсэн бөгөөд эдүгээ 20 жилийн дараа Монгол Улс улс төрийн ардчилсан тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нээлттэй гадаад бодлого бүхий орон болж хөгжлөө. Эдүгээ манай улсын ДНБ-ний 70 орчим хувийг хувийн хэвшил бүтээж байна.

Гадаад худалдаа чөлөөтэй болж, өргөжин тэлсэн бөгөөд орчин үеийн техник, технологи хурдан нэвтэрч байна. Энэ хэрээр ард иргэдийн амьдралын чанар ч өөрчлөгдөж байна. Би ганц, хоёр жишээ хэлье. Манай улсад гар утас хэрэглэгчийн тоо  1996 онд 889 байсан бол 2010 онд 2,3 сард хүрчээ.  Манай улсын хүн ам 2.7 сая байгааг тооцон үзэх юм бол энэ нь ямар том өөрчлөлт болох нь харагдах биз ээ. 1.5 сая кв.км  газар нутагтай, 21 аймаг, 300 гаруй сумтай манай улсын хаана л бол хаана үүрэн телефон ба интернет ашиглах боломжтой боллоо. Интернет хэрэглэгчдийн тоо хагас саяаас давжээ.  Суудлын автомашин 1999 онд 40 орчим мянга байсан бол 2010 онд 160 гаруй мянга болж, 4 дахин өсчээ.

Шинэ тогтолцоонд шилжсэнээр энэ мэт дэвшил, өөрчлөлт гарсан ч бас алдаа, дутагдал, хүндрэл, бэрхшээл багагүй тулгарсан. Олон үйлдвэр, аж ахуйн газар шинэ нөхцөлд ажиллаж чадахгүй дампуурч, хаагдаж, үүнээс үүдээд ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн. Иймд бид шилжилтийн үеийг цэглэж, хөгжлийн шинэ шатанд шилжих зорилтыг дэвшүүлж байна. Учир нь хөгжлийг хурдасгах нөхцөл, бололцоо бидэнд хангалттай байна. Манай улс газар дороо алт, мөнгө, зэс, нүүрс, уран,  жонш гээд олон төрлийн асар их баялагтай. Үүний зэрэгцээ манай улсад 30 гаруй сая мал байгаа бөгөөд тэдгээрийн мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур зэрэг их хэмжээний нөөцийг боловсруулж, дотооддоо хэрэглэх, гадаадад гаргах бололцоо их бий.

Бид энэ их нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж, эдийн засгийнхаа чадавхийг нэмэгдүүлэн, хүн амынхаа амьжиргааг сайжруулах зорилтыг дэвшүүлж байна. Тухайлбал, манай говь нутагт орших .зэсийн асар том ордыг ашиглаж эхлэх хэлэлцээрийг 2009 онд байгуулаад одоо хэрэгжүүлж эхлээд байна. Оюу толгойн уг орд 45 сая тонн зэс, 1800 тонн алт, 400000 тонн молибдений нөөцтэй юм.

Мөн манай говь нутагт орших Таван толгойн нүүрсний ордыг энэ жилээс ашиглаж эхэллээ. Уг орд 6.4 тэрбум тооны нөөцтэй бөгөөд үүнээс 2 тэрбум орчим тонн нь сайн чанарын коксжих нүүрс юм. Хэрэв бид жилд 20 сая тонн нүүрс олборлож, экспортлоно гэж тооцвол уг ордыг 300 гаруй жил ашиглах юм. Эдгээр орд бол үнэхээр дэлхийд дээгүүр орох хэмжээний ордууд юм. Эдгээрийг ашиглаж эхэлсэнээр манай улсын эдийн засгийн хөгжил, 2011-2015 онд ДНБ дунджаар 15 хувиас доошгүй өсөх, нэг хүнд ногдох орлого 2,2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Уул уурхайн шинэ ордуудыг ашиглаж эхэлснээр манай улсын экспортын бүтэц, хэмжээ өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнө манай улс зэсийн баяжмал, алт, хайлуур жонш, ямааны ноолуур зэрэг цөөн төрлийн бүтээгдэхүүн экспортод гаргаж байсан бол одоо тэдгээрээс гадна нүүрс, нефть, цайр, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүн гаргах боллоо. Тухайлбал, 1999 онд манай улс жилд 5 сая тонн нүүрс олборлож, түүнийгээ дотооддоо хэрэглэдэг байсан,харин 2009 онд 14.4 сая тонн нүүрс олборлож, түүний талыг нь экспортолжээ.

Нефтийн хайгуул идэвхтэй хийж байгаагийн үр дүнд түүний олборлолт нэмэгдэх хандлагатай байна. Манай улс 2006 онд 376,5 мянган баррель нефт экспортолсон бол 2009 онд 1.8 сая тонныг гаргаж,бараг 5 дахин нэмэгдүүлжээ. Энэ бүхнээс үзэхэд ойрын ирээдүйд уул уурхай, ашигт малтмалын салбар манай улсын эдийн засгийн хөгжилд голлох байр суурь эзлэх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн манай улсын экспортын 85 орчим хувийг эзэлж байгаа юм.

Одоо би олон тоо ярихаа больж, шийдвэрлэх ямар асуудал тулгарч байгаагаа ярих нь зөв болов уу гэж бодож байна.

Манай улс эрдэс баялгийн ийм их нөөцтэй ч гэсэн далайд гарцгүй учир хөрш зэргэлдээ Хятад, Оросоос өөр бусад оронд бүтээгдэхүүнээ экспортлох боломж хязгаарлагдмал байна. Гадаад худалдааны дийлэнхийг БНХАУ, ОХУ-тай хийж байна. Тухайлбал манай улсын экспортын 74 хувь нь БНХАУ-д, импортын 36 хувь нь ОХУ-д ногдож байгаа. Иймд уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох замыг өргөтгөх асуудал нэн чухал болж байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор говь нутаг дахь гол ордуудаас 1000 гаруй км урт төмөр замыг Монголын зүүн талаар барьж, Оросын Алс дорнодын төмөр замын сүлжээнд холбохоор боллоо. Ингэснээр манай улс Хятадын төмөр замаар дамжин далайд гардаг ганцхан гарцтай байсан бол Оросын Алс дорнодоор дамжин далайд гарах хоёр дахь гарцтай болно. Үүний дүнд бараа бүтээгдэхүүнээ Япон, БНСУ,Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудад экспортлох боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ уул уурхайн түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудлыг бид шийдвэрлэнэ. Үүнд зэс хайлах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбор, нүүрс химийн үйлдвэр барих төслүүдийг боловсруулж байна. Энэ нь ашигт малтмалыг түүхийгээр нь экспортлохыг багасгах, үүний оронд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргахад чиглэгдэнэ. Ингэснээр тээврийн зардлыг хэмнэх ач холбогдолтой юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох орнуудын тоог нэмсэнээр өрсөлдөөн бий болж, манай улсад ашигтай үнэ бүрдэх болно гэж найдаж байна. Одоогоор зах зээлийн сонголт хязгаарлагдмал байгаагаас зарим эрдэс, түүхий эдийг олон улсын зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулахад хүрч байна.

Монгол Улс хэрэгцээт нефть бүтээгдэхүүнээ бараг 100 хувь ОХУ- аас импортлон авч байна. Энэ нь манай зах зээлийг эмзэг болгож буй нэг хүчин зүйл мөн. Бид цаашид энэ хамаарлыг багасгах бодлого боловсруулж, хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын Дорнод, Дорноговь аймгуудын нутагт нефть хайгуул, олборлолт нэмэгдэж байна. Тоо баримтыг би дээр хэлсэн.

Одоо харин нефтийг түүхий эдээр нь экспортлохыг багасгаж, дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна.2014 он гэхэд ийм үйлдвэр байгуулагдах төлөвлөгөөтэй бөгөөд энэ зорилт амжилттай шийдвэрлэгдсэнээр манай улс өөрийн нефть бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж, импортоос хамаарах хамаарлыг үлэмж бууруулах юм.

Экспортод уул уурхайн бүтээгдэхүүн голлодог орны нэг том хүндрэл бол дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэл юм. Эрдэс, түүхий эдийн үнэ  огцом бөгөөд үлэмж унах нь улс орны орлогыг бууруулж, уул уурхайн салбарын хөгжлийг боогдуулахад хүргэдэг. Бид  энэ зовлон, хүндрэлийг туулсан. Тухайлбал манай экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 2008 онд бараг 3 дахин унаж, эдийн засагт хүндхэн хохирол учруулсан.

Цаашид нефть болон гол нэр төрлийн эрдэс түүхий эд, хүнсний барааны үнийн огцом хэлбэлзлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орнууд хамтран авч байх нь зүйтэй гэж бодож байна.

Бид ийнхүү уул уурхайн аж үйлдвэрийг түлхүү хөгжлүүлэхийн хамт эдийн засгийн бусад салбарын хөгжлийг хамтад нь хурдасгах бодлогыг барьж байна. Уул уурхайн баялаг бол дуусашгүй, шавхагдашгүй зүйл биш ээ. Хэзээ нэгэн цагт дундарна, дуусна. Иймд нийт эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, өөрийгөө тэтгэх чадамжийг дээшлүүлэхийг зорьж байна.

Манай улсын өөр нэг чухал баялаг бол эрдэнэт мал сүрэг маань юм. Малын тоо толгойг өсгөхийн зэрэгцээ үүлдэр угсааг нь сайжруулж,ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх зорилт бүхий хөтөлбөр гарган ажиллаж байна. Малын арьс, ноос, ноолуур, мах, сүү зэрэг олон төрлийн түүхий эдийг сайтар боловсруулж, дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаадад экспорлох хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мал аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортын зах зээлийг нэмэгдүүлэхийн тулд манай улс Европын Холбоотой хэлэлцээ хийж, 7000 гаруй нэр төрлийн барааг тус холбооны гишүүн улсуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр гаргахаар тохиролцсон. Энэ таатай боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд манай экспортын барааны стандарт, чанарыг Европын Холбооны стандарт, шаардлагатай нийцүүлэх хэрэгтэй юм. Манай улс Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа бөгөөд цаашид тус холбоотой улам нягт хамтран ажиллах хүсэлтэй байна.

Эдүгээ манай улс Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар ярилцаж байна. Ер нь манай улс Ази тивийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцохыг эрмэлзэж байгаа.

Хүн амын хүнсний хангамжийн асуудал манай улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна. 3 жилийн өмнө дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, хурц хямрал гарсан нь бидэнд хатуухан сургамж үлпээсэн. Ийм ч учир манай Засгийн газар газар тариаланг сэргээх хөтөлбөрийг 2008 онд гаргаж ажилласны дүнд сүүлийн 2 жилд томоохон ахиц гарлаа. Манай улс 2007 онд 114,8 мянган тонн үр тариа хурааж байсан бол 2009 онд 390 гаруй мянган тонныг хураан авч, дотоодын хэрэгцээний 80 орчим хувийг хангах боллоо. 2010 онд 360-аад мянган тонн тариа хураан авлаа.

Эдийн засгийн хөгжлийн өөр нэг чухал чиглэл бол аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм. Монгол орон говь, хангай, хээр тал хосолсон өргөн уудам нутагтай, жилийн дөрвөн улиралтай, олон жилийн баялаг түүхтэй орон учир сүүлийн жилүүдэд гадаадын жуулчдын сонирхлыг нэлээд татах боллоо. Одоо бид аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд голлон анхаарч байна. Оюутан залуус та нар ч бас Монгол оронд очиж үзээрэй. Зун, намар ирвэл илүү тохиромжтой. Гэхдээ бас Монголын өвөл ямар байдгийг, хасах 30-40 хэмийн хүйтэн ямар байдгийг үзэхэд залуу улс та нарт мартагдашгүй сэтгэгдэл үлдээх болов уу гэж бодож байна.

1990 оноос хойш Монгол, Сингапурын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Богино хугацаанд улс орныхоо хөгжлийг өндөр түвшинд хүргэж чадсан Сингапурын туршлагыг бид сонирхсоор ирсэн. Миний энэ айлчлал уг туршлагаас суралцахад их ач холбогдолтой болж байна.

1990 оноос гадаад худалдааг чөлөөтэй болгосноор манай залуус гадаад орнууд руу явж бараа, таваар зөөх болсон. Сингапур Улсаас ялангуяа цахилгаан бараа их хэмжээгээр авчирч, Монголынхоо иргэдийг хангаж байсныг бид сайн мэднэ. Цаашид ч манай хоёр орны хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан , эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй хамтран ажиллах ихээхэн бололцоо бий гэж үзэж байна. Үүгээр би ярих зүйлээ цэглэе. Та бүхэнд сурлагын их амжилт хүсье. Сайн мэргэжилтэн болохыг хүсье. Анхааран соёрхосонд баярлалаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА
Тэргүүн шадар сайд говийн бизнесменүүдээ эргэлээ
Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Хоёр улсын түншлэлийн зэргийг ахиулна
Хамтарсан Мэдэгдэл
ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН БОЛОВСРОЛ МОНГОЛД НЭВТЭРЧ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан