Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад харицааны яамны Азийн газрын захирал Б.Ганболд нар оролцлоо.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20жил, Солонгос дахь Монголын жилийн нээлтийн арга хэмжээтэй Ерөнхий сайд С.Батболдын айлчлал давхцсан төдийгүй Ерөнхий сайдын өргөн бүрэлдэхүүнтэй очсон энэхүү айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгсөн гэдгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэллээ. БНСУ нь манай гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байгаагэдгийг ч мөн хуралд оролцсон албаны хүмүүс тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхаж, Ерөнхий сайд Ким Хван Шигтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Эдгээр уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ асуудлыг гол сэдэв болгон тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй урсдаг байх нөхцөлийг бий болгох шаардлага хоёр улсын өмнө зүй ёсоор тавигдаж байна гэдгийг онцлон хэлээд ингэхийн тулд дэс дараатай арга хэмжээ авч иргэдийг ойрын үед визээс чөлөөлөх саналтай байна.
Гадаад харилцааны сайд байхдаа миний бие визний хугацааг 90 хоног болгож сунгах шийдвэр гаргасан нь өнөөдөр үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Визний хугацаа хэтэрдэг зөрчил эрс цөөрсөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэжээ. Холимог гэр бүлийн гишүүдийн эцэг эх, үр хүүхэд ийм нөхцөл эдэлж чадахгүй байгаа тул нийтлэг журамд хамруулахыг мөн хүсчээ. Энэ дашрамд дуулгахад 2011 оноос эхлэн Солонгосын монголч эрдэмтдэд манай улсад олон удаагийн визээр зорчих эрхийг Монгол Улсын Засгийн газар олгоод байгаа юм.
Мөн Солонгост ажиллаж байгаа гэрээт ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, дадлага эзэмшсэн хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгох, ажилчдыг мэргэжлийн баримжаа олгох богино хугацааны сургалтад монголчуудыг илүүтэй хамруулах талаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тавьсан хүсэлтэд БНСУ-ын Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Энэ чиглэлээр нааштай шийдвэрүүд гарч өнгөрсөн оны сүүлчээс Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгож эхэлсэн төдийгүй гэрээгээр ажиллаж байгаа бүх хүнд мэргэжлийн үнэмлэх олгохоор холбогдох албаны хүмүүстээ үүрэг өгөөд байгаа” гэсэн байна.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчдын тоог нэмэгдүүлэх, эрчим хүч, геологи, боловсруулах үйлдвэрлэл, анагаах ухаан, инженер, газар тариалан зэрэг нарийн мэргэжлээр түлхүү сургах Монголын Ерөнхий сайдын хүсэлтийг мөн Солонгосын тал нааштай хүлээж авсан нь айлчлалын нэг чухал үр дүн байлаа гэж албаны хүмүүс дүгнэлээ. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд жилд 2 сая гаруй ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт өдгөө 230 сая ам.долларт хүрч, 85 дахин өссөн байна. Энэ бол хоёр улсын харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэний жишээ гэдгийг талууд тэмдэглээд шат ахиулах чиглэлээр ажиллахыг хоёр улсын Гадаад харилцааны яамдад үүрэг болгожээ.
Монгол Улс нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийг авах тэргүүлэх ач холбогдолтой улс, Зүүн Азийн цаг уурын түншлэлийн хөтөлбөрийн стратегийн гол түнш орон гэж Солонгосын тал үзэж буй бөгөөд 2011-2013 онд олгох буцалтгүй тусламжийнхаа хэмжээг 20,5 сая ам.долларт хүргэсэн байна. Мөн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын хөгжлийн тодорхой шаардлагатай салбаруудад зориулахаар гэрээ хэлцлүүд хийгдсэн байна. Улаанбаатар хотод Үндэсний оношлогооны төв байгуулахаар шийдвэрлэж, уг төслийг 45,1 сая гаруй ам.долларын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэхүү оношлогооны төв нь манай хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үлгэр жишээ нь байх болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яаралтай шийдвэрлэх, хотын хорт утааг арилгах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд “Эко-Улаанбаатар” гэсэн зорилт төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Утаагүй түлш үйлдвэрлэх, утаагүй түлш үйлдвэрлэх явцад гарах хийг ашиглаж цахилгаан станц байгуулах, цаашид хэрэглээний хий үйлдвэрлэх, хийгээ шингэрүүлж түлш боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар барьж байгуулахаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Айлчлалыг амжилттай болоход түлхэц өгсөн үйл явдалд мөн Улаанбаатар хотын Яармаг орчмын газар нутагт Цэвэр усны хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох, Барилга, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон Анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай, Монгол Улсад мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай, “Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын Төмөр замын консорциум хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулж, холбогдох салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохирсон зэрэг орж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.