Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.11 /
ДИЗЕЛИЙН ТҮЛШИНД НОГДУУЛЖ БАЙСАН ТАТВАРЫГ 200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 140 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 110 мянган төгрөг болгон бууруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол 170 мянган төгрөг, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгож бууруулсан байна.

ОХУ-ын Роснефть компани дизелийн түлшийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон учир “ТНК” компаниас өндөр үнээр /1250 ам.доллар/ авах зэргийг тооцон дизель түлшний татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа. Энэ шийдвэрийг 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ. Харин бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах татварын хэмжээг хэвээр байлгахаар боллоо.

Засгийн газар автобензин, түлшний үнэ өсөхөд татварыг бууруулж дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бүрдүүлж байгаа юм. ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 28, АИ-92 автобензин 59, дизелийн түлш 96 ам. доллараар өсчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ХҮРГЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Газрын тосны бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн өгсөн мэдээллээр бол 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар манай улс дунджаар 19 хоногийн нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 22 хоног, АИ-92 автобензин 26 хоног, дизелийн түлшний 11 хоногийн нөөцтэй байна.

ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ экспортыг хязгаарласнаас манайд хомсдол үүснэ гэж хэрэглэгч, худалдан авагчид болгоомжлон жирийн үеэс 2 дахин их хэмжээний шатахуун нөөцөлж байна. Хэрвээ хэрэгцээнийхээ хэрээр шатахуунаа худалдан авч байвал зохиомол хомсдол үүсэхгүй гэж Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан ярилаа.

Засгийн газрын  хуралдаанаас Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудлаар ОХУ-ын эрх бүхий байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хүргэхийг сайд Д.Зоригт, С.Баярцогт нарт даалгав. Мөн газрын тосны бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, өнөөгийн байдлын талаарх мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ЗАРЧМЫГ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАНА

Газрын тосны хайгуул, ашиглалтын гэрээ, үйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хайгуулт, ашиглалтын үйл ажиллагаанд Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг баримтлах нь илүү тохиромжтой гэж Засгийн газар үзэж байна. Иймээс газрын тосны салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад даалгалаа.

Мөн хуралдаанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлсэн болон шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан байна. Эрх, үүргийг шилжүүлэхдээ  шалтгаан, үр дагаврыг нь судлан зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр шилжүүлж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгов.  

2011 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар газрын тосны хайгуулын 19 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дотоод, гадаадын 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн хуралдаанаар Номгон-IX талбайд Газрын тосны газар, “Сансрын геологи хайгуул” компанийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган Үндсэний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

ДАЛАНЗАДГАДАД БҮСИЙН ОНОШЛОГООНЫ ТӨВ БАЙГУУЛНА

Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Бүсийн оношлогоо, эмчилгээний нэгдсэн төвийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, материаллаг баазад тулгуурлан Даланзадгад суманд байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төвийн зургийн даалгаврыг боловсруулан зураг, төсөл хийж, төвийн барилгыг засварлах, шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах зардлыг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн болон Сангийн сайдад үүрэг болгов.

Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тооцож, эмч, сувилагч, мэргэжилтнээр хангах, тэднийг давтан сургах, мэргэшүүлэхийг салбарын сайд, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Статистикийн тоо баримтаас харахад говийн бүс нутагт шилжин ирэх хүний тоо тогтмол өсч байгаатай уялдан өвчлөл ч нэмэгдэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй учир зарим газар эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх гэж талдаа 200 гаруй км явдаг зэрэг хүндрэл бэрхшээл ч багагүй байна. Энэ нь хугацаа алдах, тухайн хүний өвчин хүндэрч дараагийн шатандаа орох зэрэг сөрөг үр дагавартай тул Засгийн газар бүс нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг цогцоор нь үзүүлдэг оношлогоо, эмчилгээний төв байгуулах шийдвэр гаргажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

2011 ОНД ИРГЭДЭД 15 МЯНГА ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “2011 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов. 2011 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 15.6 мянган га газрын 17.3 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 77.4 хувийг шинээр өмчлүүлэх газар, 5.3 хувийг улсын чанартай авто замын дагуух газар эзэлж байна.

Харин аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн 2.5 мянган га газрын 72.4 хувийг үр тариа, 24.4 хувийг төмс, хүнсний ногоо тарих, 3.2 хувийг газар тариалангийнхаас бусад зориулалттай газар эзэлж байгаа ажээ. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж  эхэлсэн өдрөөс хойш буюу 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд өссөн дүнгээр 245345 иргэн 27348.99 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авчээ.

Үүнээс нийслэлийн хэмжээнд 83474 иргэн одоо эзэмшиж байгаа хашааныхаа 4535.49 га газрыг, 1260 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 88.2 га газрыг, аймгуудын хэмжээнд 98296 иргэн одоо эзэмшиж байгаа хашааныхаа 12538.10 га газрыг, 62315 иргэн шинээр 10187.20 газрыг өмчлөн авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

 “СОНГОДОГ УРЛАГ-II” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

“Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаас баталж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцон, үе шаттайгаар жил бүр салбарын сайдын багцад тусган санхүүжүүлж байхаар тогтлоо. Хөтөлбөр нь сонгодог урлагийг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үүнд  чиглэсэн эрх зүй, менежмент, санхүүжилтийн таатай орчин бүрдүүлэх, хүний нөөц, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, уран бүтээлчдийн тасралтгүй сурах, хөгжих, ажиллах боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах зорилготой юм.

8 бүлэг, 3 зорилтын хүрээнд 12 багц арга хэмжээг тусгасан “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг 2011-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, соёл, урлагийг дэмжих тусгай зориулалт бүхий сан, гадаад орон, олон улсын байгууллагын хандив, аж ахуйн нэгжийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов. Засгийн газар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2011 оны 4 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
  • Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг татан авлаа. Төслүүдийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад өөрчлөлт оруулах зарчмын шинжтэй олон санал гарсан тул ийм шийдвэр гаргажээ. 
  • Ховд аймгийн Булган суманд гал унтраах анги шинээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарлаа. Булган сум 2100 гаруй хүнтэй, аймгийн төвөөс автомашинаар 12-14 цаг, зам, даваа хаагдсан үед 2-3 хоног явж очдог алслагдсан нутаг юм. Сумын нутаг дэвсгэрт обьектын болон ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдгаас гадна хилийн 2 боомт, сум дундын шүүх, прокурор, Зэвсэгт хүчний анги, гаалийн газар, нисэх буудал, улсын нөөцийн газар ажилладаг. Мөн нэр бүхий компаниудын шатахууны 5 агуулах, шатахуун түгээх 6, шингэрүүлсэн хийн цэнэглэх станц 1, хоногт 30 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагатай юм.
  • 2011 оны 1 дүгээр улиралд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 3728 шийдвэрийн 5648 заалтын биелэлт 74,9 хувьтай байна.
  • Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Х.Чойбалсан, Ж.Батмөнх нарын амьдрал, үйл ажиллагааны тухай бүрэн хэмжээний баримтат-уран сайхны кино бүтээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт зөвшөөрлөө. Х.Чойбалсангийн тухай өгүүлэх “Тусгаар тогтнол” кино бүтээхэд 74 сая, “Ж.Батмөнх” кино бүтээхэд зориулж 55,4 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болов. Кинонуудыг бүтээж нийтийн хүртээл болгосны дараа Үндэсний  архивт хүлээлгэн өгөх юм байна. 


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
ТӨР, ЗАСГААС НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ
БУЛГАН АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЖЭЭ
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ АНХААРАХ ЗҮЙЛ БАГАГҮЙ БАЙНА
ЗҮҮН ХЯЗГААРТ АЖИЛ ХӨДӨЛМӨР БУЦАЛЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан