Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
МАНАЙ 2 ТАМИРЧИН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВААД БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.18 /
Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар 2012 оны Лондонгийн олимпийн эрхээ аваад байна. Б.Сэр-Од 35 мянган тамирчин оролцсон Лондонгийн 42 км 195 метрийн марафон гүйлтэд 9 дүгээр байрт орж олимпийн эрхээ авчээ. Тэрээр дээрх зайг 2 цаг 11 минут 35 секундэд туулж нормативаа биелүүлснээс гадна хувийн амжилтаа минут гаруйгаар ахиулсан байна. Харин Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Ажнай” спорт клубын тамирчин Л.Отгонбаяр 5 дугаар сарын 8-ны өдөр Прага хотноо дэлхийн 80 гаруй орны тамирчид хурд, хүчээ сорьсон марафон гүйлтийн тэмцээнд 8 дугаар байрт орж,  дараахан нь болсон Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Олимпийн эрхээ авсан дээрх тамирчдыг “Лондон-2012” олимпийн тамирчдын багийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Лондонгийн олимпод оролцох эрхээ монголын тамирчдаас хамгийн түрүүнд авсан Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нарт тэрээр багийн ахлагч, Шадар сайдын хувьд  Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, энэ эрчээрээ олимпоос медаль авч улс орныхоо нэрийг мандуулахыг хүсэн ерөөлөө. Шадар сайд М.Энхболд өмнө нь Лондон хотноо ажиллахдаа монголынхоо тамирчдыг Англичуудтай хамтарсан бэлтгэл, сургуулилт хийлгэхээр “Лондон-2012” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны даргатай тохиролцсоны дагуу тамирчид бэлтгэлээ базааж байна.

Ирэх олимпод манай баг, тамирчид хэрхэн бэлтгэж байгаа талаар ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн гэдгээ Шадар сайд тамирчдад дуулгалаа. Мөн  Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн тамирчдынхаа амжилтыг  баталгаажуулна гэсэн хүлээлт ард түмний дунд байгааг хэлээд Засгийн газраас гадна төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ч тамирчдаа дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.  Энэ оны сүүлийн хагас, ирэх оны эхээр олимпийн эрх авах олон уралдаан, тэмцээн манай тамирчдыг хүлээж байгаа бөгөөд Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар 9 дүгээр сард БНСУ-д болох хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

Мэдээний бүлэг: Шадар сайд , Спорт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ЕВРОП СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
ТУВА УЛСТАЙ ХИЛ ОРЧМЫН ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛНЭ
С.БАТБОЛД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ИХ АЯНД ХАМТДАА ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА
Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ
ТӨР, ЗАСГААС НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан