“Эх орныхоо өнцөг булан, талбар бүрт очиход хийж бүтээх сэн, өнөөдрийн байгаагаасаа урагшаа алхах юм сан, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болох юм сан гэсэн хүсэл тэмүүлэл, бодитой ажил үйл ажиллагаа өрнөж байгаад сэтгэл хангалуун явдгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Сантис” сургалтын төвд болсон арга хэмжээний үеэр илэрхийлээд “Энэ бүгд амаргүй, гэхдээ хичээл зүтгэл байхад ажил урагшилж, бүтдэг гэдгийн жишээг “Сантис” сургалтын төв харууллаа” гэлээ Тэрбээр өнөөдөр буюу 2011 оны тавдугаар сарын 20-ны үдээс хойш Монгол Америкийн хамтарсан “Сантис” боловсролын төвд болсон “TOEIC” /Test of English as a Foreign Language/тестийг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлтэд оролцсон юм.
Монголын боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлэх зэрэг томоохон зорилт тавьсан Засгийн газрын тэргүүн энэ үеэр төрийн албан хаагчдад олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулж шинэ стандарт нэвтрүүлэхэд гадаад хэл, ялангуяа англи хэлний чадвар зайлшгүй нэг шалгуур нь болно гэдгийг тэмдэглээд энэ шалгуурыг тогтоох олон улсын эрх авсан “Сантис” сургалтын төвийн хамт олонд ажлын амжилт хүслээ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “TOEIC” тестийг 1979 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөдөр Япон, Солонгос, Тайланд, Канад зэрэг 120 орчим орны 10 мянга гаруй албан байгууллага ажлын байрны англи хэлний түвшинг тодорхойлох үндсэн шалгуур болгон албан ёсоор хэрэглэдэг байна. 12 дахь жилдээ англи хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж буй Монгол Америкийн хамтарсан “Сантис” сургалтын төв нь АНУ-ын нэр хүнд бүхий ETS төвийн шалгуурыг хангаж энэхүү эрхийг авчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.