Манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын дарга К.Т.Давааг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр бүс нутаг, хил орчмын худалдаа өсч байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан бөгөөд энэ сард төрийн тэргүүн айлчилна. Айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон, тохиролцох асуудлуудыг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч байна гэв.
Энэ онд манай улсад олон түүхэн ой тохиож байгаа бөгөөд баяр, хүндэтгэлийн арга хэмжээнд төлөөлөгчдөө оролцуулна гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд М.Энхболд Тувагийн Дээд Хурлын даргад илэрхийллээ. ОХУ-ын Бүгд НайрамдахТува Улс Орос, Монголын, тэр дундаа бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг Дээд Хурлын дарга К.Т.Даваа хэлсэн байна. Хил орчмын худалдааг өргөжүүлэх, Боршоогийн хилийн боомтыг олон улсынх болгох, иргэдээ харилцан чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлэхийн тулд Улаангом-Хандгайт чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийх айлчлалын үеэр хоёр орны иргэд харилцан визгүй зорчих талаар хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Дээд Хурлын дарга илэрхийлэв. Уулзалтын үеэр мөн мал аж ахуйн салбарт хамтран ажиллаж байсан уламжлалт харилцаагаа сэргээх талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.