Хамрах хүрээ, хөгжлийн хурдаараа бусдыгаа тэргүүлж байгаа нэгэн салбарын 90 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Энэ бол мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн салбар бөгөөд тэд энэ их ойгоо угтаж Үндэсний хэмжээний зөвлөлгөөнийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж байна. 1967 онд ийм зөвлөлгөөнийг хийснээс хойш тэд ийн цугларч, салбарын асуудлаа хамтран ярилцаж байгаагүй ажээ.
Зөвлөлгөөнийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ улсын анхдугаар зөвлөлгөөнөөс хойш 40 жилийн дараа энэ салбарын үндсэн сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх ажил эрчимтэй хийгдэж, суурин телефоны холболт, хот хоорондын дамжуулах системүүд, хотын кабель шугамын байгууламжуудыг иж бүрэн шинэчилжээ гэдгийг тэмдэглээд, өнөө үед харилцаа холбооны салбарыг либералчлах асуудал зайлшгүй тавигдаж байгааг онцолсон юм. Өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээний хувьд дэлхийн дунджаас манай улс доогуур орж буй ч амжилт бахархал энэ салбарт олон байгааг Засгийн газрын тэргүүн дурьдлаа.
Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “ Сүүлийн үед мэдээлэлжсэн нийгэм, хавтгай дэлхий гэж их ярих боллоо. Өөрөөр хэлбэл, бидний аж амьдрал, мэдээллийн хүртээмж нь хайлтын системийг хэрхэн бүрэн дүүрэн, зөв ашиглаж байгаагаас их хамаарч байна. Улс төрийн дэглэм нь ямар байхаас үл хамааран улс орнууд өөрсдийн хайлтын системийг зориуд дэмжин ажиллаж байгааг бид анхааралтай ажиглах, давуу боломжуудыг нэвтрүүлэн бэхжүүлэх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэвэл манай хоёр хөрш маань Coogle-ийг бус өөрийн хайлтын системийг түлхүү ашиглаж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Интернэтийн хайлтын систем нь тухайн улсын шинжлэх ухааны ололт дэвшлийн нэг томоохон илрэл юм. Энэ хандлагыг та бүхэн ойлгож бодлого шийдвэртээ тусган гэдэгт итгэж байна. Монголын залуучууд нийгмийн сүлжээ буюу Facebook, Twitter зэргийг өргөнөөр хэрэглэдэг боллоо. Би ч гэсэн Facebook, Twitter-ийг өөрийн бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх, ард түмнийхээ санал бодлыг сонсох, залуусынхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашигладаг.Нийгмийн сүлжээ нь манай улс оронд иргэний сэтгүүл зүй, ардчиллыг, олон ургальч үзэл бодлыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой ” хэмээн тэмдэглэн хэллээ.
Түүнчлэн манай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, түүний хамт олны өмнө хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээг бусад салбарт нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, уялдуулах, салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөдөө орон нутагт үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж ижил тэгш болгох зэрэг олон чухал зорилтууд тавигдаж байгааг сануулаад, бодлогоо зөв тодорхойлж гарцаа олж амжилттай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа зөвлөлгөөнд оролцогсдод хэллээ.
Тус салбарынхан энэ удаагийн зөвлөлгөөнөөр мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн 2021 он хүртэл баримтлах төрийн бодлогын баримт бичгээ хэлэлцэх юм байна. Тиймээс салбарын ажилтнуудаас гадна бусад салбарын мэргэжилтнүүд түлхүү оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ