Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Хүнс, хөдөө аж ахуйн нь манай улсын хувьд хөгжлийн төдийгүй стратегийн ач холбогдолтой чухал салбар. Тиймээс бид хүнс хөдөө аж ахуйн салбартаа шинэчлэлийн олон бодлого хэрэгжүүлж ирлээ. Үр дүнд нь монгол орондоо эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж эхэллээ.
Гэвч бидний ирээдүйтэй гэж зорьж буй энэ салбарт дэлхий дахиныг хамарсан байгаль цаг уурын өөрчлөлт,усны нөөцийн багасалт, хүн амын өсөлт, түлшний үнийн өсөлт нь сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Мөн хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц багасч, үнэ огцом өсч байгаагаас дэлхийн улс орнууд хүнсний хангамж, аюулгүй байдлынхаа бодлогод өөрчлөлт, шинэчлэлт хийж, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, дэмжлэг, зохицуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
Тухайлбал, Ром хотноо 2009 оны 12 дугаар сард зохион байгуулсан НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дээд хэмжээний 3 дахь уулзалтаас “Хүн амын хүнсний үндсэн хэрэгцээг 2025 он гэхэд бүрэн хангах, 2050 он гэхэд хүн ам, түүний дотор хүүхэд өлсгөлөн байх гэдэг ойлголтыг арилгах” зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахад чиглэгдсэн төрийн оновчтой зохицуулалт, бодлогыг авч хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад зөвлөсөн билээ. Учир нь дэлхийднэгтэрбум хүн буюу зургаан хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүний 60 гаруй хувь нь Ази, номхон далайн орнуудад байна.
Тиймээс даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг тогтвортой байлгах нь зөвхөн ганц орны бус, олон улсын хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааны нэн тэргүүний зорилт боллоо. Манай улс ч гэсэн дэлхийн улс орнуудын нэгэн адил хүнсний хангамжийн асуудалд анхаарлаа хандуулж, бодлого зорилгоо улам нарийвчлах ёстой.
Бид хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд түүхий эдийн нөөц, гадаад худалдааг өргөжүүлэх, олон улсын чанар, стандартын тогтолцоог нэвтрүүлэхэд хүчин чармайлт гаргах ёстой. Манай улс ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд энэ чиглэлийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлэхийг эн тэргүүний зорилтоо болгож байна.
“Атрын IIIаян” тариаланг дэмжих үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж газар тариалангийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хүнсний улаан буудайн импортын хараат байдлаас гарлаа. Манай улс улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах хэмжээнд хүрч, дотоодын гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2,2 дахин нэмэгдлээ. Энэхүү үйлдвэрлэлээс хамаарч өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай улсын төмсний импорт 4 дахин, улаан буудайн импорт 2,5 дахин, гурилын импорт 2 дахин буурлаа.
Сүүлийн жилүүдэд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт манай хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр дотоодын хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, импортын хэмжээ буурч, эдийн засгийн эерэг үзүүлэлт гарч байна.
Хүнсний аж үйлдвэрийн салбарт 2010 онд 504 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 27,5 хувиар өсч, 64 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг экспортлон, Монгол улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боллоо гэсэн үг юм. Өнгөрсөн 10 сарын хугацаанд дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувиар нэмэгдэж байхад Монгол улсын хувьд уг үзүүлэлт харьцангуй тогтвортой байж инфляцад эерэгээр нөлөөлсөн талаар Монгол Банкнаас мэдээлсэн зэрэг таатай нөхцөл бүрдлээ.
Энэ оны нэгдүгээр сард хүнсний хангамж, аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар мах, гурил үйлдвэрлэгчдийн уулзалтууд, “Монгол хөрс-Монгол хүнс” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсны үр дүнд хүнс хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, газар тариалангийн салбарт олсон ололтоо бататгахаар боллоо. Мөн “Атрын IIIаян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх, “Сүү”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” хөтөлбөрүүдийн арга хэмжээг уялдуулах зорилгоор Засгийн газрын “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Үндэсний хүнс үйлдвэрлэгчдийг татварынбодлогоор дэмжихзорилгоор хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүдийг хийж эхэллээ. Тухайлбал “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай”хуульд нэмэлтөөрчлөлторуулж, газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж,борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн “Импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан. Цаашид хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан “Хүнсний тухай“ хуулийг шинэчлэн найруулж, “Худалдааны тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулж, энэ ондоо багтааж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хяналт шалгалтын зөв тогтолцоо хэрэгтэй. Иймд ГЕГ, МХЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүнс бэлтгэх бүхий л шатанд эрсдэлийг урьдчилан тооцох олон улсын аргачлалд тулгуурлан хяналтыг явуулдаг болох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор иргэд, олон нийт, төрийн байгууллагуудын санаачлагыг өрнүүлэх нь та бүхний хийх ёстой ажлын нэг хэсэг юм. Импортлогч орнуудын инфляцийг шууд оруулж ирж байгаад дүгнэлт хийж эртнээс авах дохиоллын системийг бий болгох хэрэгтэй.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутаг улсын хэмжээнд жигд хангахад өөрийн онцлог, дэд бүтцийн боломжийг харгалзаж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын идэвх санаачлагыг дэмжин ажиллах ёстой. Ялангуяа хүнсний хангамжийг тогтвортой байлгахад тээврийн дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс авто болон төмөр замын багтаамжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар анхаарч тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
Мөн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан, үндэсний лавлагаа лабораторийг байгуулах шаардлага байна. Үүнийг хэрхэн яаж байгуулах талаар зөв шийдэл олох учиртай. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын болон европын стандартуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн саалиа бэлдэхээрсаваа бэлдгэсэн үгийг санаж хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан олон улсын стандартад нийцсэн агуулахуудыг барьж байгуулах хэрэгтэй байна. Агуулахын ач холбогдлыг бид махны үнийн зохицуулалтаас харж мэдэрсэн. Энэ чиглэлээр манай хувийн хэвшлийнхэн тодорхой ажлуудыг хийж байгаа гэдэгт итгэж байна.
БНХАУ-ын Засгийн газраас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгийг, УИХ-аар батлагдсан ЖДҮ-ийг дэмжихээр гаргаж буй 150 тэрбум төгрөгийн бондыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэлүүдийг дэмжиж ажиллах нь ард иргэдийн болоод улс орны аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулах алс хэтийн бодлого мөн.
Хүн амыг аюулгүй хүнсээр хангана гэдэгт ганцхан хоол хүнсний асуудал биш юм. Хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг, мал амьтан, ургамлын өвчин, хортон шавьжны асуудлыг бас давхар шийдвэрлэх ёстой. Энэ зорилгоор манай Засгийн газар Монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө бүх малыг угаалга, тарилга, туулганд бүрэн хамруулах бодлого боловсруулж байна. Малаа эрүүлжүүлнэ гэдэг нь хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж байгаагийн нэгэн илрэл юм.
Хүнсний аюулгүй байдалд үнэлгээ өгч, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй энэхүү форумд оролцогч үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл Та бүхэн тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо илэрхийлж тодорхой шийдвэр гаргахад идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа Улаанбаатар хот. 2011.06.24