Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллав. Тэрээр Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жил болон Дархан хотын 50 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон юм. Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хуралд оролцов.
Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэчүүд түүхт ойгоо ажил хөдөлмөрийн арвин амжилтаар угтаж, тэмдэглэн өнгөрүүлж байна. Сэлэнгийн тариаланчид өнгөрсөн жил 171,6 мянган тонн үр тариа, 42,7 мянган тонн төмс, 30,2 мянган тонн хүнсний ногоо, 1689 тн тэжээлийн ургамал хураан авч, 203,0 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн амжилтаараа улсдаа манлайлжээ. Сэлэнгэчүүд жил бүр улсын хэмжээний үр тарианы 60.0 орчим хувь, төмсний 30.0 хувь, хүнсний ногооны 40.0 гаруй хувийг үйлдвэрлэж, үр тарианы үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлж байна.
Үүнээс гадна алт, цемент,шохой, мод боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудыг амжилттай хөгжүүлсний зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлж Сэлэнгэ үүлдрийн үхэр, Орхон, Хангай, Ерөө үүлдрийн хонь, Орхон, Дархан сортын буудай, “Монгол алим” бий болгож улсдаа анх удаа жимс, жимсгэний болон балт зөгийн аж ахуйг үүсгэн байгуулсан байна. Сэлэнгэчүүд мал аж ахуйгаа эрчимжүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэн 1 малаас ашигласан хонины ноос улсын дундажаас 156 грамм, сүү 160 литр, үхрийн амьдын жин 38 кг-аар илүү байна.
Сэлэнгэ аймаг бусдад үлгэр жишээ болж ирсэн төдийгүй төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, баг, суманд нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлын амжилт, бүтээлээрээ улсын хэмжээнд сүүлийн 5 жил дараалан хошуучилсан. 2009, 2010 оны ажлаараа улсад тэргүүлж Монгол Улсын шилдэг аймгаар 2 удаа, аймгийн Мандал сум 2011 онд төвийн бүс дэх Монгол Улсын шилдэг сумаар шалгарсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэв.
Атар газар эзэмших, ард түмнээ эрүүл, экологийн цэвэр хүнсээр хангах, газар тариалангийн салбараа эрчимтэй хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр, засаг үнэлж хоёр удаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, мөн Д.Сүхбаатарын одонт Монгол Улсын анхны аймаг болсныг тэрээр тэмдэглэлээ. Энэ бол Монголын төр, ард түмэн Сэлэнгэчүүдээр бахархахын зэрэгцээ өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар, хүндлэл өгч байгаагийн тод илрэл. Тиймээс амжилт бүтээлийг, шагнал үнэлэмжийг дагаж ард түмнийхээ, улс орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлага улам нэмэгдсэнийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна гэж Ерөнхий сайд хэлэв.
Тэрээр өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт ажиллан, орон нутгийн удирдлага, иргэдийн санал бодлыг сонсон, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Томилолтын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Энэ дагуу Сэлэнгэчүүдийн хүсч, санал болгож байсан аймгийн төвд усан бассейн барих, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг шинэчлэх, Ерөө сумын Бугант тосгоны халаалтын алдагдлыг төсөвт тусгах, Хушаат сумын Орхон гол дээр төмөр бетон гүүр барих, Сүхбаатар сумын цэвэр ус, ариутгах татуургын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд шинэчлэлт хийх, Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй-газар тариалангийн загвар бүс нутаг” болгох, “Сэлэнгийн долгио” чуулгын барилгад их засвар хийх, газар тариалангийн бүтээгдэхүүн борлуулах бирж, сүлжээ байгуулах хөрөнгө оруулалтыг нь улсын төсөвт суулгасан байна.
Мөн Сэлэнгэ нутгаас төрсөн ардын журамт цэрэг, партизануудын хүндэтгэлийн цогцолбор бий болгох, Ардын хувьсгалын удирдагч, Ардын намыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар жанжны хөшөөг шинэчлэх, төв цэнгэлдэх хүрээлэн шинээр барихыг Засгийн газар дэмжиж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн гэж Ерөнхий сайд хэлэхэд Сэлэнгэчүүд талархан хүлээн авлаа.
Сэлэнгэ аймгийнхан цаашид их бүтээн байгуулалтыг манлайлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх загвараа сайжруулж, газар тариалангийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хөдөө аж ахуйн загвар бүс нутаг болох зорилт тавин ажиллаж байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган төрийн дээд одон, медалиар шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баярын хурлын үеэр гардуулсан байна.