Улсын хэмжээнд 18 аймаг, дүүрэгт адууны томуу өвчний сэжиг илэрснээс 14-т нь батлагджээ. Харин Баян-Өлгий, Завхан, Өмнөговь аймагт тайван байна. Адууны томуу өвчин болон улсын хэмжээн дэх гамшгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Улсын онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулав.
Мэргэжлийн байгууллагынхны мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хүй 7 худаг орчимд байсан уяачдын адуунд томуу өвчин гарсан нь 7 дугаар сарын 09-ний өдөр хийсэн шинжилгээгээр батлагджээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар мөн сарын 27-ны өдөр асуудлыг хэлэлцэн шуурхай арга хэмжээ авахыг холбогдох сайд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгаж, шаардлагатай хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Баяр наадмын өдрүүдэд Хүй 7 худагт Нийслэлийн Мал эмнэлгийн газрын явуулын үйлчилгээний цэгт 9 эмч ажилласан бол холбогдох байгууллагууд уралдахаар бүртгүүлсэн бүх хурдан моринд үзлэг хийн, ил шинж тэмдэгтэй адууг уралдуулахгүй байх арга хэмжээ авч байжээ. Мөн малын эмийн сангийн үйлчилгээ эрхэлдэг 3 аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлсэн байна.
Адууны томуу өвчин хүйтний улиралд буюу хавар 03-05 дугаар сард, намар 09-11 дүгээр сард дэгддэг учир 10 дугаар сард дэгдэлт гарах эрсдэл өндөртэй. “Биокомбинат” улсын үйлдвэрийн газар шаардлагатай хэмжээний вакциныг 10 дугаар сарын 1 гэхэд үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэж Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга З.Батсүх хэллээ.
Адууны томуу өвчин нь халуурах, ханиах, өвс, тэжээлд дургүй болох, хөөж туух үед ханиах зэргээр илэрдэг, амьсгалын замын хурц халдварт өвчин юм байна. Өвчтэй адуу, түүнд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, томуугийн вирусээр бохирдсон тэжээл, ус, байр сав, жүчээгээр дамжин халдвар тархдаг. Адууны томуу өвчин манай улсад 1974-1975, 1983-1984, 1993-1994 онд бүх аймгийг хамарсан цар тахал хэлбэрээр гарч 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилж байжээ. 2007-2008 онд Ховд аймгийн Булган суманд гарсан томуу өвчин их хэмжээний хохирол учруулж, бүх нутгийг хамарсан эпизоот хэлбэрээр дэгдэж байсан байна.
Мэдээллийг сонссоны дараа Засгийн газрын 7 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүргийг яаралтай хэрэгжүүлэхийг Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн хуралдаанд улсын хэмжээн дэх гамшгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Шадар ахмад М.Энх-Амар танилцуулсан байна.
Энэ жил хур бороо ихтэй байгаагаас 62 хүн усанд осолдож амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Иймээс албан хаагчдаа бэлэн байдалд байлгаж ажиллуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир нарт, үерийн аюултай бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Шадар сайд М.Энхболд даалгалаа.
Нийт нутгаар усархаг, дуу цахилгаантай, түр зуурын бороо орсны улмаас авто зам, гүүр, үерийн барилга, байгууламж усанд автаж эвдрэн, хүний амь нас эрсэдсэн тохиолдол ч гарсан. Иймээс цаашид замын нөхцөл, байдал хүндэрсэн үед холбогдох арга хэмжээг шуурхай авах, бэлэн байдлаа хангах, хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах, тавьж байгаа замын чанарт анхаарахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав.
Хуралдааны төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараах үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтан, байгууллагуудын удирдлагад өгөв.
Үүнд :
· Намрын ургац хураалтын үед техник, тоног төхөөрөмж, түлш, шатахууны доголдол гаргахгүй байх, улсын нөөцийн өвс, тэжээлээс гадна аймаг, сум, малчин бүр өвс, тэжээлээ бэлтгэж, нөөцлөх
· 8 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмээр дулаан буюу халах учир хадлан авахад тохиромжгүй байж болзошгүйг анхаарах,
· Өнгөрсөн өвөл цаг агаарын гамшгийн улмаас Төвийн болон Баруун бүсийн эрчим хүчний системд учирсан хохирлыг яаралтай сэргээн засварлах, улсын хэмжээнд эрчим хүч, дулааны станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлж, сэлбэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах,
· Аймаг, сумдын дизель станцуудын хэвийн, найдвартай ажиллагааг шалгах, засвар үйлчилгээ хийх,
· Орон даяар тэмдэглэлт ой, баяр болж байгаагаас зам, тээврийн осол эрс нэмэгдэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаад анхаарах
· Цаг агаарын аюулт үзэгдлийн тухай урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад шуурхай хүргэж байх,
· Тарваган тахал болон олон улсын хөл хориот бусад авчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудын мэргэжлийн ангийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах, эм, бусад хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, алсын дуудлагад явах багийг бэлэн байлгах, хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар тогтмол ажиллуулах, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай авч, халдварын эрсдэлтэй дээжид цаг алдалгүй шинжилгээ хийн, үүссэн нөхцөл байдлыг шуурхай мэдээлж байхыг даалгалаа.