Монгол Улсын Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн монголчуудын ”Берлин-2011” анхдугаар чуулга уулзалтыг 2011 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтын эхний өдөр “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо “ сэдэвт нэгдсэн болон салбар хуралдаан зохион байгуулж, Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол иргэдийг тухайн салбарын яамдын удирдлага, хувийн хэвшлийн байгууллага, мэрэгжлийн холбоод, зочин эрдэмтэн судлаачидтай уулзуулж, бодит мэдээлэл, арга туршлагаа солилцох, санал бодлоо хуваалцах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид харилцан үр ашигтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Чуулга уулзалтын 2 дахь өдөр “Зөгийн үүр- Ажлын байр” сэдэвт ажлын байр зуучлалын нээлттэй өдөрлөг зохион байгуулж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар болон эх орондоо урт богино хугацаагаар эргэн ирж хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийн талаар холбогдох байгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ажлын байр зуучлах, танилцуулах үйл ажиллагаа явагдана.
Ийнхүү дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа ажлын байранд зуучлах нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй нарийн мэргэжлийн ажиллах хүчний хомсдолыг багасгах, шийдвэрлэх бодит алхмуудын нэг болно гэж үзэж байна.
Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Засгийн газраас Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж буй бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Монгол Германы Гүүр” ТББ ажиллаж байна. Чуулга уулзалтад нийт 250 хүн оролцуулахаар төлөвлөж буй бөгөөд Монголоос төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий 50 хүн, Европын орнуудад амьдарч буй иргэдийн төлөөлөл 200 хүн оролцоно.
Чуулга уулзалтын үр дүнд Европ тивд амьдарч буй нарийн мэргэжил, өндөр ур чадвар бүхий Монгол иргэдийн судалгаа авч, мэдээллийн санг баяжуулах, тэдний бодит хэрэгцээ, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гаргаж буй санал санаачлагыг төр засгийн бодлого шийдвэрт тусгах, цаашид хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй иргэд санал асуулга, бүртгэлийн анкетыг www.cooperation.gov.mn/berlinforum-2011 хуудсаас авч бөглөн www.mdb.mn, return@mdb.mn, bilguun_g@cabinet.gov.mn хаягаар ирүүлсний дагуу зохион байгуулах комиссоос сонгон шалгаруулалт, баталгаажуулалт хийж 9 сарын 15 ны дотор эргэж мэдэгдэнэ.
Чуулга уулзалтад уригдан оролцож буй төлөөлөгчдийн Берлинд байрлах 2 өдрийн зочид буудал, хоолны зардлыг зохион байгуулах комиссоос хариуцах бөгөөд ирэх буцах замын зардлаа оролцогчид өөрсдөө гаргах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.cooperation.gov.mn/berlinforum-2011 хаягаар авч үзнэ үү.