Жолооч С.Энхтөвшин түүх бүтээлцэв. Тэр Тавантолгойн нүүрсийг экспортлох анхны цувааг ахалж, алтан соёмбоо оройдоо залсан 100 тоннын даацтай машинаараа Гашуунсухайтын боомтыг чиглэн хөдөллөө. Өчигдөр түүнтэй хамт хүнд даацын 40 машин Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн 4000 тонн нүүрс ачин БНХАУ руу экспортлох тээврийг эхлүүлсэн нь нөөцөөрөө тэргүүлэх уг ордын нүүрс дэлхийн зах зээлд гарах анхны алхам байлаа. Энэ алхам монгол хүн бүрт хамаатай гэдгийг онцлох хэрэгтэй. Яагаад гэж үү, бид бүгд хувьцаа эзэмшигч. Таны эзэмшиж буй 536 ширхэг хувьцааны ханш хэрхэх нь дээрх цуваанаас хамааралтай юм.
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд болсон нүүрсний экспортын нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ТУЗ-ын дарга Д.Сугар болон ТУЗ-ын гишүүд, манай банкны зарим төлөөлөл хүрэлцэн ирэв. Мөн Японы “Иточү” компанийн дэд ерөнхийлөгч Йоичи Кобаяши болон “KОРЕС” компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь содон харагдаж байлаа. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс энэ онд 1.3 сая тонн нүүрс экспортлох тооцоо гаргасан бөгөөд биднийг очиход 60 мянган тонныг агуулахдаа хадгалж, 250 мянган тонныг бэлтгэсэн байв. “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Л.Энэбишийн хэлснээр экспортын хэмжээг 2015 онд 15 саяд хүргэх бөгөөд энэ үед Монгол Улс хэдийнэ цэвэр ашиг хүртэж эхэлсэн байх аж.
Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг монголчууд өөрсдөө олборлож, үр шимийг нь хүртэж байгаа. Энэ нь монголчууд өөрсдөө хийж, бүтээж, баялгийнхаа эзэн байх боломжтойг харуулсан түүхэн үйл явдал болж байна. Энэ онд экспортлох 1.3 сая тонн нүүрсний тонн тутмыг нь 70 ам.доллараар тооцон урд хөрш рүү гаргах аж. Дэлхийн зах зээл дэх үнэтэй харьцуулбал чамлахаар үзүүлэлт хэдий ч ирэх оноос олон улсын жишгээр тооцон үнэлэх болно хэмээн Б.Энэбиш хэлсэн. Сонирхуулахад энэ жилдээ тонн нүүрснээс 11-13 ам.долларын ашиг олж байгаа, харин нүүрсний III давхарга руугаа шилжиж, экспортын хэмжээгээ нэмбэл дээрх тоо бүр ч илүү өснө.
Энэ онд шавыг нь тавих Нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орвол хоёр дахин их ашиг олох боломж бүрдэх юм билээ. “Норвест” компанийн хийсэн судалгаагаар Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс жилд 15 сая тонн нүүрс экспортолбол 112 жил ашиглах боломжтой гэсэн. Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нүүрсээ түүхийгээр нь биш, угааж, коксжуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах байр суурьтай байгаагаа дуулгалаа. Түүнчлэн ирэх оны гуравдугаар сард багтан хувьцааг нь олон улсын томоохон хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа энэ үеэр ярьж байв. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсний экспортын эхний алхам дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа. Учир нь тэдний сонирхож буй коксжуулах нүүрсний 7.5 тэрбум нөөц энд бий.
Ж.Тэгшжаргал
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н АНХНЫ ЦУВАА
Тавантолгойн орд газрын төрийн мэдлийг захиран зарцуулах төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд сүүлийн өдрүүд содон, чихэнд чимэгтэй мэдээлэл дүүрэн, үйл явдал их байлаа. Тус компанийнхан өнгөрч буй даваа гаригт нүүрс тээвэрлэлтийн гэрээгээ хийсэн бол өчигдөр нүүрсээ экспортлох анхны цуваагаа ёслол төгөлдөр үдэв. Тус бүр нь 100 тонн нүүрс тээсэн цувааг Цогтцэций сумын уугуул, 30 гаруй жил тээврийн замд жолоо мушгисан туршлагатай жолооч С.Энхтүвшин жолоодон баяр хүргэсэн олны уухай, сүү цацлын дор замдаа гарсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан экспортод ачихаар 60 мянган тонн нүүрс бэлтгэжээ. Яг ачихад бэлтгээд овоолоод тавьчихсан гэсэн үг.
Үүнийг мэргэжлийнхээ хэллэгээр цагаалсан нүүрс гэдэг юм байна. Харин яг уурхайд бол 2,4 сая тонн хөрсийг нь хуулаад том гэгчийн овоолго бэлтгэсэн эксковатороор хутгаад ачиж цагаалах 250 мянган тонн нүүрс бэлэн зэхээхэн хүлээж байна. Энэ бүх нүүрсийг өвлийн улиралд ч үргэлжлүүлэн цагаалж ачаалсан, хөрс хуулалтаа үргэлжлүүлсээр энэ жилдээ 1,3 сая тонн нүүрс экспортолж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байгаа аж. Зөвхөн олборлогч оператор компанийг шалгаруултал бэлтгэл ажлыг нь хангах анхны чиг үүрэгтэй байсан компанийнхан харин ч олборлолтоо хийж, экспортод гаргах хэмжээнд маш их ажил амжуулж гэж албаны хүмүүс сайшааж байсан.
Уурхайн эхний санхүүжилтийг Монголын үндэсний Голомт болон Худалдаа хөгжлийн банк зээл олгон гаргасан. Борлуулалтыг “Cinalco” компанийн охин компани “Сhalco” хариуцах бөгөөд зөвхөн БНХАУ гэлтгүй Өмнөд Солонгос, Японы зах зээлд гаргах юм. Тэр ч утгаараа ёслолд япон, солонгос түншүүд нь оролцлоо. Бас өдгөө Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн Цогтцэций сумын уугуул хүүгийн хувьд ёслолд оролцохоор иржээ. Мэдээж хэрэг олборлолт хийж байгаа их үйлсийн эзэд “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хамгийн их баяр хөөртэй байсан.
Хувьцаа тарааснаар монгол хүн бүр эзэн нь болж байгаа Тавантолгойн ордын Зүүн Цанхийн олборлолтыг монгол банкуудын дэмжлэгээр монгол инженер ажилчдын хүчээр олборлож, монгол жолооч нар тээвэрлэн байгаа гэдгээрээ тэд их бахархаж байгаа аж. Энд одоо 160 гаруй хүн ажиллаж байгаа. Хамгийн гол нь бүгдээрээ монголчууд, нэг ч гадаадын мэргэжилтэн, ажилтан байхгүй гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхайн газрын дарга Д.Энхбаяр онцолж байлаа. Уурхайд одоо хоёр эксковатор, долоон Сомасвол машин ажиллаж байгаа. Ер нь бол 10 сомасвол машинтай, цаашид техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэх засвар үйлчилгээ хийх гэх мэтийн их ажлууд хүлээж байгаа гэж Д.Энхбаяр танилцуулж байв.
Тэд ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг нь шийдээд өгвөл бид, монголчууд дангаараа олборлолтыг хийх бүрэн боломжтой гэж өөдрөг сэтгэлээр өгүүлж байсан. Ийнхүү олборлолт, экспортоо эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-нхон ирэх жилд 2,4 сая тонн цааш нэмсээр 2013 онд жилд 13-15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхийг нөөцийг жилд 15 сая тонн олборлоно гэж тооцоолбол 110 жил ашиглах боломжтой гэж “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш хэлэв. Гэхдээ хэрвээ дэд бүтэц, техник технологио сайжруулбал жилдээ 15 сая тонноос ч илүү экспортын бүтээгдэхүүн гаргах боломжтой гэнэ.
Үүний төлөө л тэд чармайн ажиллаж байгаа байх. Тавантолгойн хувьд дэд бүтэц хийгээд тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал анхаарлын цэг болоод байгаа. Цагаан мод боомт хүртэл 240 орчим км. Үүнийг хүнд даацын тэргээр туулан эргээд ирэх буюу нэг рейс хийхэд гурван хоног. Басхүү Цагаанмодын боомтод ачаа тээсэн машинууд байнга цуварч байдаг ачаалал ихтэй болохоор машин гарах гэж дор хаяж 8-10 цаг хүлээн зогсдог. Зарим үед 100-200 машин дараалан өнжин хонон хүлээх ч хэрэг гардаг. Дээр нь говийн хөрс хүнд даацын машинуудад талхлагдан амьд амьтан бүү хэл ургамал “амьдрах” аргагүй, байгаль орчинд бол халтайн дээдээр халтай болоод байгаа талаар хүн болгон өгүүлдэг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд эхний ээлжинд 3,6 км сайжруулсан шороо зам тавьсан. “Энержи ресурс” компанийн тавьж буюу зам ашиглалтад орчих юм бол “Эрдэнэс Тавантолгой”-нхон ч мөн энэ замаар тээвэрлэлтээ явуулна.
Энэхүү замыг энэ наймдугаар сард ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүнд даацын тэрэгний жолооч нар “Засмал зам есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орчих байх аа. Тэгвэл ч үгүй мөн сайхан аа. Ёстой диваажинд заларлаа л гэсэн үг” гэж шүүрс алдаж байсан. Гэхдээ дэлхийд томд тооцогдох Тавантолгойн ордын хувьд зөвхөн машинаар нүүрсээ тээвэрлэнэ гэдэг хүнд. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна гэж ноён Б.Энэбиш дахиад л сануулж байна. Одоогоор зөвхөн нэг бус хэд хэдэн чиглэлийн төмөр зам байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байгаа юм. Өнөөдөр шороо манарууланхан нүүрсээ тээвэрлэж байгаа монголчууд маргааш засмал замаар жирийлгэж, нөгөөдөр төмөр замаар “хар алт”-аа дэлхийн зах зээлд хүргэх буй за гэсэн ерөөл талбия. Бүтээлийн зам урт, амжилт арвин байх болтугай.
А.ТУЯА