Засгийн газрын хуралдаан 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав
“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас сонгосон, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, худалдаж авсан иргэн “Хүний хөгжил сан”-гаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй болж байна. Иргэдийн худалдан авах орон сууцны барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой гэж төсөлд заасныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 30 хувь байхаар тогтлоо.
Иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргах бөгөөд хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, захиалсан болон худалдаж авсан орон сууцны төрөл, хэмжээ, байршил, орон сууц барихаар захиалга авсан, барьсан байгууллагын нэр, дансны дугаар зэргийг тодорхой бичнэ. Хэрвээ тухайн иргэний орон сууц худалдаж авсны төлбөрт гэр бүлийн бусад гишүүн хишиг, хувиа оруулах хүсэлтэй бол түүний хүсэлтэд 16 нас хүрсэн гишүүн бүр гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой. Харин 16 нас хүрээгүй болон Гэр бүлийн тухай хуулийн 63.1.4, 64.1.4, 64.1.5-д заасан хүний хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гаргах юм.
Мөн хүсэлтэд орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь, орон сууц худалдан авсан төлбөрийн баримт, тухайн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргах ёстой гэж журамд заажээ. Сум, хорооны нийгмийн ажилтны хүлээн авсан иргэний хүсэлтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны байгууллага авч иргэний нэрийн жагсаалтыг улсын хэмжээнд нэгтгэн, аймаг, дүүрэг, захиалга авсан байгууллага тус бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Орон сууцны санхүүжилтийн корпорацид сар бүр хүргүүлэх юм.
Корпораци хишиг, хувь хүртэх иргэдийн хүсэлт “100 мянган орон сууц” хөтөлбөрт хамрагдаж буй эсэхийг хянан, орон сууц захиалагчдын нэрийн дансны мэдээллийн санд оруулж, улмаар төлбөрийн дансны бүртгэлийг нэгтгэн Сангийн яаманд хүргүүлэх юм байна. Сангийн яамны Төрийн сангийн газар нь батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт багтаан “Хүний хөгжил сан”-гаас хөрөнгийг орон сууцны захиалга авсан байгууллага, иргэний дансанд шилжүүлэхээр болжээ.
Мөн журамд өдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн оюутнууд “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй гэсэн нэмэлт орууллаа. Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсвийн тодотгол, 2012 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ МОНГОЛД БУЛШЛАХ ТУХАЙ ЯРИА ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ
Засгийн газрын хуралдаанд Цөмийн энергийн газрынхан ажлаа танилцуулах байсан боловч газрын дарга С.Энхбатын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 7 хоногоор хойшлууллаа. Хуралдаанд тус газрын холбогдох албан тушаалтнууд оролцон Засгийн газрын гишүүдийн асуултад хариулт өгөв. Цөмийн энергийн газар болон “МонАтом” компаний үйл ажиллагааг эрс сайжруулах, ил тод, нээлттэй болгох зайлшгүй шаардлагатай гэж сайд нар үзсэн байна.
“Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах тухай мэдээлэл ихээр тархаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Иймээс энэ тухай албан мэдэгдлийг холбогдох байгууллагууд албан ёсоор гаргаж олон нийтэд мэдээлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд С.Батболд өгөв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
МОНГОЛ, КАНАДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО
9 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Канад Улсын Оттава хотод Монгол, Канадын дугуй ширээний 5 дугаар уулзалт болно. Уулзалтад оролцох төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг уулзалтын Монголын хэсгийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгав. Уулзалт нь хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцох, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
Манай тал уул уурхай, ашигт малтмал, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга, байгаль орчин зэрэг салбарт Канадын орчин үеийн техник, технологийн дэвшил, тэргүүний туршлагыг нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл хийж, санал солилцох юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 73,4 ХУВИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ БАЙНА
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 2011 оны эхний хагас жилийн байдлаар 73,4 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны жилийн эцсээс 12.4 хувиар өссөн гэсэн үг юм. 2010 оны эцэст макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, уул уурхайн үйлдвэрлэлээс улсад орох орлого нэмэгджээ. Төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өсч, бүтээн байгуулалтын шинжтэй том төслүүд эхэлсэн, барилгын салбарын үйлдвэрлэл, иргэдийг орон сууцжуулах ажил эрчимжсэн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэнээр ажлын байр олноор бий болгож, иргэдийн бодит орлого нэмэгдсэн, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй өссөн байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнөөс хэрэгжилт нь удаашралтай байгаа арга хэмжээнүүд, хөтөлбөрийн 2010 оны хэрэгжилтийг УИХ-ын Байнгын хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх явцад хэрэгжээгүй буюу хэрэгжилт нь хангалтгүй гэж гарсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг сайд нар, агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Мөн хөрөнгө санхүүжилтээс шалтгаалан хэрэгжилт нь удааширч байгаа арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх санал боловсруулж хуралдаанд оруулахыг даалгасан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ оны эцсийн хэрэгжилтэд үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг жил бүрийн өсөлтийг харуулсан байдлаар гарган Хэрэг эрхлэх газарт ирүүлэхийг үүрэг болголоо. Мөн хуралдаанаар Засгийн газрын 7 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцав. Засгийн газар өнгөрсөн сард 4 удаа хуралдаж 72 асуудал хэлэлцэн 23 асуудалтай танилцжээ.
ТОВЧ МЭДЭЭ
- Засгийн газрын хуралдаанаар “Шинэ төмөр зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлтэй танилцаж зарчмын хувьд дэмжлээ. Төсөл хэрэгжсэнээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно. “Шинэ төмөр зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “МакКинсей энд Компани” хийжээ.
- “Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Энэ хууль нь хүн худалдаалах гэмт хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан шийдвэрлэхээс бусад урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг тогтоох, хохирогчид туслалцаа, хамгаалалт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
- “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрт энэ оны 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан юм. Увс нуурын ай сав, Увс нуурын хотгорын дархан цаазат газрууд 2007 онд НҮБ-ын Соёл, боловсролын байгууллага /ЮНЕСКО/-ын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн шим мандлын дархан газраар батлагдаж, улмаар “Дэлхийн байгалийн өв”-өөр зарлагдсан байгалийн үнэт дурсгал юм.