Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд М.А.Травниковыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Байгалийн олон улсын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалт”-ын үеэр болсон “Монгол-Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Мөн хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хил орчмын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа жинтэй үүрэг гүйцэтгэдэг. Энэ харилцааг улам эрчимжүүлэхийн тулд 2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлах үеэр байгуулсан хууль эрх зүй, худалдаа, эдийн засгийн таатай шинэлэг нөхцөл бий болгох хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгааг тэрээр сайшаав.
Ерөнхий сайд ОХУ-ын Эрхүү, Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо ажиллаад буцах замдаа Наушки, Алтанбулаг боомтод түр саатаж ажилтай нь танилцсан юм. Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг тохижуулан, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож, зорчигч иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилдэг байхад анхаарах, цаашид Байгаль, Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил орчмын дэд бүтцийг сайжруулах зэрэг ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь чухал гэж онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Засгийн газар хоёр орны бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд хэлээд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын 10 дугаар хуралдаанд амжилт хүсэв. Энэ хуралдаан ирэх оны 5 дугаар сард ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсад болох юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.