Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын НАМЭХ-ноос зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” форумд хэлсэн үг
Эрхэм хүндэт эмэгтэйчүүд ээ,
Чуулганы төлөөлөгчид, зочид оо,
Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санал бодлоо уралдуулахаар эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” чуулганы төлөөлөгч бүсгүйчүүд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж халуун баяр хүргэе. Өнөөдөр 2011 оны 11 сарын 11 өдөр. Яг одоо 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл явдал боллоо. Тоон бэлгэдэлийн тохиол бүрдэл бүхий энэ өдрийг товлож хөгжлийн төлөө чуулж байгаа нь их үйл хэргийг эхлүүлэх бэлгэ ерөөлийг бодсоныхбиз ээ.
Өнгөрсөн зуунд манай нам улс орны тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлтийн их үйл хэргийн тэргүүн эгнээнд манлайлж ирлээ. Шинэ зуунд ч бид улс орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бүтээснээсээ ихийг бүтээх ойрын ба хэтийн зорилтуудыг дэвшүүлсэн. Өнөөдрийн эрчимтэй өрнөж байгаа их бүтээн байгуулалтанд эмэгтэйчүүдийн дундаас ундран гардаг санал санаачилга, бүтээлч шийдлүүдийн үр өгөөж, ач холбогдол улам бүр өсч байна.
Монгол Ардын Нам ХХVIИх хурлаараа ирэх 20 жилийг шинэ зууны Монгол Улсын их бүтээн байгуулалтын үе гэж зарласан. Манай намын бүх бодлого, зорилго, үйл хэрэг үүнд чиглэгдэж байна. Та бид хамтдаа үүнийг хийх болно. Хийж ч чадна. Хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтын анхны алхмыг хамтарсан Засгийн газар хийж эхэлсэн. Засгийн газар стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхай, металургийн салбарын үйлдвэр, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам” зэрэг их бүтээн байгуулалтын том төслүүдийг эхлүүлэх нөхцлийг бүрдүүллээ.
Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах зорилгоор “100.000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ зээлийн хүүг нь 0.6 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаж, барилгын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг хангалаа. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийн асуудалд ч ихээхэн анхаарч байна. Энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум, сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсны үр шим гарч, олон жижиг үйлдвэрлэл ашиглалтанд орж, цөөнгүй өрхийн амьжиргааг тэтгэж эхэллээ. Цаашид хөдөөгийн хөгжил, гэр бүл, нийгэм, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдээс гаргаж байгаа санал санаачилгуудад онцгой анхаарна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх бодлого ч үр өгөөжөө өгч эхэллээ. Энэ жил 448.1мянган тонн үр тариа, 199.2 мянган тонн төмс, 105.2 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Энэ нь жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ гэсэн үг. Мал аж ахуйн салбарт “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, зарцуулахтөсвийнхөрөнгийгэнэ оноосхоёр дахиннэмэгдүүллээ. Үр дүнд нь олон улсын зах зээлд өрсөлдөхүйц мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно. Мөн энэ жил малчдынхаа хөдөлмөр зүтгэлийн үр дүнд улсын хэмжээнд хамгийн олон төл хүлээн авсан. Ирэх жил манай улс түүхэндээ байгаагүй олон малтай болох боломж бүрдээд байна.
Ийнхүү уул уурхай,дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлчилгээний бүхий л салбарт ахиц дэвшил гарснаар эдийн засаг тэлж, түүний өсөлт энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөв хандлага ажиглагдаж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийн байдлаар 3000 орчим долларт хүрлээ. Үүнийг дагаад иргэдийн амьжиргаанд ахиц дэвшил гарах болно. Засгийн газар нийгмийн хамгааллын салбарт ч анхаарлаа хандуулж, бодлого төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж ирлээ. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт ч эрчимтэй нэмэгдэв. Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэхийн төлөө тодорхой санаачилгууд хэрэгжиж байна.
2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60 мянган шинэ ажлын байр бий болгох зорилтын биелэлт 90 гаруй хувьтай явж байна. Үр дүнд нь ажилгүйчүүдийн хувь хэмжээ нэг оронтой тоонд шилжлээ. Өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмсэн. Ирэх онд аль алиныг 2 удаа 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн. Ингэснээр цалин, тэтгэвэр 2008 оны түвшингээс дунджаар 2 болон түүнээс илүү хэмжээгээр нэмэгдэнэ.
Эрхэм хүндэт эмэгтэйчүүд ээ,
Гэр бүл боламьдралын анхдагч орчинюм. Хүн бүхний хамгийн ойрын амин чухал асуудлууд гэр бүлийн хүрээнд шийдэгдэж байдаг. Тийм ч учраас би Ерөнхий сайдын ажлыг аваад УИХ-д хандаж хэлсэн үгэндээгэр бүлд чиглэгдсэн бодлогод онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэхүү бодлого зорилтоо хэрхэн хэрэгжүүлэхээ олон удаа эргэцүүлэн бодож, эрдэмтэн мэргэд, намын нөхөд, ажлын алба, мэргэжлийн холбоодтой санал солилцож “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо Та бүхэндээ дуулгая.
Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлоготой уялдуулж, гэр бүлийн хөгжлийн асуудлыг орчин үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай цогцоор нь авч үзэн боловсруулах болно. “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд манлайлагч эмэгтэйчүүд Та бүгдийн ухаан бодол, амьдралын туршлага, бүтээлч эрмэлзэл, үр хүүхдийнхээ ирээдүйг бодох сэтгэл онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Гэр бүлийн уламжлалт үнэлэмж, эрхэмлэл алдарч, салалт нэмэгдэж, хүчирхийлэл, ядуурал буурахгүйбайгаа баримт монгол хүн бүрийн сэтгэлгээг зовоож байна. Нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, хүйсийн харьцаа алдагдаж, гэр бүлийн харилцаа хүйтэрч, нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэх боллоо. Эдгээр нь асуудлыг нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг олон талын хүрээнд цогцоор авч үзэхийг шаардаж байгаа хэрэг юм. Тиймээс гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд оновчтойтодотгол хийххэрэгцээ бий боллоо.
Гэр бүлнь хүний хөгжлийн анхдагч бичил орчин юм. Тиймээс Засгийн газар, УИХ-аас “Хүний хөгжил сангийнтухай хууль”-ийг батлан хэрэгжүүлж, гэр бүлээр дамжуулан хүний хөгжлийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүлмэнд, боловсрол, даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох нөхцөл боломжийг өргөжүүлж байна. Мөн манай Засгийн газар байгалийн баялгаас ард иргэддээ хувь, хишгийг хүртээхдээ гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгох бодлого баримталж ирлээ. Үр дүнд нь НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”-өөс явуулдаг судалгааны дүнгээр манай улс хүний хөгжлийн индексээрээ дундаж үзүүлэлттэй орны тоонд орлоо.
Гэр бүл, эмэгтэйчүүдэд хандсан бодлогыг хууль эрх зүйн баталгаатай болгоход Засгийн газар ихээхэн анхаарч ирлээ. Энэ зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хуулиар улс төрийн, захиргааны, төрийн тусгай ба үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн захиргаа ба төсөвт байгууллагын ажилтнуудын дунд хүйсийн квотыг анх удаа хуульчлан тогтоож, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх эрх зүйн боломж баталгааг бүрдүүллээ. Үүний зэрэгцээ эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн харилцааны хүрээнд хүйсийн тэгш байдлыг хангах төрөл бүрийн арга механизмыг нарийвчлан тогтоож өгсөн нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн “Гэр бүлийн тухай хууль”-д өргөн хүрээтэй тодотгол оруулж уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь төрөөс гэр бүл, хүүхэд, өрх толгойлсон эхчүүдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах, өмчлөх эрхийг хамгаалж өгснөөрөө онцлогтой. Засгийн газар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулах, одонтой эхчүүдийн тоог нэмэгдүүлэх болзлыг хөнгөвчлөх, эхчүүдийн үнэлэгдэхгүй байгаа хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, эмзэг бүлгийн өрхийн гишүүн бүрт хүнсний талон олгож, хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах асуудлыг шийдвэрлэж байна. Эхчүүдэд хандсан энэ мэт дэмжлэг, аливаа хөрөнгө оруулалт нь эмэгтэйчүүдээр дамжуулан гэр бүл, хүүхэд багачууд, монгол хүний болон улс орны хөгжлийн хувь заяаг шийдвэрлэхэд чиглэгдсэн давхар хөрөнгө оруулалтууд юм.
Өрхийн болон жижиг бизнес хоршоог дэмжих санхүү, зээл батлан даалтын тодорхой хөшүүргүүд бий болгох арга механизмуудыг эрж хайх шаардлага тулгарлаа. Төр, бизнесийн байгууллагуудаас санхүүгийн үйлчилгээ авах, эмэгтэйчүүдийн үндсэн эрхийг хангах, эдийн засаг эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газар үйл ажиллагааныхаа нэг чиглэл гэж үзэж байна. Дэлхийн 40-өөд улсуудад туршлага нь дэлгэрч үр ашгаа өгч байгаа “Эмэгтэйчүүдийн банк” байгуулах танай форумын санаа сэдлийг дэмжиж ажил хэрэг болгоход МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүний хувьд санаа тавьж, дэмжин ажиллах болно.
Өнөөдөр хүн төрлөхтний нийгмийн хөгжил дэвшлийн нэг гол нөхцөл нь түүнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах явдал боллоо. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нь тухайн нийгмийн иргэншил, соёлын хөгжлийн түвшинг илтгэх нэг үзүүлэлт болов. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг цогцлон байгуулах зайлшгүй шаардлага мөн билээ. Тиймээс би эмэгтэйчүүдийг улс төрд олноор ороосой гэж боддог. Яагаад гэвэл та бүхний манлайлал, санаачилга нь гэр бүлийн хөгжил, хүүхдийн боловсрол хүмүүжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шударга ёсыг хэвшүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Шийдвэр гаргах түвшинд болон парламентад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг манай нам санаачлан дэмжиж, одоо хэлэлцэж байгаа сонгуулийн хуулинд тодорхой санал оруулсан. Социнтерний гишүүн намын хувьд намынхаа дотоод бүтцэд эмэгтэйчүүдийн квот тогтоож, жендерийн тэгш эрхийг хангах талаар илүү бодитой ажил хэрэг өрнүүлэх болно. Бодлого боловсруулж квот тогтоох нь чухал боловч энэ нь бас эцсийн зорилго биш юм. Харин манай намын эмэгтэйчүүд эрдэм мэдлэг, нийгмийн идэвх, улс төрийн мэдрэмж, амьдрах арга чадвар, гэр бүлдээ аз жаргалыг цогцлоон бүтээх торгон ухаан, хөдөлмөрч чанараараа бусдыг манлайлан үлгэрлэж байх нь чухал юм.
Чуулганы төлөөлөгч эмэгтэйчүүд ээ,
Манай улсын хүн амын болон МАН-ын нийт гишүүдийн талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдээ төлөөлөн Та бүхэн маань улс орныхоо хөгжлийн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хийж хэрэгжүүлэх олон бүтээлч санаачилга гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо бол Монгол Ардын Намын нэгэн гол түшиг тулгуур, манай намын нэр төр, нийгмийн ёс суртахуун, эв нэгдэл, шудрага ёсны үлгэр жишээ, энэ цаг үеийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог тодорхойлогч, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн манлайлагч байгаасай гэж би хүсч байна. Та бүхэндээ итгэж байна.
Манлайлагч эмэгтэйчүүд Та бүхний мэдлэг боловсрол, удирдлагын хандлага, эерүү зөөлөн, эвсэг найрсаг, ухаалаг байдал өрх гэр, улс орныг маань өнгөлөг гэгээлэг болгодог. Манай намыг ч гэсэн өнгөлөг, гэгээлэг болгоход Та бүхний минь үүрэг оролцоо их ээ. Гэр бүл, улс орныхоо олон давхар ачааг үүрч эрчүүдтэй мөр зэрэгцэн намынхаа ажил хэргийн өнгө төрхийг бүтээлцэж яваа эмэгтэйчүүд Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Эцэст нь эмэгтэйчүүд Та бүгдийн мэдлэг, чадвар, туршлага, ухаалаг мэргэн санаа, эвийг эрхэмлэсэн уян хатан чанар манай намын, улс орны маань оршин тогтнол, амжилт ололтын эх суурь гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Манай улсын шилдэг эмэгтэй лидерүүд Та бүхний маань өрх гэр бүл, үр хүүхэд, улс орныхоо төлөө чин сэтгэлээр хичээн зүтгэдэг ажил үйлс бүхэн дэлгэрч байхыг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот