Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Нөөцийн махны борлуулалтын байдалд Ерөнхий сайд гэнэтийн шалгалт хийлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.13 /

Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаалж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм.  

Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд ийм хямд махны хэрэгцээ улам нэмэгдэж, дэлгүүрүүдэд худалдан авагчдын урт цуваа үүсэх болсон. Нөгөөтэйгүүр цагаан сарын бууз, баншаа чимхэх гэсэн иргэдийн хэрэгцээнд зориулан нийслэлийн дүүрэг болгонд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа ажиллуулж хонины махыг гулуузаар нь худалдаалж эхэлсэн юм. Энэ нь иргэдийн баярын бэлтгэлээ базаах гэсэн хэрэгцээг хэрхэн хангаж байна, махны олдоц, хүртээмж хэр байна, иргэдийн дунд яагаад бухимдал үүсээд байгаагийн учрыг мэдэхээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хотын захын хэд хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийлээ.

Энэ нь автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний зарим бараа, бүтээгдэхүүнийг үнийн өсөлтөөс сэргийлэх,  хэт өсөлтөөс хамгаалах асуудлыг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаатай ч  мөн холбоотой юм.   

Тэрбээр эхлээд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Алтан жолоо” ХХК-ийн Сансар-32 супермаркетад очлоо.

Тус дэлгүүрээр долоо хоногийн гурван өдөрт мах худалдаалж буй бөгөөд нэг удаад нэг хүнд 2-3 уутыг худалддаг ажээ. Гэсэн ч иргэд үүнээс илүү хэмжээгээр  авах сонирхолтой байгаагаа энэ үеэр  хэлж байлаа. Энэ жилийн нөөцийн махны чанар өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн, үнэ хямд байгаа нь эрэлт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Тус дэлгүүрийн  худалдан авагчид нь голдуу байнгынх байдаг тул худалдагч нар хүмүүсээ мэддэг, тиймээс нэг хүн олон дахин дугаарлаж их хэмжээгээр мах авах боломж бага хэмээгээд жижиглэнгээр худалдаалж буй нөөцийн мах ченжүүд болон гуанз, зоогийн газрын хэрэгцээд очих боломжгүй гэдгийг худалдагч нар тайлбарлаж байлаа. Нөөцийн махыг хэдийд худалдаалж байгаа талаараа иргэдэд нээлтттэй мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд дэлгүүрийн ажилтнуудад зөвлөлөө.

Засгийн газрын тэргүүн С.Батболд дараагаар нь долоон буудалд, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа гадаа талбайд очлоо.  Хонины мах гулуузаар нь авах боломж бүхий энэ газарт ёстой л нэг бужигнаж үймсэн хүмүүс Ерөнхий сайдыг угтлаа.
Танил талдаа мах өгч байна, хангалттай хэмжээгээр авчирч зарахгүй байна, махны ченжүүд бөөнөөр нь авчихаад дамлаж байна, машин ирэхэд тэнд цөөхөн тооны гулууз л байдаг, өглөө ирж дугаар авсан ч одоо болтол мах авч чадаагүй байна гэхчлэн бухимдсан хүмүүс тэнд байлаа. Нөөцийн махтай холбоотой гарч байгаа бухимдлууд ийм өргөтгөсөн худалдаа хийж байгаа газарт  голдуу гарч байгаа юм байна.

Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа ийм хямд өртөгтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт байна. Долоон буудал дахь өргөтгөсөн худалдаанас харж байхад махны хангамж байгаа хэдий ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруухан байгаатай холбоотой гэсэн дүгнэлтийг  Ерөнхий сайд хийлээ. Гадаа дугаарлан зогсож буй өндөр настнууд, эмэгтэйчүүдэд мах худалдаж авах давуу эрх олгохыг тэрбээр үүрэг болголоо. Мөн гулуузаар нь худалдаалж байгаа махыг хорооны Засаг даргын Тамгын газраар дамжуулан дунд болон дундаас доош орлоготой өрхүүдэд хүргэх арга хэмжээ авахыг хот болоод дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо. Хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд иргэдээ  мэддэг таньдаг тул ийм урт дараалал, бухимдал үүсэхгүйгээр айл бүрт тэгш хуваарилалт бий болно гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдтай уулзсан, гадаа урт дараалалд зогсож даарч, бухимдсан ахмадууд ч хэлж байсан юм.

Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2012 оны хавар, зуны улирлын махны нөөцийг дахин нэмж бүрдүүлэх, эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хангамж нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж иргэдийн бухимдлыг  арилгахыг Улаанбаатар хотын удирдлагуудад Ерөнхий сайд анхааруулаад, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулах үүргийг өглөө.
Монгол Улс 44 сая гаруй толгой малтай. Хүнсний хэрэгцээнд жилд 8 сая орчим толгой мал буюу 230-250 мянган тн мах бэлтгэдэг. Бэлтгэж нийлүүлэх махны хэмжээ энэ жил өссөн хэдий ч иргэдийн хэрэгцээг бүрэн хангахгүй байгаа нь экспортонд, ялангуяа урд хөрш рүү нууцаар гаргаж байгаатай холбоотой гэсэн мэдээллийг нягталж, хяналт тавьж ажиллахыг тагнуул, цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын газрынханд үүрэг болгосон гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

Нийслэлд худалдаалж буй махны үнэ ханш  малчны хотхоныхоос даруй гурав дахин өндөр байгаа нь энэ салбарт ченжүүдийн “ноёрхол“ байсаар байгааг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч энэ далд үйлдлийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авах болно гэдгээ хэллээ.      

Энэ үеэр хөндөгдсөн бас нэг асуудал бол махны төрөлжсөн зах ажиллуулах тухай байлаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Эмээлт” зэрэг хотоос зайдуу газар ийм зах ажиллуулах нь зохимжгүй, иймд иргэдэд ойрхон байхаар газрын асуудлыг шийдэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо. Үүний зэрэгцээ нэг удаагийн махны эргэлтийн сангийн хөрөнгийн асуудлыг шийдэж асуудлыг танилцуулахыг салбарын яаманд даалгалаа

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012.02.13
МОНГОЛООС ТОДОРСОН ХУТАГТ, ХУВИЛГААДЫГ ШАДАР САЙД М.ЭНХБОЛД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монголчууд өөдлөн дэвжихийн их бэлгэдэл бүхий шүтээнийг илрүүлжээ
Ч.ХҮРЭЛБААТАР: УИХ-ЫН ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД САР ШИНЭЭС ӨМНӨ АХМАДУУДАД САЯ ТӨГРӨГ ОЛГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Ерөнхий сайд С.Батболд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гурван хүслийг биелүүллээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан