Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Орон сууцны 6 хувийн зээл эзэддээ хүрч эхэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.04.12 /

Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө олон хөтөлбөр хэрэгжүүлж, арга хэмжээ авч байгаагийн дотор томоохон байр суурь эзэлж, өндөр ач холбогдол өгч байгаа нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр бодит ажил болж байгаагийн илэрхийлэл болсон нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн банкинд боллоо. Иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох нээлтийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо цаасан дээр буусан хөтөлбөр маань бодит ажил болж ийн эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иргэд маань тохилог сайхан байртай болно гэдэгт итгэлтэй байна. Жилийн 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн түрүүч болсон 20 өрх зээлийн батламжаа гардах энэхүү арга хэмжээнд зориуд ирж оролцож байна гэдгээ тодотголоо.  

Иргэдийн маань ялангуяа, дундаж ба түүнээс доош орлоготой иргэдийн хувьд цалингаараа орон сууц худалдаж авах боломж өнөөдрийн хувьд харагдахгүй байна. Тиймээс орон сууцны хөтөлбөрөө бодитой болгох, иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж зээлийн ийм нөхцөл бий болгосон гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдьлаа. Тиймээс бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах энэхүү хөтөлбөрийг бодит ажил болгохын тулд санхүү, эрх зүй орчин, газар олголт, нийлүүлэлт гээх бүхий л арга хэмжээг цогцоор нь авч эхэлснээр цаасан дээрх хөтөлбөр бодит ажил болж байгаа гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид байрны үнийн хөөсрөлтийг хазаарлахын төлөө онцгойлон анхаарна гэдгээ ч хэллээ.    

Зээлийн хүү өндөр байвал иргэд хамрагдаж чадахгүй, тиймээс 55 ам метр талбайгаас ихгүй, анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэддээ жилийн 6 хувийн хүүтэй зээлийг өгөхөөр шийдвэрлэсэн нь иргэдийн маань хүсэн хүлээсэн шийдвэр болсон гэдгийг ч хэллээ. Энэ хүрээнд өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг ажил болгож амьдралд хэрэгжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны  200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг ч мөн Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Ингээд 2012 оны 03 дугаар сарын 12-ноос зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд анхны зээлийн шийдвэр гарч эдгээр хүмүүс зээлийн батламжаа гардаж байна гэсэн мэдээллийг ч Ерөнхий сайд С.Батболд өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар нийт 546 иргэн тус хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ОССК-д ирүүлсэн бөгөөд үүний 327 иргэн Төрийн банкаар, 219 иргэн Капитал банкаар зээлийн судалгаа хийлгэхээр сонгосон байна. 

Эдгээр 20 өрхөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зээлийн батламжийг нь гардуулахдаа “Та бүхний адил мянга мянга иргэд маань тохилог сайхан орон сууцанд тав тухтай амьдрах боломж нээгдэж байгаад талархаж байна гэлээ. Мөн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг хариуцлагатай, орлоготой, ажилтай байхыг хүслээ. Барилгын үнэ ханшийг хөөсрүүлэхгүй, бодитой, шударга байлгахын төлөө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан анхаарч ажиллахыг үүрэг болгоод ийн эхлүүлсэн ажлаа улам сайжруулахын төлөө Засгийн газар ажиллах болно гэж Засгийн газрын тэргүүн хэлж байлаа.

Энэхүү арга хэмжээг сурвалжилсан сэтгүүлчийн зүгээс орон сууцны хөтөлбөрийг зарим улстөрч сонгуулийн шоу хэмээн тайлбарлаж байна. Та энэ асуултад хариулт өгнө үү гэсэн юм. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Сонгууль болдгоороо болно. Байшин барилга баригддагаараа баригдана. Хавар бол барилгын ажлын гол сезон. Одоо л хийж эхлэх ёстой. Сонгууль боллоо, дөхлөө гээд ажил хийхгүй гэдийж ард иргэдийнхээ амьдралыг хүртэл улстөржүүлээд байж болохгүй. Засгийн газар ажлаа хийнэ. Засгийн газрын үйл ажиллагаа зөвхөн барилгын салбарт биш, бүх салбарт өмнөө тавьсан зорилтот хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө өдөр хоног алгасахгүй, тасралтгүй ажиллах болно” гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй
1м2 талбайн үнэ өсч байгаад дүгнэлт хийж хариуцлагатай хандахыг уриаллаа
Орхон аймгийн Засаг даргыг батламжиллаа
Орон сууцны тухай мэдээллийг иргэд бодитоор хүлээн авна
АРД ИРГЭДИЙГ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН” ХУВЬЦААГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан