Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Хоршоодод мөнгөө өгөөд алдсан иргэдийн хохирлыг барагдуулах боломжийн талаар энэ үеэр ярилцсан байна. Ерөнхий сайд хэлэхдээ “Өмнө нь нийт хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр барагдуулсан. Үлдэх 50 хувийг мөн ийм хэлбэрээр шийдэх гарц харагдаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжилсан. Хэдийгээр амаргүй ч гэсэн асуудлыг шийдэхийн төлөө байна” гэв.
Битүүмжилсэн хөрөнгө үнэгүйдсэн, тухайн үед ажилдаа хайхрамжгүй хандсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдана гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Хоршоодын хөрөнгийг битүүмжилсэн, иргэд хохирлоо барагдуулах боломж муу, бага хэмжээний хохиролтой иргэдийн амьдрал доройтсон, олон хүний эрүүл мэнд тааруу байгаа тухай уулзалтын үеэр хөндөгдлөө. Нийт 8300 хохирогчтой, хэдэн тэрбум төгрөгөөр яригдах энэ асуудлыг Засгийн газрын тэргүүн анхааралдаа авч, шийдвэрлэхийн төлөө байгаад Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.
Өмнө нь төрөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 36 тэрбум төгрөгийг хохирогчдод олгосон бөгөөд өнөөгийн байдлаар 21 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хохирогчдын ихэнх нь буюу 58 орчим хувь нь 5 сая хүртэл төгрөгийн хохирол хүлээсэн гэсэн судалгаа гарчээ.