Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжихэд Засгийн газар онцгой анхаарч байгаа. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалдаг бөгөөд санаачлигыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг тасралтгүй, тогтвортой ажилладаг. Энэхүү зөвлөл нь Засгийн газар, компани, төрийн бус байгууллагын гэсэн гурван талын хамтын ажиллагааг хангасан төдийгүй хамтарч үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй явуулж болдгийг харуулсан засаглалын нэг хэлбэр юм.
Уул уурхайн орлого хэдээр нэмэгдэж, тэр орлого хаашаа орж, юунд зарцуулагдаж байгаа, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг асуудлыг олон талаас нь үндэс судалгаатай гаргаж тавих, байгалийн нөөцийг үнэлэх, нэг үгээр хэлбэл, уул уурайн салбарын үйл ажиллагааг нийгэмд нээлттэй ил тод болгох нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилга хэмээх байгууллагын гол зорилго юм. Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжих Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд С.Батболд хурлыг нээж хэлэхдээ :
- Манай Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд тус санаачилгын олон улсын баталгаажуулалтад орж, санаачилгыг хэрэгжүүлэх “нэр дэвшигч” орон байснаа 2010 онд “хэрэгжүүлэгч” дэлхийн 4 дэх орон болсон гэдгийг тэмдэглээд Үндэсний зөвлөл 3 удаагийн тайлан гаргасан бөгөөд энэ удаагийн хурлаараа 5 дахь тайлангаа хэлэлцэж байна гэлээ. Тайлан гаргаж байгаа болон тайланд хамрагдаж байгаа компанийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2006 оны нэгдсэн тайланд 25 компани хамрагдаж байсан бол энэ удаагийнханд 101 компани орсон. Мөн тайлангаар илэрч байгаа зөрүү жилээс жилд багасч байна. Энэ бол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Монголд Улсад хэрэгжүүлж байгаагийн бодит үр дүн, сайн үзүүлэлт юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа.
Үндэсний зөвлөлийн гишүүдийнхээ санал, зөвлөмжийг сонссоны дараагаар Засгийн газрын тэргүүн С.Батболд дараах зүйлүүдийг даалгавар болгож анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Ингэхдээ төрийн байгууллагууд ой, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхдээ хувийн компаниудаас хандив авахыг зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлоод энэ талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Харин цэцэрлэг, сургууль, соёлын төв зэрэг нийгмийн салбарт өгсөн хандивыг иргэдэд ил тод зарлаж мэдээлж байх шаардлагатай гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Мөн уул уурхайн салбарт лицензийн наймаа хэмээн газар авдаг, хайгуулын ажлыг зохих ёсоор гүйцэтгэлгүйгээр зөвхөн лиценз нэрээр наймаа хийдэг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хатуу анхаарууллаа. Үүний тулд өнөөдөр сул чөлөөтэй лицензгүй, орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа бүх газрыг Засгийн газрын нөөцөд авч, цаашид гагцхүү УИХ-ын шийдвэрээр Үндсэн чиглэлийн дагуу нөөцөөс гаргаж байх арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ч тэрбээр тэмдэглэлээ.
Засгийн газрын тэргүүн энэхүү хуралдааны үеэр Ашигт малтмалын газрын шинэ дарга Г.Алтансүхэд тусгайлан үүрэг өглөө. Ашигт малтмалын газарт бүтцийн өөрчлөлт хийж, ёс зүйтэй, хууль эрхзүйн хүрээнд ажиллах чадвартай хүмүүсийг ажиллуулахыг даалгалаа. Ашигт малтмалын газар авилгалд өртөмтгий, элдэв хэл аманд байнга орооцолдож байдаг. Үүнийг цэвэрлэх арга бол ёс зүйтэй, хуулийн мэдлэгтэй хүмүүсийг сонгон ажиллуулах юм гэдгийг анхаарууллаа.
Гол усны эх бүрэлдэх газар, ой модны сав газар ашигт малтмал олборлохыг хориглох хуулийн хэрэгжилт удаашралтай байгаа. Ирэх долоо хоногт асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулж эхний 240 гаруй лицензийг цуцлах шаардлагатай гэдгийг ч мөн Засгийн газрын тэргүүн сануулаад энэ ажил дэндүү удаашралтай явж байгаад шүүжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн юм. Мөн стратегийн ач холбогдолтой орд газруудын нэмэлт жагсаалтыг УИХ-д оруулахгүй удаж байна гэсэн шүүмжлэл байна. Энэ бол зүй ёсны шүүмжлэл. Иймд ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлж өргөн барихыг үүрэг болголоо.
Байгаль орчны асуудлаа нэгдүгээрт тавья, үүнд зохицсон төрийн бодлого, технологийн бодлого, эдийн засгийн шийдлүүдийг дэмждэг байхыг Засгийн газрын тэргүүн хэлээд ногоон хөгжил, ногоон хувьсгал, ногоон эдийн засаг гэж их ярьж байна. Үүнийг “моодны яриад” болноод өнгөрөх төдий биш бодит ажил болгохын тулд бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэгт бодитой санал санаачилга, ажлыг санал болгохыг Үндэсний зөвлөлийн гишүүддээ зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.