ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Дорнод аймагт гарсан гал түймрийг унтрааж байсан аврагчид харамсалтайгаар амь насаа алдсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эмгэнэл илэрхийллээ. Ерөнхий сайд эмгэнэлдээ “Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтрааж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван гал сөнөөгч амиа алдаж, зарим аврагч түлэгдэн, эрүүл мэндээрээ хохирлоо.
Аврагчдын гэр бүл, ах дүү, найз нөхөд, онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байна. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эд хөрөнгө, газар нутгаа алтан амиараа авран хамгаалсан зоригт хөвгүүдээрээ эх орон, ард түмэн нь үргэлж бахархан дурсаж байх болно” гэлээ.
АМЬ НАСАА АЛДСАН БОЛОН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙГАА АВРАГЧДЫН АР ГЭРТ МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОНО
Дорнод аймгийн Баяндун сумын “Шивэртийн-Ам” хэмээх газар 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлгийн дарга, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар амь үрэгдэн, ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нар түлэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүд өнөөдрийн хуралдааны үеэр гүн эмгэнэл илэрхийллээ. Нөхцөл байдлын талаар Шадар сайд М.Энхболд хуралдаанд танилцуулсан байна.
Түймэр унтрааж байх үед салхины чиглэл өөрчлөгдсөнөөс болж 28-38 насны гурван аврагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Аймгаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шадар сайд М.Энхболд амь үрэгдсэн албан хаагчдыг оршуулах комисс байгуулж, нөхцөл байдлыг шалгаж тодруулах үүрэг өгсөн байна. Мөн түлэгдсэн 2 аврагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Намсрай тэргүүтэй ажилтан, эмч, сувилагч нараас бүрдсэн багийг нисдэг тэргээр Дорнод аймаг руу өчигдөр 18 цагт явуулжээ. Өнөөдөр өглөө 07 цаг гэхэд түлэгдсэн аврагчдыг Түлэнхийн төвд авчран эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна. Мөн онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд гашуудал зарлажээ.
Мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг өглөө. Үүссэн нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт хийх, цаашид ийм явдал гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай тухай санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд М.Энхболдод даалгав. Амь насаа алдсан болон түлэгдэж биеийн байдал нь хүнд байгаа аврагчдын ар гэр, эмчилгээний зардалд зориулж Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар боллоо. Шадар сайд маргааш Дорнод аймагт ажиллан амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрт Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламжийг хүлээлгэж өгөн, аймгийн Онцгой байдлын бие бүрэлдэхүүнтэй уулзах болсон байна. Шадар сайд М.Энхболд Засгийн газрын хуралдааны дараа Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа аврагчдаа эргэж, эмч нартай нь уулзжээ.
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ КОНЦЕССЫН ЭРХ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна. Төмөр замын суурь бүтэц барих концесст төрийн оролцоо, хяналтыг хангах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг оролцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.
Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлэхдээ Оросын талтай дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлт үзүүлж, боломжийн өрсөлдөх чадвартай байх тохиролцоог ажил хэрэг болгох нь зүйтэй гэдгийг санууллаа.
ЭНЭ ХАВАР 330 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙНЭ
Энэ хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа тухай сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм. Энэ жил 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахыг зорьж байна.
Энэ жил тариалалтад дутагдах үрийг 40 хувийн, эхний ээлжийн тариалалтад шаардагдах шатахууныг мөн 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаад тариаланчид ам сайтай байна. Техник, хэрэгслийн засвар 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үр тарианы комбайн, төмсний иж бүрдэл техник, будаа хадгалах элеватор зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, БНХАУ-ын зээлээр өндөр хүчин чадалтай 80 гаруй трактор, комбайн, бага оврын 8400 гаруй тракторын иж бүрдлийг нийлүүлж байна.
Өнгөрсөн жил манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан юм. Мөн хуралдаанд сайд Т.Бадамжунай “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар танилцууллаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг салбарын сайд тэмдэглэсэн байна. Танилцуулгаас үзвэл өнгөрсөн жил улсын хэмжээнд 13 сая төл хүлээн авч бойжуулснаар малын тоо 36 сая хол давсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй амжилт юм. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 74 ажил хийхээр төлөвлөснөөс дунджаар 96.6 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 46 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна.
ЗАРИМ НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХЫГ ДЭМЖЛЭЭ
Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумын зарим хэсгийг Хан Хэнтийн нурууны дархан цаазат газар болгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Заг Байдраг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай сав газар, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Өндөрхаан уул, тэдгээрийн орчмын газар нутаг, Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын зарим хэсгийг Их газрын чулууны байгалийн нөөц газрыг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулахыг дэмжлээ.
Түүнчлэн байгалийн нөөц газрын ангилалд Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумын нутгийг дамнан орших Хар Азаргын нуруу, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хүрээмандал уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумын нутгийг дамнан орших Баянцагааны тал, Хэнтий аймгийн Дархан уул, Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уул, Увс аймгийн Хяргас сумын Булганхангай уулыг оруулахыг зөвшөөрсөн байна. Харин Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөт Цахир уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дархан хаан уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангал нуур, Батширээт сумын Биндэрьяа хан уул, тэдгээрийн ойр орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газарт хамруулан улсын тусгай хамгаалалтад авахаар Засгийн газар санал болголоо.
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРСААР БАЙНА
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн шатахууны нөөцтэй байгаа тухай “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Зөвлөл”-ийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцууллаа. Танилцуулгаас үзвэл А-80 автобензин, АИ-92 автобензин 39, дизелийн түлш 24 хоногийн нөөцтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Шатахууны үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 105-280 төгрөгөөр, дизелийн түлшний үнэ 04 дүгээр сарын сүүлийн 7 хоногт 80 төгрөгөөр буураад байна. Улсын нөөцөд хоёрдугаар сард 2522 тонн автобензин худалдан авч нөөцөлсөн. Мөн төсвийн хөрөнгөөр 10196 тонн дизелийн түлшийг энэ сард багтаан авахаар гэрээ хийж байна. Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглээд байгаа юм.
ТОВЧ МЭДЭЭ
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Энэ удаагийн айлчлал манай хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтооход чухал түлхэц үзүүллээ гэж Засгийн газар үзсэн байна.
- Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 04 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болжээ. Энэ айлчлал хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар ярилцан тохирч, уламжлалт найрсаг харилцааг ахиулсан чухал ач холбогдолтой боллоо гэж Засгийн газар дүгнэж байна.
- Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцээд сайд нарын гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
- Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаархи, танилцуулга, зөвлөмжийн төслийг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлахаар тогтлоо. 4 тэргүүлэх чиглэл, 13 зорилтын хүрээнд 87 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн оны эцсийн байдлаар хэрэгжилт 64.8 хувьтай байна. Үндэсний хөтөлбөр нь иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоотойгоор иргэдийг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах, эрүүл аж төрөх нөхцөл бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнс бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхи бий болгох зорилготой юм.
- Засгийн газар оны эхний улиралд иргэдээс 396 санал, өргөдөл, гомдол хүлээн авсны 290-ийг нь шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлж, 79-ийг нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэдийн дийлэнх олонхи нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралтай холбоотой асуудлаар Засгийн газартаа ханджээ. Тайлант хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналын 88 хувьд нь хариу өгсөн байна.
- Овоот толгойн ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалтай танилцлаа.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахаар тогтлоо. Төвийн барилга байгууламж,орон тоо, багшлах боловсон хүчин, сургалтын орчинг сайжруулахад шаардлагатай хөрөнгө зэргийг шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болгожээ.