ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа АИ-92 автобензины тонн тутамд 200 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгов. Мөн нэг тонн дизелийн түлшинд 135 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20 000 төгрөг, А-80 автобензинд 210 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар шийдвэрлэлээ. Дээрх үнийг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс мөрдөнө.
Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. 2010 оны 11 дүгээр сард АИ-92 автобензины импортын үнэ тонн тутамдаа 41 мянга, дизелийн түлш 184 мянга, А-80 автобензин 81 мянган төгрөгөөр тус тус өссөн учир онцгой албан татварыг бууруулах шаардлагатай болжээ.
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ЭНЭ САРЫН 15 ГЭХЭД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАНА
Түлш, эрчим хүчний зарим үйлдвэр, компаний өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргалаа.
Энэ дагуу :
• Үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүрээнд хийж байгаа ажлуудыг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгах
• 2010 оны улсын төсөвт Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 250 сая төгрөгөөс “Дулаан Шарын гол” ХК-ний 2010 оны 10-12 дугаар сарын үйл ажиллагааны зардалд 188 сая төгрөг, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумын цахилгаан эрчим хүчний хангамжид 2010 оны 5 дугаар сар хүртэл БНХАУ-аас импортолсон цахилгааны үнийн зөрүүд шаардагдах 62 сая төгрөгийг салбарын сайдын багцад зохицуулалт хийх замаар
• Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор 2010 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 318 сая төгрөгөөс аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дутагдаж байгаа дизелийн түлш худалдан авах
• Нүүрс ачилтыг нэмэгдүүлэн нүүрс тээвэрлэх вагоны хангамжийг сайжруулж, 2010 оны 11 дүгээр сарын 20-ны дотор дулааны цахилгаан станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ 61 ХУВЬТАЙ БАЙНА
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын тогтоолоор Макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн, Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах, Гадаад бодлого, батлан хамгаалах, Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого гэсэн 6 бүлэг, 35 зорилт, 474 арга хэмжээтэйгээр баталсан.
Дээрх арга хэмжээний хэрэгжилтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынwww.cabinet.gov.mn веб сайтаас авч болно.
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ӨМНӨХӨӨС ӨСЧЭЭ
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2010 оны 3 дугаар улирлын дүнтэй танилцав. 4047 шийдвэрийн 6207 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласнаас 1739 заалт буюу 28 хувь нь биелж, 4361 заалт буюу 70.3 хувь нь хэрэгжих шатанд, биелэлтийг тооцох хугацаа болоогүй 99, тасарсан арга хэмжээ 8 байна. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 74.3 хувийн биелэлттэй байгаа нь өмнөх улирлаас 1.7 пунктээр өссөн гэсэн үг юм.
Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 229 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авлаа. Эдгээрээс 56 заалт буюу 24.4 хувь нь биелж, 163 заалт буюу 71.1 хувь нь хэрэгжих шатанд, 10 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 2 арга хэмжээний хэрэгжилт удаашралтай байна.
ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙСЭН ДИПЛОМАТ АЖИЛТАН АЖИЛГҮЙ БОЛНО
Гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд улс орон, байгууллага, хамт олныхоо нэр хүндэд харш үйлдэл, эс үйлдэл санаатай гаргаж, хил дамнасан хууль бус худалдаа наймаа хийх, дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин, дипломат элчийн зар, шуудан, ачааны хэвлэмэл хуудсыг ашиглан ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг зөрчил гаргах нь цөөнгүй байна.
Иймд дипломат ажилтны сахилгыг өндөржүүлэх үүднээс дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд дипломат албанаас шууд халахаар шинэчилсэн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-д тусгалаа. Дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд дээрх төрлийн зөрчил гаргавал тэднийг томилсон эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна.
Дипломат албанд ажиллагчид нь “гэр бүлийн гишүүд”-ийнхээ гаргасан үйлдэл, эс үйлдэлд Үндсэн хуульд заасны дагуу шууд хариуцлага хүлээхгүйг харгалзан үзсэн байна. Энэ дагуу тэднийг ёс зүйн болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын хил гаалийн дүрэм, журам зөрчихгүй, дипломат дархан эрх, ямба, дипломат болон албан паспортыг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байх үүрэг хүлээлгэжээ.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч, Ерөнхий консул нь сахилгын дүрэмд заасан зөрчил гаргасан тохиолдолд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг мэдээллийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шалгаж, зөрчил хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл саналаа тухайн хүнийг томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, зохицуулж байх боллоо.
Сахилгын дүрмийг шинэчлэн баталснаар дипломат албанд албан тушаал эрхлэх шаардлага өндөрсөж, цаашид албаны удирдлага, зохион байгуулалт, дипломат ажилтны ажлын хариуцлага сайжирна гэж Засгийн газар үзлээ. Дипломат ажилтан нь төрийн тусгай албан тушаалд хамаардаг бөгөөд ажлын онцлог, шинж чанараас шалтгаалан Монгол Улсын болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид заасан хэм хэмжээг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүйн өндөр хариуцлага, сахилга бат, дэг журмыг сахих ёстой юм.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН ДҮРЭМТЭЙ БОЛОВ
Төрийн захиргааны алба нь шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх гэсэн үндсэн 5 зарчмыг эрхэмлэн дээдлэнэ. Дээрх зарчмуудын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн үүрэг гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс болон дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг дүрмэнд тусгасан байна.
Тухайлбал:
• Төрийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх
• Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ алагчлалгүй хандаж, үйлчлүүлэгчдийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
• Хамт ажиллагсад болон бусад төрийн албан хаагчидтай ажил хэрэгч, эвсэг хамтран ажиллах чадвартай байх
• Төрийн байгууллагын эд хөрөнгөд ариг гамтай хандах
• Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх үүрэг хүлээж байна.
Түүнчлэн хөрөнгө орлогоо мэдүүлэх, төр, байгууллагын болон хувийн нууцыг хамгаалах, улс төрийн хувьд төвийг сахих ёстой.
Төрийн захиргааны албан хаагчаас ёс зүйн аливаа зөрчил болон зөрчил гарч болзошгүй тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, мэдээллийн нууц, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн байх, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхэд олон нийтийн болон дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгах, дүгнэлт гаргах зэргийг тусгай журмаар зохицуулах юм.
ТОВЧХОН
• Улсын Их Хурлаас татаж авсан 2011 оны төсвийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
• “Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал өгөв. Засгийн газраас 5 зүйл бүхий, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогын чиглэл, зарлигийг хэрэгжүүлэх арга зам, хугацаа, энэ асуудлаар нийтэд хандсан уриалга гаргахыг санал болголоо.
• Уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Жагсаалтад цэвэр зэс, цайр, мөнгө, хар тугалга болон баяжуулсан нүүрс, нүүрснээс гаргаж авсан кокс, хагас кокс зэрэг 17 бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Гэхдээ шинээр үйлдвэрлэгдсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг жагсаалтад оруулах асуудлыг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж байхыг холбогдох сайд нарт даалгав. Экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд НӨАТ-ын /”0”/ хувь хэмжээ хэрэглэх, бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтоохоор хуулинд заасан байдаг юм.
• НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгчийн газрын урсгал зардлыг улсын төсөвт тусгахаар болов. Тус байгууллагатай явуулах олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэн, үр дүнд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
• “Урьдчилсан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын техник, технологийн болон иж бүрэн шинэчлэлийн 1 дүгээр үе шатны ажилд шаардагдах 1 тэрбум 740 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргад төсвийн зээл хэлбэрээр олгохоор тогтлоо. Арьс ширний урьдчилан цэвэрлэх байгууламж “Харгиа” ХК-ийн барилга, байгууламжийг Нийслэлийн өмчид шилжүүлэн авч, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулан эхний цэвэрлэгээ, ашиглалтын ажлыг нь эхлүүлээд байгаа юм.