Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.10 /
Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж
байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, 
Тооллогын улсын комиссын дарга С.Батболд 
ард түмэндээ хандаж үг хэллээ

Монголын нийт ард иргэд ээ, 
Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ. Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.

Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна.  Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна.  Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.

Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.

Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм,  эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ. 

Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа. Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна. Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.

Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.

Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй. Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.

Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе. Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Мэдээний бүлэг: Хэлсэн үг , Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийг хүлээн авч уулзлаа
ЯПОН УЛСААС ТУСЛАМЖ ХҮСЛЭЭ
Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа.
“Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо
НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан