Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд С.Батболд “Автобус-1” компанийнхантай энэ өдрийн өглөөг угтлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.06.15 /

Сая гаруй хүнтэй нийслэлчүүдээ ажил албанд нь явгалалгүй залгуулж, хамгийн эрт ажилдаа гарч, хамгийн орой ажлаасаа буудаг ажилчид бол автобусны жолооч болон кондукторууд байдаг. Тэдний төлөөлөл буюу “Автобус-1” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын хамт олонтой нэгэн өглөөг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  хамт өнгөрүүлж, тэдний санал бодлыг сонсч, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон ажлуудын талаар яриа өрнүүллээ.  

Өглөө ажилдаа гарахаас өмнө буюу 5 цаг 50 минутад  энэ уулзалт болсон бөгөөд ажилдаа  цугларсан олон ажилчид компанийхаа үүдэнд Засгийн газрын тэргүүнээ угтан авсан юм. Материаллаг баазын хангалт муутай, парк шинэчлэл хийгдээгүй, хуримтлагдсан өр төлбөртэй гэх мэтээр зовлон тоочдог байсан автобус компаниуд нэг үеэ бодоход хөл дээрээ зогсч, ажил нь жигдэрчээ. Ялангуяа сүүлийн 4 жилд Нийслэлийн нийтийн тээврийн салбарт 46.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үүний 31.0 тэрбум төгрөгөөр 2009 онд 400 шинэ автобус худалдан авснаар  парк  100 хувь шинэчлэгдсэн нь  хамгийн том амжилт юм хэмээн Ерөнхий сайд тэдэнтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэлээ.

Үүнийг хийж чадсандаа нийслэлийн иргэний хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч баяртай байгаа сэтгэгдлээ тэдэнтэй хуваалцсан юм. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахад 1.0 тэрбум гаруй төгрөг, үйл ажиллагааны алдагдал, үнэ тарифын зөрүүд 9.1 тэрбум төгрөг, шатахууны үнийн зөрүүд 395 сая төгрөгийг тус тус энэ Засгийн газрын үед шийдсэнийг ч дуулгалаа. Үүний үр дүнд нийтийн тээврийн үйлчилгээний цар хүрээ, хүртээмж улам нэмэгдэж, чиглэлийн тоо 18 хувь, автобусны тоо 30 хувь, чиглэлийн урт 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлтүүд гарсан байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ авто замын хөгжлөөс шууд хамаардаг. Энэ асуудалд Засгийн газраас онцгой анхаарсны үр дүнд авто замын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. Тухайлбал 2008 оноос хойш 42.5 км авто замыг шинээр барьж, 67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж, нийт 110.4 км авто замын барилгын ажил хийгдэж, энэ ажлууд нийслэлчүүдийн нүдэн дээр тэдний хяналтад дор явагдсан гэдгийг Ерөнхий сайд тэдэнтэй уулзах үеэрээ тэмдэглээд, гэхдээ бүх асуудал бүрэн цэгцэрчихээгүй гэдгийг ч дурьдлаа. Тийм учраас Монгол улсын Засгийн газар, Монгол Ардын Нам нийслэлчүүдийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шийдэх асуудлыг цаашид цогцоор нь, асуудлыг том юм уу хүнд гэж бэрхшээлгүй барьж шийдэхийн төлөө байна гэдгээ онцоллоо.

Үүнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро, тусгай замын автобусны үйлчилгээ, мэдээлэл технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байгааг хэлээд, ажлын гараагаа өглөө бүр эрч хүчтэйгээр эхэлдэг тэдний нэг өглөөг хараад тун баяртай байгаагаа  илэрхийллээ. Мөн тэдний алтан шар зам өлзийтэй  байхын ерөөлийг дэвшүүллээ. Улаанбаатар хотын хүн ам 1.2 саяд хүрч, нийт иргэдийн 60 гаруй хувь нь өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, өдөрт давхардсан тоогоор 600 мянган зорчигч тээвэрлэж байгаагаас харахад тээврийн байгууллагуудын үүрэг хариуцлага улам нэмэгдэж байгааг ч тэдэнд сануулж байсан юм.

58 жилийн түүхтэй тус “Автобус-1”  үйлдвэрийн газар нь 600 гаруй ажилчидтай, өдөрт нийслэлийн 11 чиглэлд 88-100 автобус үйлчилгээнд гарч, 60 гаруй мянган хүнд үйлчилдэг томоохон газар аж. Засгийн газраас тус паркийн хөдлөх бүрэлдэхүүнийг 100 хувь шинэчилж өгсөнд талархаж үүнд ихэд урамшиж байгаагаа “ Шар хад-1” бригадын жолооч Б.Дамдинсүрэн нөхдөө төлөөлж илэрхийлсэн бол, нийтийн тээврийн стандартыг хангаж ажиллаж 2011 онд Нийслэлийн нийтийн тээврийн тэргүүний байгууллагаар шалгарсан амжилтаа  тус байгууллагын орлогч дарга Б.Даваасүрэн илтгэж байв.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн тус үйлдвэрийн газрын засвар үйлчилгээний станцаар орж ажил байдлыг нь шалгахын зэрэгцээ энэ өдрийн өглөөний шугамын гаралттай ч танилцаж амжлаа. Парк шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийх, автобусны үнийн эргэн төлөлтийн асуудлыг чөлөөлж өгөх, 100 мянган айлын орон сууцны хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрт хамруулж өгөхийг “Автобус-1” компанийнхан Ерөнхий сайдаас хүсч байсан. Нийслэлчүүдийнхээ төлөө цаг нартай уралдан ажилладаг тэдний нийгмийн асуудал цаг ямагт Засгийн газрын анхаарлын төвд байдаг төдийгүй ялангуяа тэдний орон сууцны асуудлыг онцгойлон анхаарах болно гэдгийг дуулгасан нь сайхан мэдээ байв.

Энэ өдрийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, “Автобус-1 ОНӨҮГ-ын ТУЗ-ын дарга Б.Баатарзориг нар оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг энд хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн салбар хөгжил дэвшилд хүрсэн гэдгийг онцлоод  ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын ажил чухал хэмээлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЭНЭ ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 484 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ
“Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийн ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо
С.Батболдын Засгийн газар боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
Гэр бүлийн хөгжилд саад болж буй асуудлыг цогцоор нь авч хэлэлцэж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан